Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0063

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Н.... түүний өмгөөлөгч Х.Гантулга /ҮД:2769/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1908059791825 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

    Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний лангуу ажиллуулдаг, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын ...тоотод оршин суух, урьд нь

   - 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

  - 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 /тавин мянган/ төгрөг хурааж 5 /таван/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

  - 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 /тавин мянган/ төгрөг хурааж 5 /таван/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Н.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 15 дугаар гудамжны 09 тоотод хүргэн ах С....тэй “...намайг гэрээсээ хөөлөө...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хацар тус газар нь хазаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч С....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод гэртээ эхнэр Н..../2 настай/ нартай байж байхад гаднаас Н.... согтуу манай гэрт орж ирээд манай эхнэр Н....аас “таксины мөнгө өг” гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би “Н....э чи архи уучихаад манайд битгий ирж бай манай хүүхэд ханиад хүрсэн байгаа” гэж хэлтэл Н.... уурлаад бид хоёр заамдалцсан. Тэгтэл Н.... миний шилэн хүзүүнээс доошоо дараад миний баруун талын хацарнаас хазсан. Тэгэхээр нь би Н....ийг түлхэж болиулаад цагдаад дуудлага өгсөн. ...шинжээчийн 13908 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан баруун хацарт шарх гэмтлийг Н.... хазаж учруулсан. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх 9-10 х/,

 2.Шүүгдэгч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С....ийн биед учирсан баруун талын хацарт шарх гэмтлийг би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 15-09 тоот хүргэн ах С....ийн хувийн байшинд түүнтэй маргалдаж баруун талын хацран тус газраас нь 1 удаа хазаж учруулсан. ...Би өөрийнхөө бурууг бүрэн ухамсарлаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү?. ...” гэх мэдүүлэг /хх 37-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Н....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод нөхөр С.... болон хүүхдийн хамтаар байж байтал гаднаас манай дүү Н.... согтуу орж ирээд “эгчээ би такси бариад ирсэн та таксины мөнгө өгчих гэсэн тэгэхээр нь би юу гэж чиний таксины мөнгийг өгч байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр С.... “...э чи манай гэрээс яв одоо наад архи дарсаа боль” гэх зүйл хэлсэн чинь Н.... уурлаад С....ийг барьж аваад шилэн хүзүүнээс нь доошоо дараад баруун талын хацарнаас нь 1 удаа хазсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь удалгүй цагдаа нар ирээд Н....ийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х /,

           4.Гэрч С....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 15-10 тоотод гэртээ ...ын хамт байж байтал ах С....ийн гэрийнхэн орилолдоод байхаар нь ... бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 15-09 тоотод яваад ортол С.... ахын баруун талын хацарнаас нь цус шүүрсэн байдалтай байж байсан. Тэгээд удаагүй байхад цагдаа нар орж ирээд Н....ийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,

           5.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод манай гэрт хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг 13 цаг 25 минутанд авсан. Уг дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод очтол Н.... гэх 37 настай эрэгтэй хүргэн ах болох С....ийн баруун талын хацарнаас хазсан байсан. Н.... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /,

           6.Гэрч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү ... нь их цайлган зантай, хүнд их тусархуу, одоо манай ээжийг авч явж байгаа, чадна гэсэн юмандаа маш сайн зүтгэдэг, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, хар муу санаа байхгүй, их хөдөлмөрч хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 19 х /,

          7.Шинжээч эмч С.Одончимэг: “...С....ийн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. мохоо зүйл гэдэгт хазах орно. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/,

8.Шинжээчийн 13908 тоот дүгнэлт

   1.С....ийн биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 25 х/,

           9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46 х/

10.Ажлын газрын тодорхойлолт /хх 47 х/

           11.Эвлэрлийн гэрээ, хорих ангийн тодорхойлолт /хх 79 х/

12.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 49 х/

13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52 х/

14.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 69-80 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.... нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 15 дугаар гудамжны 09 тоотод байрлах хүргэн ах С....ийн гэрт очиж  “таксины мөнгө нэхсэн” асуудлаас болж маргалдан улмаар түүний хацран тус газар нь нэг удаа хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

  Хохирогч С....ийн “... эхнэр Н....аас “таксины мөнгө өг” гээд агсам тавиад байсан … Н.... миний шилэн хүзүүнээс доошоо дараад миний баруун талын хацарнаас хазсан. ...” гэх мэдүүлэг /хх 9-10 х/,

Шүүгдэгч Н....ийн “...хүргэн ах С....тэй маргалдаж баруун талын хацран тус газраас нь 1 удаа хазаж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 37-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Н....ы “...Н.... уурлаад С....ийг барьж аваад шилэн хүзүүнээс нь доошоо дараад баруун талын хацарнаас нь 1 удаа хазсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х /,

           Гэрч С....н “...яваад ортол С.... ахын баруун талын хацарнаас нь цус шүүрсэн байдалтай байж байсан. Тэгээд удаагүй байхад цагдаа нар орж ирээд Н....ийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,

           Гэрч А....ын “...Н.... гэх 37 настай эрэгтэй хүргэн ах болох С....ийн баруун талын хацарнаас хазсан байсан. Н.... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /,

           Шинжээч эмч С.Одончимэг: “...С....ийн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. мохоо зүйл гэдэгт хазах орно. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/,

Шинжээчийн 13908 тоот дүгнэлт

   1.С....ийн биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 25 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

Шүүгдэгч Н.... нь хохирогч С....ийн хацраас хазаж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Н.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

            Хохирогч С.... эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санлагүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 12 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

            Улсын яллагч: Н....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

            Н....ийн үйлдсэн гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Боржигон овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....ийг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н....д үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н....д мэдэгдсүгэй.

 5.Н....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ