Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0059

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч, хохирогч Д....,

Шүүгдэгч, хохирогч О...., өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халзан овогт ...ийн ..., Боржигон овогт ...ийн ... нарт холбогдох 1908013181904 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, иргэн, 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эх, эгч, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн ...тоотод оршин суух, урьд

- 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар харгалзсан,

- 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Халзан овогт ...ийн ... .../.

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Д.... нь 2019 оны 02 дугаар 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Шөлөндөө хоолны газрын орчим “мөнгөө алдсан чинь надтай хамаагүй" гэх шалтгаанаар О....ын нүүрэн тус газар гараараа цохиж зодон хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, хоёр зовхины цус хуралт, дух, хоёр хөмсөгний дээр, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч О.... нь 2019 оны 02 дугаар 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Шөлөндөө хоолны газрын орчим “хамт явж байсан хүүхнээ олж өг“ гэх шалтгаанаар Д....ы нүүр, толгойн тус газар гараараа болон хагарай шилээр цохиж зодон зулайн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хөмсөг, цээж, баруун гарын 2,5-р хуруу, зүүн гарын сарвууны зулгаралт, хамрын нуруу ба баруун угалзны шарх, дээд уруулын урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, зүүн гарын алганы шарх, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Д....ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би ...той заамдалцаад зогсож байхад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Дараа нь ... газраас пивоны шил аваад хагалаад хүрээд ирэхээр нь би зугатаагаад машин тойрч гүйж байгаад эргээд хартал ... гараа далайгаад миний хамар, уруулыг шилээр зүссэн. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан. Заамдалцаад зогсож байхдаа бид 2 нэг нэгнийхээ нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...гомдол санал байхгүй. ...оос өөр хүн зодоонд оролцоогүй. ...нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 25-26, 28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2.Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шөлөндөө гэдэг хоолны газрын гадаа би тэр залууг барьж аваад “хамт явсан хүүхнээ олж өг” гээд маргалдаж эхлэхэд миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд цохисон, ... гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Шүүгдэгч Д....ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Шөлөндөөгийн үүдэнд ...той таарахад Билгээ гэж хүнийг асуусан ба би танихгүй, чи хүн андуураад байна гэхэд чи өдөр хамт явж байсан биздээ гээд маргаад миний шанаа руу гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд нүүр болон толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиход эхнэр хүрч ирээд салгаад аваад явсан. ... хагархай шил барьж ирээд миний хамар, уруулыг зүссэн. ...” гэх мэдүүлэг /хх 57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          4.Шүүгдэгч О....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би Билгээ гэж хүүхэнд картаа алдаад Шөлөндөө хоолны газрын урд ...тай таараад Билгээ хаана байна гэхэд би яаж мэдэх юм гэсэн. Тэгээд ... би тэр хүнийг чинь танихгүй гээд миний толгой руу цохиход би газар унасан. Тэгээд би босч ирээд цэцгийн мандал дээр байсан хагархай шилийг аваад ...ыг цохисон. Тэгэхэд ... намайг зүсчихлээ гээд нүүрээ дарж байсан. ...ы биед учруулсан гэмтлийг би учруулсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 50 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

          5.Гэрч О....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нөхрөө авах гээд такси бариад шөлөндөө хоолны газрын гадаа очиход зодоон болж байсан ба цагаан цамцаар нь нөхөр ...ыг таниж очоод салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 34 х /,

6.Шинжээчийн 2471 тоот дүгнэлт

   1.О....ын биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, хоёр зовхины цус хуралт, дух, хоёр хөмсөгний дээр, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 36 х/,

7.Шинжээчийн 2471 тоот дүгнэлт

1.Д....ы биед зулайн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хөмсөг, цээж, баруун гарын 2,5-р хуруу, зүүн гарын сарвууны зулгаралт, хамрын нуруу ба баруун угалзны шарх, дээд уруулын урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, зүүн гарын алганы шарх, зулгаралт бүхий гэмтэл тоггоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. 5.Шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хх 40 х/,

            8.Д....ы шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 61-67 х/

            9.О....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72 х/

           10.Д....ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94 х/

           11.О....ын ирэний үнэмлэхийн лавлагаа /хх 96 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.... нь 2019 оны 02 дугаар 16-ны шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчим “мөнгөө алдсан чинь надтай хамаагүй" хэмээн О....ын нүүрэн тус газар гараараа цохиж зодон хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, хоёр зовхины цус хуралт, дух, хоёр хөмсөгний дээр, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О....ын “... маргалдаж эхлээд миний нүүр рүү цохихоор цохиход би газар унасан...” гэх мэдүүлэг /хх 32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Шүүгдэгч О....ын “......ы биед учруулсан гэмтлийг би учруулсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 50 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

          Шинжээчийн 2471 тоот дүгнэлт

   1.О....ын биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, хоёр зовхины цус хуралт, дух, хоёр хөмсөгний дээр, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 36 х/ зэрэг,

Шүүгдэгч О.... нь 2019 оны 02 дугаар 16-ны шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчим “хамт явж байсан хүүхнээ олж өг” хэмээн Д....ы нүүр, толгойн тус газар гараараа болон хагархай шилээр цохиж зодон зулайн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хөмсөг, цээж, баруун гарын 2,5-р хуруу, зүүн гарын сарвууны зулгаралт, хамрын нуруу ба баруун угалзны шарх, дээд уруулын урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, зүүн гарын алганы шарх, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д....ы “...Заамдалцаад зогсож байхдаа бид 2 нэг нэгнийхээ нүүр рүү хэд хэдэн удаа цохисон.Дараа нь ... газраас пивоны шил аваад хагалаад хүрээд ирэхээр нь би зугатаагаад машин тойрч гүйж байгаад эргээд хартал ... гараа далайгаад миний хамар, уруулыг шилээр зүссэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-26, 28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Д....ы “...Шөлөндөөгийн үүдэнд ...той таарахад Билгээ гэж хүнийг асуусан ба би танихгүй, чи хүн андуураад байна гэхэд чи өдөр хамт явж байсан биздээ гээд маргаад миний шанаа руу гараараа цохисон, ... ... хагархай шил барьж ирээд миний хамар, уруулыг зүссэн. ...” гэх мэдүүлэг /хх 57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээчийн 2471 тоот дүгнэлт

1.Д....ы биед зулайн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хөмсөг, цээж, баруун гарын 2,5-р хуруу, зүүн гарын сарвууны зулгаралт, хамрын нуруу ба баруун угалзны шарх, дээд уруулын урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэг, зүүн гарын алганы шарх, зулгаралт бүхий гэмтэл тоггоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.

5.Шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хх 40 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Д...., О.... нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирлууд, шүүгдэгч нарын үйлдлүүд хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Шүүгдэгч Д...., О.... нар харилцан бие биедээ хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д...., О.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

            Хохирогч Д...., хохирогч О.... нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 28, 32 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

            Улсын яллагч: Д....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн

            О....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, бусдад төлөх төлбөргүй тул торгуулийн хөнгөн ял оноож өгнө үү? гэсэн.

            Д...., О.... нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд тэдэнд тус тус бүр 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Халзан овогт ...ийн ..., Боржигон овогт ...ийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д....ыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар, О....ыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д...., О.... нарт үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д...., О.... нарт мэдэгдсүгэй.

  5.Д...., О.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д...., О.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ