| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0053/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 55
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б өд холбогдох 163/2020/0053/Э индекстэй, эрүүгийн 2015000420023 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, мэргэжилгүй, ам бүл 4, У ХХК-д операторч ажилтай, ял шийтгэлгүй, Х овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын амралтын баазад компаныхаа ойн арга хэмжээг тэмдэглэж амарч байх үедээ хохирогч Л.Э тай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000420023 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.Э ын өгсөн: “...Манай компаний 15 жилийн ой 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тохиож байгаатай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай компанийн нийт 50 гаран ажилчид “Сэлэнгэ” нэртэй амралтын баазад компаныхаа 15 жилийн ойг тэмдэглэхээр очсон. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд болж өнгөрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр буухиа тэмцээн болсон орой нь бүгд хоол унд идээд, архи дарс ууж эхэлсэн. Орой 23 цагийн үед би бие засах гээд ариун цэврийн өрөө орохоор явсан, ариун цэврийн өрөөнд ортол Б , Өлзийбат хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Би Б ийг муу новш минь чи дандаа хэл ам татаж, зодоон нүдээн хийж байхын гэж хэлсэн чинь Б танд ямар хамаатай юм та яах гэж Өлзийбатыг өмөөрч байдаг юм гэж хэлэхээр нь би чи яах гэж дандаа Өлзийбаттай муудалцаж байдаг юм гээд ширээн дээр байсан тавагтай жимснээс нэг алим аваад Б рүү шидсэн. Тэгтэл Б сууж байсан орноосоо босож ирээд над руу ирээд Б бид хоёр барьцалдаж аваад зодоон болсон. Нэг мэдсэн би өрөөний шалан дээр хэвтэж байсан. Б миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл гаднаас манай компаний жолооч О орж ирээд Б бид хоёрыг салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.И ийн өгсөн: “...хүлээн авалт дуусаад заалнаас хүмүүс гарцгаасан, би хүмүүсээ заалнаас бүрэн гаргаад заалаа цоожилж байхад танихгүй 1 эмэгтэй 40 орчим насны хүн ирээд эмч дуудаад өгөөч гэсэн..., уг эмэгтэй өрөөнд хүн зодуулчихлаа гэсэн..., зодуулсан гэх хүн дээр очиход уг хүн 19 нойморын өрөөнд байж байсан..., 50 гаран насны эрэгтэй хүний баруун чихнээс цус гарсан, баруун бил үү зүүн нүд бил үү хөхөрч хавдсан байдалтай байж байсан. Зодсон гэх хүн нь зугтаагаад гараад явсан гэж байсан. Би эмч дуудаад зодуулсан хүнийг үзүүлж анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч С.С гийн өгсөн: “...манай байгууллагын нэг ажилтан хүнд зодуулчихлаа та хүрч ирээд үзээд өгөөч гэж эмэгтэй хүн ярихаар нь би ... өрөөнд ортол баруун талын орон дээр нүүр хэсэг нь цус болсон байдалтай 50 гаран насны эрэгтэй хүн сууж байсан. Очоод амин үзүүлэлтийг нь үзэхэд өндөр байсан, баруун нүд хөхөрч хавдсан нүд нээгдэхгүй, баруун талын чих орчим эмзэглэлтэй чихнээс цус гарсан, духны орой хэсэгт 3 см орчим зүсэгдсэн шархнаас цус гарч байсан. Би духны орой хэсэгт үүссэн шархыг боолт хийж өвчин намдаах 75 мл “Наклофен” тариаг булчинд тарьж дараагийн яаралтай арга хэмжээг авахуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Б мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан талаар ойлгож мэдлээ. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Манай байгууллагын хамт олон Булган аймгийн Сэлэнгэ суманд байдаг амралтын баазад амарч ойн арга хэмжээг 2020 оны 01 сарын 25-ны орой 20-21-н цагаас 26-ны өдрийн 01 цаг хүртэл тэмдэглэж архи уусан. 2020 оны 01 сарын 25-26-нд шилжих шөнө 00 цаг өнгөрсөн байхад Э ах миний амарч байсан өрөөнд орж ирээд дахиад маргалдаад алим шидэхээр нь би Э ахын нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Энэ бол миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 157 тоот дүгнэлтэнд: 1. Л.Э ын биед хоёр нүдний зовхи, баруун шанаа, баруун нүдний салст, баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хоёр нүдний зовхи, баруун шанаа, баруун нүдний салст, баруун чихний дэлбээнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чихний дэлбээнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинэ гэмтлүүд байна... гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 34-36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын амралтын баазад компаныхаа ойн арга хэмжээг тэмдэглэж амарч байх үедээ хохирогч Л.Э тай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Л.Э, гэрч Д.И, С.С нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Л.Э ын биед биед хоёр нүдний зовхи, баруун шанаа, баруун нүдний салст, баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 157 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Л.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б.Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН