Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1595

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2015/00597/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 


Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******, “***” ХХК /регистрийн дугаар ****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум *** дугаар хороолол, “***”ХХК /регистрийн дугаар ***/-д  холбогдох ,

“Үйлчилгээний төлбөр, түүний алданги нийт 30,651,791 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй, 
“2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ***,*** тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б***, хариуцагч Ч.***гвадорж, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхбуйр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Яагаанцэцэг нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь


Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...*** ХХК, *** ХХК-ийн хооронд ***,****,*** тоот интернэтийн бөөнийн үйлчилгээ болон тоон суваг гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлсэн. 
“***”ХХК гэрээний “төлбөр тооцооны талаар” зүйлийн 4.2 заалтад заасны дагуу гэрээт хугацааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэхгүй байсны улмаас 2011.09.01-2012.01.05 хугацааны үйлчилгээний үндсэн төлбөр болох 13,804,473 төгрөгийн дутуу төлөлттэй болсон. 
Манай компани гэрээт хугацааны явцад төлбөрийг төлөх талаар албан болон албан бус байдлаар удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөлтийн актыг харилцан баталгаажуулж, хүсэлтийг хүлээн авсан боловч тус компани түүнийг мөрдөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үйлчилгээ 2012.01.05-ны өдрөөр хаагдсан болно. 
Одоог хүртэл тус төлбөр төлөгдөөгүй байгаа ба гэрээнд тусгасны дагуу уг үндсэн төлбөрт 2011.10.01-2015.04.30 хугацааны алдангийг тооцоход нийт 56,157,727.40 төгрөг болж байгаа хэдий ч манай компани тус алдангийг 30 хувиар тооцож байгаа тул хариуцагч *** компаниас үндсэн төлбөр болон алдангийн 30 хувийн хамт нийт 30,651,791.22 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч “***” ХХК нь шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“... *** ХХК манай компанид интернэтийн бөөний үйлчилгээг үзүүлсэн гэж 30,651,791.22 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг манай компани нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

Хариуцагч “***” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 
“... нэхэмжлэлийн үндэс болж байгаа гэрээ буюу 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх болон тоон суваг түрээслүүлэх гэрээг манай компани *** ХХК-тай гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй, мөн *** ХХК-ны захирал Ч.***гвадорж миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан манай компаний зүгээс зөвшөөрөөгүй хуурамчаар үйлдчихээд тэр гэрээгээ үндэслэн төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчиж байна.
Мөн иргэний хуулийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж заасны дагуу энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул “***” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ***,***4 тоот гэрээнүүдийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “***” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 
“Манай компани олон компанитай харилцдаг учраас хууль бус зүйл хийхгүй, тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:

Зохигч талуудын хооронд “*** ХХК-ийн шилэн кабелийн сүлжээг ашиглан 24 цагийн турш тасралтгүй Интернетийн холболтын үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г /хх-12-14/,  *** ХХК-ний захиалгын дагуу гэрээнд заагдсан чиглэлүүдэд өндөр хурдын тоон сувгийг түрээслүүлэх үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Тоон суваг түрээслэх гэрээ” –г /хх-15-18/ тус тус 1 жилийн хугацаатайгаар  байгуулсан байна.
 Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***” ХХК-нд холбогдуулан дээрх гэрээний хугацаанд буюу 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацааны үйлчилгээний үндсэн төлбөр болох 13,804,473 төгрөг, түүний алданги 16,847,318 төгрөг, нийт 30,651,791 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас үндсэн төлбөр 13,804,473 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно.
Хариуцагч *** ХХК нь “ ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  “***” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ***,***4 тоот гэрээнүүдийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Уг гэрээнд компаний захирал гарын үсэг зураагүй, компаний тамга тэмдэг дарагдаагүй, гэрээ байгуулаагүй учир уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү “ гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, маргасан болно.
 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийн дагуу 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***,***4 дугаартай гэрээнүүд дээрх гарын үсэг “***” ХХК-ний захирал Ч.***гвадоржийн гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоход 
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтээр “... “***” ХХК болон “***” ХХК-ний хооронд хийгдсэн №***, №*** тоот гэрээнд зурсан гарын үсэг Ч.***гвадоржийнх мөн байна” /хх-152-154/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5481 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** гэсэн дугаартай “Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх баримтын 3.4.5 дугаар хуудас, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Тоон суваг түрээслүүлэх гэрээ” гэх 7 хуудас баримтын 4,6,7-р хуудасуудад тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.***гвадоржийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй” /хх-168-175/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 5481 дугаартай Таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр “...2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** гэсэн дугаартай “Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх баримтын 3 дугаар хуудас, хавсралт 1,2-т 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Тоон суваг түрээслүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримтын хавсралт 1,2-тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.***гарын үсгийн загваруудтай тохирохгүй” /хх-220-221/ гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хариуцагч *** ХХК-ний захирал Ч.*** нь 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***  дугаартай “Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Тоон суваг түрээслүүлэх гэрээ”-д тус тус гарын гарын үсэг зураагүй болох нь дээрх дахин шинжилгээ хийлгүүлэхээр томилсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 
Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “ гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно”, 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу зохигч талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***,***4 дугаартай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно”, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” заасан боловч нэхэмжлэгч “***” ХХК нь “...хариуцагч “***” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд  13,804,473 төгрөгийн интернетийн үйлчилгээ авсан...” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч “***” ХХК-ний хариуцагч “***” ХХК-нд холбогдуулан гаргасан дээрх гэрээний хугацаанд буюу 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацааны үйлчилгээний үндсэн төлбөр болох 13,804,473 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Хариуцагч “***” ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***,***4 дугаартай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”гэж хуульд хүчин төгөлдөр бус хэлцлийг зааж тогтоосон байх тул шүүх шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бусад дахин тооцох шаардлагагүй болно.
Харин хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй болно.
Иймд хариуцагч “***” ХХК-ний гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ний гаргасан “хариуцагч “***” ХХК-иас 30,651,791 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч *** ХХК-ний “ *** ХХК-тай байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***,***4 дугаартай гэрээнүүд хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,208 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА