Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00890

 

Т.Б, Ө.Онарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02898 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 419 дүгээр магадлалтай,

Т.Б, Ө.Онарын нэхэмжлэлтэй

“Ю Б Э П”ХХК-д холбогдох

Орон сууцны дутуу талбайн зөрүү 8 579 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б, Ө.Онар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НРТ13В35 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг “Ю Б Э П”ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хаягт байрлах Хаппи Таун /HAPPY TOWN/ орон сууцны ХУД-72 дугаар байр, 1 дүгээр орцны 11 давхар 54 тоот 56.64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1 880 000 төгрөгөөр буюу нийт 106 483 200 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан болно. Захиалагч Т.Б нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 2 дугаар зүйл, 4.1.6 дахь хэсэгт заасан үүрэг болон Иргэний хуулийн 343-345 дугаар зүйлд заасан үндсэн үүрэг болох орон сууцны төлбөрийг хугацаанд нь 100 хувь гүйцэтгэгчид төлж барагдуулсан болно. Гэтэл гүйцэтгэгч болох ”Ю Б Э П”ХХК нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 4.2 дахь хэсэгт заасан үүргээ ноцтой зөрчиж, захиалагчид гэрээ ёсоор тохирсон хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ зөрчиж, байрны м.кв дутуу, орон сууц шилжүүлсэн байна. Учир нь нэхэмжлэгч нь байрны м.кв дутуу эсэхийг анх худалдан авахад нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй бөгөөд гүйцэтгэгч компанийг м.кв дутуу биш гэдэгт итгэж байсан билээ. Харамсалтай нь сүүлийн үед байрны оршин суугчдын дунд байрны м.кв дутуу, зөрүүтэй гэсэн мэдээлэл явагдаж байсан тул байрны м.кв-ыг хэмждэг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Тоонто Гранд ХХК-иар хэмжүүлж үзтэл тус компаний дүгнэлтээр манай байрны м.кв дутуу, 54.42 м.кв болох нь тогтоогдсон. Гэтэл бидний хийсэн гэрээнд заасан талбай бүхий байрыг худалдсан боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр м.кв хэмжээ ийнхүү дутуу байгаа нь дээрх заалтыг илт зөрчиж, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий орон сууц биш, эд хөрөнгийн доголдолтой хөрөнгө шилжүүлж нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд маш их гомдолтой байна.Нэхэмжлэгч Т.Бт зөрүү 3.08 м.кв, илүү төлөлтийн төлбөр 5 790 4 00 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардал 80 000 төгрөг, хохирол 1 130 000, нийт 7 000 000 төгрөгийг ”Ю Б Э П”ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б, Ө.Онар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тоонто Гранд ХХК-ийн дүгнэлтээр манай байрны м.кв дутуу, 54.42 м.кв болох нь тогтоогдсон. Ийнхүү бид шүүхэд зөрүү 3.08 мкв-ын төлбөр болох 5 790 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч м.кв дээр маргаж байна, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Эм Эм Инженеринг ХХК-иас шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр м.кв-ыг дахин хэмжиж үзэхэд 52.70 м.кв болох нь тогтоогдож, бид анх шүүхэд зөрүү төлбөр 3.08 мкв-ыг төлбөр шаардаж байсан бол харин шүүхээс дахин шинжээч томилоход 3.94 м кв дутуу болох нь тогтоогдсон тул 0.84 мкв-ын төлбөр болох 1 579 200 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7 000 000 төгрөг дээр нэмж хариуцагчаас 8 579 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Ө.Онарт олгуулж, хариуцагч “Ю Б Э П”ХХК-иас нэхэмжилсэн 8 579 200 төгрөгөөс хэмжилт хийлгэсэн зардал, банкны хүүний зөрүү, өмгөөллийн хөлс нийт 1 239 600 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б, Ө.Онар нь 56.64 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны нийт төлбөр болох 106 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч нь Иргэний хууль болон гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн. Тоонто гранд ХХК нь мэргэжлийн тоног төхөөрөмжтэй компани дүгнэлт гаргасан. Тоонто гранд ХХК-иар шинжилгээ хийлгэсэн энэ тэмдэглэл дээр нийт 53.56 м.кв болох нь тогтоогдсон, Эм эм инженеринг ХХК нь дахин хэмжилт хийж 3.94 м.кв дутуу болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байрандаа орсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийг заасан. Хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн. 56.64 м.кв орон сууц шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, орон сууцны доголдлыг нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй байсан. Гэрээнд нэхэмжлэгчийн эрх, үүргийг заасан. Хэмжилт хийлгэх тухай заалт байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю Б Э П”ХХК нь 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг Өндөрбуянт холдинг  ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Альяанстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02898 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ю Б Э П”ХХК-иас 7 339 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Ө.Онарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б хариуцагч “Ю Б Э П”ХХК-иас нэхэмжилсэн 8 579 200 төгрөгөөс 1 239 600 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167 128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Ю Б Э П”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 132 383 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Ө.Онарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 419 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02898 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 дахь заалт болгон дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Ю Б Э П”ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, зохих журмын дагуу хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчид нь 2013 оны 10 сарын 31-ний өдрийн №НР13В35 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хаппи таун орон сууцны хорооллын 72-р байрны 1-р орц 11 давхар 54 тоот 56.64 мкв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, улмаар уг орон сууцыг 2014 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 01 сарын 29-ны өдөр гарсан болно. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 8 084 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй юм. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй буюу дараах үндэслэлийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй. Үүнд: Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хүлээн авснаас хойш одоог хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд энэ нь түүний хэрэгцээг хангаж байгаа нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 /Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй/-т зааснаар доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 /эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан/-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Учир нь талбайн орон сууцны м.кв-ын дутуу гэдэг ашиглалтын явцад үүсдэг далд доголдол биш бөгөөд орон сууцыг хүлээн авах үед илрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл заавал тусгай мэдлэг, тусгай зөвшөөрөлтэй этгээд илрүүлэх боломжтой доголдол биш бөгөөд энгийн иргэн ч хананаас хана хүртэл хэмжиж, талбайн хэмжээг олох боломжтой юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 /Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно/-т зааснаар тухайн эд хөрөнгийг буюу орон сууцыг хүлээн авсан болох нь 2014 оны 10 сарын 02-ны өдөр акт үйлдэн хүлээн авч, 2015 оны 01-р сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авснаар тогтоогдож байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Б, Ө.Онар нь хариуцагч “Ю Б Э П”ХХК-д холбогдуулан орон сууцны дутуу талбайн үнэ, хохирол нийт 7 339 600 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаж, “...уг барилгыг Өндөрбуянт холдинг ХХК-иас худалдан авсан, зураг төслийн дагуу барилга баригдсан болохыг улсын комисс тогтоосон, барилгын ажил 2008 онд эхэлсэн байхад 2009 оны стандартын дагуу талбайн хэмжээг тооцож гаргасныг зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэл заажээ.

Зохигч талууд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, “Ю Б Э П”ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Happy town орон сууцны ХД-72 дугаар байрны 1 дүгээр орцны 54 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, Т.Б, Ө.Онар нь орон сууцны үнэ 106 483 200 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн талуудын тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нар орон сууцны үнийг бүрэн төлж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Талууд орон сууцыг хэрхэн барих, ажлыг ямар байдлаар гүйцэтгэх талаар тохиролцоогүй, харин уг орон сууцыг 106 483 200 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх, хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

Худалдан авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс дутуу байснаас зохигчдын хооронд маргаан үүссэн бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 56.64 м.кв бус, 3.08 м.кв дутуу гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар хариуцагчаас илүү төлсөн 5 790 400 төгрөг, хохирол 2 788 600 төгрөг нийт 8 579 000 төгрөгийг шаардсан, нэхэмжлэлээ багасгаж, 7 339 600 төгрөгийг шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 56.64 м.кв-аас дутуу буюу 52.70 м.кв болох нь Эм Эм инженеринг ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй байна.

1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “...орон сууцны талбайн хэмжээ “..56.64 м.кв...” гэж заасан хэдий ч “талбайн хэмжээ нь” гэрээний гол нөхцөл болох нь тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нар өөрийн байрыг сонгохдоо байршил, барилгын хийц, давхар, өрөөний тоо, талбайн хэмжээг судалж танилцсан ба талбайн хэмжээг голчлон зааж, гэрээнд нөхцлийг тусгаагүй байна. Гэрээний 1.4-т “Захиалсан сууцны нийт м.кв-ыг тооцохдоо хананаас хана хүртэл хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0,5%-р тооцож сууцны нийт хэмжээнд оруулан тооцно.” гэж тусган, талбайн хэмжээг тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ. Нэхэмжлэгч нь талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл гэж үзсэн бол орон сууцыг хүлээн авах үедээ өөрөө эсвэл мэргэжлийн этгээдээр хэмжилт хийлгэх боломжтой болно. Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 21-нд орон сууцыг эзэмшилдээ хүлээн авсан атлаа талбайн хэмжээг анхаараагүй байна.   

2.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-д үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заажээ. Гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээ дутуу болох үйл баримт тогтоогдсон боловч орон сууцыг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй .

Учир нь “Ю Б Э П”ХХК нь 70 хувийн гүйцэтгэл бүхий барилгыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр “Өндөр буянт холдинг” ХХК-иас худалдан авсан ба нэхэмжлэгч нартай гэрээ байгуулах үед барилга баригдсан байсан, гэрээ байгуулагдснаас хойш 1 жилийн дараа нэхэмжлэгч нар байрыг эзэмшсэн байна. Барилга баригдсан байсан тул нэхэмжлэгч нар орон сууцыг тухайн үеийн байгаа байдлаар сонгож авсан бөгөөд талбайн хэмжээ дутуу гэх доголдол, уг доголдлыг арилгах боломж ч байхгүй юм. Иймд гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй орон сууцыг доголдолтой гэж үзэхгүй байна.          Нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02898 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 419 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ю Б Э П”ХХКомпаниас 7 339 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Б, Ө.Онарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА