Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0067

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бунхант овогт ... ...д холбогдох 1908055471789 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “...” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ...тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн, Бунхант овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Г.... нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах Сити шоп дэлгүүрийн орчимд иргэн Э....ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэж хэлсэнд дургүйцэн цамцных нь захаар хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1 дүгээр хорооллоос Баянхошуу орох гээд ...улсын дугаартай Аксио машинтай явж байхад хажуунаас Соната-5 маркийн машинтай залуу машины цонхыг цохиод “чамайг ална аа, машинаасаа буугаад ир” гээд байсан. Би Сити шоп өнгөрөөгөөд машинаа зогсоотол сүүлд нэрийг нь мэдсэн ... гэх залуу машинаасаа бууж ирээд миний хоолойноос боож аваад нудраад байсан. Мөн миний завжинд нэг удаа мөргөсөн. Тэгээд машиндаа суугаад зугтаагаад явахдаа миний хөл дээгүүр гараад явсан. Тухайн үед намайг ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй байна. ...би шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,

 2.Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос Баянхошууны тойрог орох гээд хүн суулгаад явж байтал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Сити шоп дэлгүүрийн орчим миний хажуугаар ...улсын дугаартай автомашины жолооч миний машиныг шахаад байсан. Тэгэхээр нь би хойноос нь очоод машиных нь цонхыг тогшоод “яаж яваад байгаа юм бэ, архи уучихсан юм уу” гэж хэлсэн чинь тухайн машины жолооч “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаараа шахаж зогсоогоод нөгөө автомашины жолооч болох ... гэх хүний хоолойны хэсэгт нь түлхээд, 1 удаа мөргөчихөөд машиндаа суугаад явсан чинь араас ... Баянхошууны тойрог орчим хүрч ирээд цагдаад дуудлага өгсөн байсан. ...ын хоолойноос түлхэж, нүүрэнд нь мөргөж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Ц....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн Ачит-117 чиглэлийн автомашинд ахлагч Н.Энхбаярын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 17 цаг 47 минутанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны тойрог орчим “намайг мөргөсөн хүнийг барьчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахад Э.... гэх хүн замын хажууд зогсоод намайг энэ залуу мөргөсөн гээд Г.... гэх хүнийг заасан. Тухайн үед ...ын хамраас бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Хохирогч холбогдогч хоёрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,

           4.Гэрч Л....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...тай үерхээд 1 жил гаруй болж байна. Хүнд их тусархуу, их цайлган цагаан зантай, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, ээжийгээ тэжээдэг, хүний үгэнд их сайн ордог, их ажилсаг хичээнгүй залуу байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 19 х /,

          5.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2012 оноос эхлэн ...тай найзалж байгаа. Манай найз хөдөлмөрч, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, их томоотой, үг дуу цөөтэй, хүнд их тусархуу, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, ар гэрээ өөрөө авч явдаг. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,

6.Шинжээчийн 12625 тоот дүгнэлт

   1.Э....ын биед хүзүүнд улайлт, завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шинэ гэмтэл байна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 23 х/,

           7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26 х/

               8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32 х/

           9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 33  х/

           10.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-66 х/

           11.Торгуулийн ял биелэгдсэн тухай тодорхойлолт /хх 84 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.... нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Сити шоп” дэлгүүрийн орчимд иргэн Э....ыг “зам дээр машин шахлаа хэмээн” цамцных нь захаар хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э....ын “...... гэх залуу машинаасаа бууж ирээд миний хоолойноос боож аваад завжинд нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,

Шүүгдэгч Г....ын “...... гэх хүний хоолойны хэсэгт нь түлхээд, 1 удаа мөргөчихөөд машиндаа суугаад явсан ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Ц....ы “...дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахад Э.... гэх хүн замын хажууд зогсоод намайг энэ залуу мөргөсөн гээд Г.... гэх хүнийг заасан. Тухайн үед ...ын хамраас бага зэрэг цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,

           Шинжээчийн 12625 тоот дүгнэлт

   1.Э....ын биед хүзүүнд улайлт, завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шинэ гэмтэл байна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Г.... нь хохирогч Э....ын хүзүүг хувцасаар нь боож нүүрэн тус газар нь мөргөж хөнгөн гэмтэл гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Г.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

            Хохирогч Э.... хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 11 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

            Улсын яллагч: Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх 1,300,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй, ялын талаар хэлэх тайлбаргүй гэсэн.

            Шүүгдэгч Г....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирогч гомдолгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 1,300 нэгжтэй тэнцэх 1,300,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

            Шүүгдэгч Г.... шүүхийн шатанд 08 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар 120,000 /08хоног х 15,000 т/ төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасаж тооцсон болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Бунхант овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ийг 1,300 нэгжтэй тэнцэх 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г....д үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г....д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Г....ын төлөх торгуулийн ялын хэмжээг 1,180,000 /1,300,000-120,000 /08хоног х 15,000 т// төгрөгөөр тогтоосугай.

  6.Г....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ