| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0605/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 605
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч С.Мөнхтулга,
Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...т холбогдох 1808019520671 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “...” ХХК-ийн Улсын их дэлгүүр дэх “...”-ын гэрээт салбарт борлуулалт, үйлчилгээний ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.... нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын ... дугаар байрны гадна талын автомашин ил зогсоол дээр байрлуулсан иргэн Э....гийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины урд талын 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 22 цаг 30 минутын орчим манай эхнэр Н.... ажлаа тараад гэртээ ирээд ... дугаар байрны гадна талын ил зогсоол дээр миний эзэмшлийн
...улсын дугаартай “Тоёота-приус-30” маркийн автомашинаа байрлуулж тавиад орхисон байсан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр ажилдаа явах гээд гараад машинд хулгай орсон байна гэж хэлсэн. Би гарч ирээд харахад автомашины жолооч талын урд жижиг гурвалжин шилийг хагалсан машины их гэрлүүд алга болсон байсан. ... Автомашинд учирсан эвдрэл гэмтлийн хагарсан шил, алдагдсан гэрэл, урд гуферын 2 ширхэг зам гэрлийг авахад учирсан байсан. Бусад эвдрэл гэмтэл тухайн үед миний машинд хуучин үүссэн эвдрэлүүд байсан. ...би хохирлоо бүрэн барагдуулж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
2.Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө таксинд явж байгаад Орчлон хороолол дээр хүн буулгасан. Тэгээд уг байрны зогсоолруу ороход харанхуй нам жим байхаар нь автомашинаа байрлуулж тавиад явж байхад усан цэнхэр өнгийн приус-30 маркийн автомашин байрны буланд зогсож байсан. Тэгээд цонхоор нь шагайж хараад эд зүйлс байж магадгүй гээд газраас чулуу аваад баруун талын жижиг цонхыг нь хагалаад гараа оруулж байгаад хаалгыг нь онгойлгосон. Тэгээд дотор нь ямар нэгэн эд зүйл буюу хулгайлж авах зүйл байхгүй болохоор нь гэрэл нь үнэд хүрэх байх гэж бодоод копудыг нь сөхөөд хойд багаажинд байсан түлхүүр багаажнаас 12-ын хэмжээтэй түлхүүр аваад 2 гэрлийг нь тайлж байгаад татаад авсан. ... гэм буруу дээр маргахгүй, хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ их харамсаж байна, хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 58-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,
3.Гэрч Б....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1996 оны 01 сарын 26-нд миний том хүү болж мэндэлсэн. ...-р дунд сургуулийн 8-р анги төгсөөд Барилгын техникийн коллежийг хүнд машин механизмын засварчин мэргэжилээр 2015 онд төгссөн. Одоо ... ХХК-нд үйлчилгээний ажилтан хийж байгаа. Одоо өөрийн хүү 4 настай ...ын хамт бид нартай амьдардаг юм. Хүү маань их төлөв даруу хүүхэд юм, сая найзаа буруу олж найзлаад их итгэмтгий болохоор тэр зангаасаа болоод хэрэгт холбогдсон байна. Их нийтэч, бусдад амархан итгэдэг, сургууль болон найзуудынхаа дунд их нэр хүндтэй байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,
4.Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 42 х/
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64 х/
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 66 х/
8.Ажлын газрын тодорхойлолт /хх 67 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.... нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын ... дугаар байрны гадна талын автомашин ил зогсоол дээр байрлуулсан иргэн Э....гийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины урд талын 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э....гийн “...Автомашинд учирсан эвдрэл гэмтлийн хагарсан шил, алдагдсан гэрэл, урд гуферын 2 ширхэг зам гэрлийг авахад учирсан байсан. Бусад эвдрэл гэмтэл тухайн үед миний машинд хуучин үүссэн эвдрэлүүд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
Шүүгдэгч Г....ын “...гэрэл нь үнэд хүрэх байх гэж бодоод копудыг нь сөхөөд хойд багаажинд байсан түлхүүр багаажнаас 12-ын хэмжээтэй түлхүүр аваад 2 гэрлийг нь тайлж байгаад татаад авсан. ...” гэх мэдүүлэг /хх 58-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,
Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 42 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд Э....гийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины урд талын 2 ширхэг их гэрлийг авсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Г.... нь иргэн Э....гийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины урд талын 2 ширхэг их гэрлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 42 х/ 1,300,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Г.... бусдын эзэмшлийн автомашины 2 ширхэг их гэрлийг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Хохирогч Э....д учирсан шууд болон шууд бус хохирлын 1,928,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 22 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагчаас: Г....т 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Г.... гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой, гэмт хэргийн хор уршиг их биш нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....т мэдэгдсүгэй.
4.Г....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, 1928,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ