| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0028/Э |
| Дугаар | 0088 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 0088
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Шүүгдэгч Ц...., өмгөөлөгч Ш.Самаал /ҮД:1219/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатанбаатар ван овогт ...ын ...т холбогдох 1808025831526 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 7 дугаар ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хатанбаатар ван овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
Ц.... нь хохирогч О....ай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “600 сая төгрөгний хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл бэлэн байна, сонгон шалгаруулалт авч өгөх хүн бэлэн байна, урьдчилгаа хахуульд 24,000,000 төгрөг өгөх ёстой, 2-уулаа 12,000,000 төгрөгөөр хувааж өгнө” гэж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр байгаа Хаан банк дахь ...дугаарын дансаар 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц....ий Хаан банк дахь ...дугаарын дансаар 7,000,000 /долоон сая/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг нийт 12.000,000 /арван хоёр сая/ төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч бусдын эд хөрөнгө залилсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
2.Шүүгдэгч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би ...аас ЖДҮ-ийн зээлээс 600 сая төгрөгний зээл гаргаж авна, хахуульд өгөх мөнгө нь нийт 24 сая төгрөг болж байгаа учир 2-уулаа хувааж өгөөд зээл гаргаж авья гэж хэлж ...аас 12 сая төгрөг авсан. Тэрнээс өмнө би ... гэх хүнтэй хамтарч уг зээлийг авхаар ...д мөнгө өгсөн байсан ба ... нь зээл удаад байна гээд надтай хамтрахаа болиод мөнгөө нэхээд байсан учир ...аас авсан мөнгөнөөс ...лүү 8,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ББСБ-д байсан талийгаач ахын өр болон, өөрийн өрийг дарсан. Тэгээд үлдсэн мөнгөө бага багаар зарцуулаад дууссан. Тэгэхдээ би ...аас авсан мөнгөнөөс 9 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл 3 сая төгрөгөө цувуулж өгнө авсан мөнгөө буцааж төлнө шүү дээ. ...” гэх мэдүүлэг /1 хх 26-27 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Ц....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...10 дугаар сарын үед би найз ...тэй хамт ...тай анх уулзсан. Би тухайн үед талийгаач ах ...тэй дэлгүүр ажиллуулдаг байсан. Мөнгөө шилжүүлчихээд сарын хугацаа өнгөрсөн. ... “би орхоо болилоо, чи манай найз Гэрлээтэй ор. Жоохон ааш муутай, чамтай таарахгүй байж магадгүй” гэж хэлсэн. Хороололд миний нэр дээр 3 өрөө байр байсан. 60,000,000 төгрөгийн жижиг дундын зээлийн барьцаанд тавьсан. ...гээс болиод би ... эгчид “жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн зээл байна та орох уу” гэж санал тавьсан. Гэтэл ... эгч “би ганцаараа шийдэж чадахгүй байна, орой манай гэрт хүрээд ир, нөхөртэй маань хамт ярилцъя” гэж хэлсэн. ... эгч энэ талаар ямар ч ойлголтгүй байна гэсэн. Надад ч бас сайн ойлголт байгаагүй. ... эгчийнд очиж нөхөртэй нь ярилцаж тохиролцсон. Би ...ийг хараагүй. Утасны цаанаас л ярьдаг байсан. Би өөрийнхөө 3 өрөө байрыг барьцаанд тавьчихсан, жижиг дундын зээлэнд орох учраас найдвартай хүн сонгох гээд ... эгчид хэлсэн. ... эгчтэй муухан ах дүүсээс сайхан харилцаатай хүмүүс байдаг. Бие биенийхээ гэрээр орж гардаг хүмүүс. Надад ... эгчийг залилах ямар ч санаа зорилго байхгүй. ... хэлэхдээ “...тэй хамтарч 2-3 удаа жижиг дундын зээл гаргаж байсан. Би бүтэхгүй зүйлээ бүтэхгүй гэж хэлнэ, энэ бол найдвартай, санаа зоволтгүй 14 хоногийн дотор бүтнэ” гэж хэлж байсан. Гэтэл тэр хугацаа нь сар болоод ... тухайн үед жирэмсэн байсан болохоор “хүлээж чадахгүй, төрөх хугацаа ойртчихлоо” гээд гарсан. Тэгээд ... эгч бид хоёр 2-3 сар хүлээсэн. ... намайг Хурдын байрны гадаа хүрээд ир гээд дуудсан. Би энэ талаар цагдаад хэлээгүй. Хурдын байрны гадаа очоод уулзахад “эгчээ манай дүүгийн сургалтын төлбөр хэрэгтэй байна 2,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. ... эгчээс 12,000,000 төгрөг аваад ...гийн данс руу 8,400,000 төгрөгийг хийсэн. ... бид хоёрын хооронд өгөө авааны асуудал байсан. Тухайн үед би ахынхаа байрыг тавьсан байсан учраас ... эгчийн мөнгөнөөс 8,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Талийгаач ах ...ийн зээлэнд 700,000 төгрөг шилжүүлсэн. Надад өглөгтэй хүмүүс байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Гэрч Ц....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ээж мөнгөний хэрэг байна чи машинаа барьцаанд тавиад надад мөнгө аваад өг гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн гранд марк-2 загварын автомашинаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Еэс капитал” ББСБ-д барьцаанд тавьж 2,200,000 төгрөг авсан бөгөөд уг мөнгийг ээж ...т өгсөн юм. Тэгээд ээж ... мөнгийг төлж чадахгүй хэсэг удсан ба зээл нь миний нэр дээр байсан учир над руу тэр ББСБ-аас байнга мөнгөө төл гээд байдаг байсан. Тэр талаар би ээжид хэлж машин алдах гээд байна мөнгөө төл гэж шаарддаг байсан ба ээж тухайн үед төлсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 47 х/,
5.Гэрч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...... нь дэлгүүр ажиллуулж байгаад дампуураад өрөнд орчихсон юм. Ингээд мөнгө олох арга хайгаад зар уншиж байна гэсэн. Тэгээд зар харж байгаад төсөл гаргаж өгнө гэж зарын дагуу ... гэх хүнтэй холбогдлоо гэж байсан ба уг ... гэх хүнийг ... над дээр дагуулж ирсэн. Тэгэхэд ... надад хэлэхдээ “Энэ хүн төсөл бичээд ЖДҮ-ийн зээлээс зээл авч өгнө” гэж байна гэж хэлсэн. Ингээд ... бид 2 ... гэх хүнтэй ярилцахаар ... нь хэлэхдээ "би төсөл бичдэг хүн байгаа юм та 2-т мах сүүний чиглэлээр төсөл бичиж өгөөд ЖДҮ-с зээл аваад өгье, эхний ээлжинд 10 сая төгрөг хэрэгтэй, 10 сая төгрөгийг зээл гаргуулахын тулд хахуульд өгнө” гэж хэлсэн тул би уг хүнд итгээд өөрийн данснаас 2016 оны 09 дүгээр сарын орчим 10 сая төгрөгийг ...гийн дансруу шилжүүлсэн. ...Тэгээд нэг удаа уулзаад асуухад ... төслийг чинь бичээд “Төрийн банк”-д өгчихсөн. Төслийг чинь батлуулчихсан 10 сарын 01 гэхэд зээл чинь гарчихна” гэж хэлсэн учир таньдаг хүнээрээ асуулгахад төсөл өгөгдөөгүй зээл гараагүй байсан учир би залилсан байна гэж мэдээд ...т хэлсэн чинь “үгүй би мэдэж байна найдвартай” гээд уг хүндээ итгээд байсан учир би ...руу чи худлаа ярьж мөнгө авсан байна гээд уурлахад ... нь би 10 сая төгрөгийг хахуульд Урнаад өгсөн гэж хэлсэн ба уг хүнээ Баянзүрх дүүргийн цагдаад өглөө гэж хэлсэн. Тэгээд би ...т наадах чинь худлаа юм байна гэж хэлэхэд ... тэгвэл би өөр хүнтэй хамтарч уг төслийг авлаа, Амраа гэдэг эгч надтай хамтарч уг төслийг авья” гэсэн гээд надад биш ... гэх хүндээ итгээд төсөл авна гээд байсан ба тэгж байгаад над руу 8,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш би ...гаас үлдэгдэл мөнгөө авья гэхээр ... нь би Урнааг цагдаад өгчихсөн таны мөнгийг ...т өгчихсөн гэж хэлсэн учир ...ээс асуухаар таны мөнгийг чинь ...гаас бүрэн аваагүй дутуу авсан гэж хэлдэг юмаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 50, 2 хх 35 х/
6.Гэрч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны намар 9 сарын орчим байх ... гэх хүн над руу залгаад төсөл бичүүлэх гэсэн юм гээд бид нар уулзахаар болсон. Ингээд ... гэх хүнтэй уулзахад ... нь хэлэхдээ “хөрөнгө оруулалт зээл авах гэсэн юм, төсөл бичүүлэх хэрэгтэй байна, ямар ямар мэдээлэл хэрэгтэй вэ, хаана хаана төсөл авч байна вэ гэж асуусан. Тэгэхээр нь би “төсөл бичнэ, хаана төсөл авч байгаа талаар мэдэхгүй байна” гэхэд ... зээл гаргаж байгаа, төсөл зарласан газар байна уу, тийм газар таньдаг хүн байна уу, зээл гаргаад өгөх хүн байна уу” гэж асуухаар нь би “надад одоохондоо таньдаг хүн алга байна, би хүнээс сураглаад өгье” гэж хэлээд салсан. Тэгээд түүнээс хойш хэд хэдэн удаа уулзсан ба ... нь нэг ирэхдээ ... гэх хүнтэй ирж тэр хүн нь цуг төсөл бичүүлнэ гэж өөрийгөө танилцуулж байсан. Ингээд надаас ... нь “чи хүнээс сурагласан уу, төсөл зарласан, зээл гаргаад өгөх хүн байна уу“ гэж байнга асуугаад байхаар нь би танил найз Тайвансайханд энэ талаар асуухад Тайвансайхан хэлэхдээ “... гэж нэг эгч байгаа тэр хүнтэй уулз, энэ хүн төсөл бүтээдэг гэсэн“ гээд утасны дугаарыг нь өгсөн. Ингээд би ...тэй уулзаад би төсөл бичдэг юм, хүмүүс төсөл гаргаад өгөх хүн байна уу гээд асуугаад байна, та төсөл гаргаад өгч чадах уу” гэхэд ... хэлэхдээ “би гадуур хүмүүсийн төсөл гаргаж өгдөг, төсөл гаргаад өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд би уг хүнийг ...т “танай төслийг чинь гаргаж өгч чадна гэнэ та энэ хүнтэй холбогд” гээд ... гэх хүнтэй утсаар яриулахад уг хүмүүс нь хоорондоо утсаар яриад нэг нэгэнтэйгээ уулзахгүй байхаар тохирсон. Тэгээд тэр 3 хоорондоо тохиролцоод нэг нь зээл гаргаж өгөхөөр нөгөөх нь зээл авахаар болсон. ... тэр 2-т 10 сая төгрөг хэрэг болно наад охиндоо мөнгө шилжүүлчих тэгээд яаралтай төслөө бичүүлээд авчих гэж хэлээд ... над руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь үлдсэн мөнгөө хэн нэгэн нь шилжүүлсэн. Гэтэл нэг өдөр ... ирээд “тэр хүн чинь ажил гүйцэтгэхгүй байна, чи хурдан миний мөнгийг өг, чи л ...тэй танилцуулж ийм юманд хутгалаа” гээд надаас мөнгө нэхээд байсан. Тэгээд ... нь утсаа авахгүй байсан учир би Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгч ... гэх байцаагч дээр шалгуулаад ... гэх хүн нь өгсөн бүх мөнгөө авсан, мөн надаас чи муу төсөл бичиж өгсөн гээд байхаар нь би 3,250,000 төгрөг өгсөн. Би ... гэх хүнд “надад нэг бэлэн хүн нь аваагүй төсөл байгаа 600 сая төгрөгний төсөл байгаа, би сангийн яаманд төсөл гаргадаг хүнтэй ярьчихаад 14 хоногийн дараа хэлье, сангийн яаманд нэг таньдаг хүн байдаг, одоо санхүүжилт орох бэлэн төсөл байна, батлан даалтын санд мөнгө өгөх ёстой эхний ээлжинд 24 сая төгрөг хэрэгтэй гэх зүйл огт яриагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 54, 2 хх 13 х/,
7.Гэрч Ю....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний охин ... нь 1978.03.09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын бага хүүхэд байгаа юм. Аав нь Улсын драмын театрт жүжигчин байсан, би хувиараа ажилладаг байсан, манайх амьдарлын хувьд сайхан амьдралтай байсан. ... нь 54-р сургуульд суралцан 10-р ангийг 1995 онд төгссөн. Түүнээс хойш Цог дээд сургуульд Англи хэлний орчуулагчаар суралцаж 1999 онд төгссөн. Тэгээд хувийн компанид борлуулагчаар ажиллаж байгаад 2010 оноос мөн хувийн компанид гаалийн мэдүүлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 2015 оноос жирэмсний амралт авч, ажилгүй байгаа юм. ...зан байдлын хувьд ... нь ууртай, ширүүн догшин зантай. Муу зуршил гэх зүйл байхгүй. Архи дарс хэрэглээд байдаггүй, их түргэн ууртай хүн. Ажилд сайн, амьдрал нь болж бүтэхгүй болохоор л бухимдаад байдаг юмуу л гэж боддог. ... ” гэх мэдүүлэг /1 хх 48 х/,
8.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.... гэх хүнийг би огт танихгүй ба огт харж байгаагүй. Харин Тайвансайхан гэх зүс таньдаг эмэгтэйгээр дамжуулж Э.... гэх хүнтэй танилцаж байсан. Яаж танилцаж байсан юм бэ гэхээр 2016 оны 06 сарын орчимд Э.... нь “Женко тур” ХХК-д төслийн менежер хийж байсан ба аялал жуулчлалын чиглэлтэй төслийн зээл авна гээд намайг банкнаас зээл гаргаад өгөөч гэхээр нь би урьдчилгаа 10 сая төгрөг хэрэг болно гэж хэлж байсан юм. Тэгтэл ... нь Женко тур” ХХК-аасаа 15 сая төгрөг аваад өөрөө 2 сая төгрөгийг нь аваад надад 13 сая төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгч 15 сая төгрөг өгсөн мэтээр зээлийн гэрээ байгуулж байсан юм. Тэр гэхдээ энэ хэрэгт хамааралгүй өөр асуудал байгаа юм. Түүний дараагаар ... нь яриад “төслийн зээл авъя гэсэн хүн байна би төслийг нь бичье, та зээлийг нь гаргаад өгч чадах уу” гэхээр нь би “тэгье" гэж хэлж байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа ... гэх хүнтэй утсаар холбогдоход “ямар нэгэн төслийн зээл гаргаж өгч чадах уу ямар ч байсан яах вэ гол нь зээл авч мөнгийг нь ашиглах гэсэн юм” гэхээр нь би “Хөдөө аж ахуйн яаман дээр хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл бичүүлчих би хөөцөлдөөд өгье 10 сая төгрөг өгөх хэрэгтэй шүү” гэж хэлсэн. ... гэх хүнтэй би биеэр уулзаагүй ба байнга утсаар ярьдаг байсан. Ингээд уг хөдөө аж ахуйн төслийг ... бичиж өгөхөөр болоод би уг төслийг нь Хөдөө аж ахуйн яам руу өгөхөөр болсон ба зээл бүтээж өгсөн ажлын хөлсөнд нь ... 10 сая төгрөг өгөхөөр болсон. Ингээд ... нь 2016 оны 9 сараас хойш цувуулаад ...д 10 сая төгрөг өгсөн ба 2,500,000 төгрөгийг нь ... аваад, 7,500,000 төгрөгийг нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд ... надад цувуулж бэлнээр өгч байсан. ...ээс мөнгө авч өгөлцөхөд би байгаагүй ба ...д шууд өгүүлээд би ...гаас бэлнээр авч байсан юм. Ингээд би зээлийг нь хөөцөлдөж байх явцад ... нь зээл авах шаардлага хангахгүй байсан ба өмнө авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хэвийн бус ангилалтай гээд зээл нь гарахгүй бүтэхээргүй болсон ба хөөцөлдөх явцад нэлээн хугацаа өнгөрсөн чинь ... нь зээлээ авахаа болиод мөнгөө буцааж авъя гэсэн ба ... ... нар нь Баянзүрхийн цагдаа дээр гомдол гаргасан байсан. Ингээд би зээл бүтээлгэхээр өгсөн 7,500,000 төгрөгийг нь буцааж өгсөн. 2016.12.01-ний өдөр би өөрийн нэрээр 500,000 төгрөг, 2016.12.08-ны өдөр өөрийн нэрээр 500,000 төгрөг, 2016.12.29-ний өдөр өөрийн төрсөн дүү ...ын 5064120250 дугаарын данснаас 250,000 төгрөг, 2016.12.30-ны өдөр өөрийн аав Бумсүрэнгийн 5679086377 дугаарын данснаас 200,000 төгрөг, 2017.01.04-ний өдөр өөрийн төрсөн дүү ...ын 5064120250 дугаарын данснаас 200,000 төгрөг, 2017.01.06-ны өдөр өөрийн нэрээр 500,000 төгрөг буюу нийт 2,150,000 төгрөгийг ...ийн ...дугаарын дансруу шилжүүлж өгсөн. Түүнээс хойш буюу цагдаа дээр өргөдөл өгсөнөөс хойш 2017.01,16-ны өдөр 5,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш 2017.02.01-ний өдөр өөрийн аав Бумсүрэнгийн 5679086377 дугаарын данснаас 350,000 төгрөгийг төлж өр дууссан. Нийтдээ 7,500,000 төгрөг төлж барагдуулсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 60 х/,
9.Гэрч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О.... нь манай төрсөн эгч байгаа юм. ... эгч 2016 оны 10 дугаар сарын эхээр надтай яриад эгч нь хүнтэй хамтарч үнээний фермер ажиллуулах төсөл авах гэсэн юм, төсөл авахад тал мөнгө нь 12 сая төгрөг хэрэг болоод байна, чи 5 сая төгрөг олж өгч чадах уу” гэхээр нь би тэр өдөрт нь 5 сая төгрөг олоод ... эгчид өгсөн. Тэрнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд удаагүй байхад эгч уг мөнгийг буцааж өгсөн. Тэр хэргийнх нь талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Уг мөнгө авсан гэх ... гэх хүнийг би танихгүй. ... ” гэх мэдүүлэг /2 хх 20 х/,
10.Дансны орлого, зарлагын гүйлгээний баримтууд /1 хх 83-89, 74-86,125-139/
11.”Ай Би И Капитал” ББСБ-ын гаргаж ирүүлсэн “2016.10.24-ний өдөр 700,000 төгрөгийг Ц....ийн зээлийн эргэн төлөлтийг шилжүүлсэн байх бөгөөд Ц...., Ц.... нар нь тухайн үед манай байгууллагаас зээл аваагүй болно” лавлагаа /1 хх 90 х /
12.ХХААХҮЯамны “Ц.... “Соёмбо дөл хас” ХХКийн нэр дээр ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авахаар ямар нэгэн материал, хүсэлт ирүүүлж байгаагүй болно” гэх албан бичиг /1 хх 238 х/
13.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 141 х/
14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 144 х/
15.Хохирол төлсөн баримт /2 хх 55 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.... нь О....д “600 сая төгрөгний хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл бэлэн байна, сонгон шалгаруулж авч өгөх хүн бэлэн байна, урьдчилгаа хахуульд 24,000,000 төгрөг өгөх ёстой, 2-уулаа 12,000,000 төгрөгөөр хувааж өгнө” гэж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр байгаа Хаан банк дахь ...дугаарын дансаар 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц....ий Хаан банк дахь ...дугаарын дансаар 7,000,000 /долоон сая/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг нийт 12.000,000 /арван хоёр сая/ төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авсан болох нь:
Хохирогч О....ын “... ... надад 600 сая төгрөгний хөдөө аж ахуйн мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой төсөл байна энэ тэндэрт таньдаг хүн байна би орох гэхээр надад мэдлэг туршлага, мөнгө байхгүй байна гэсэн … маргааш орой нь ... манай гэрт ирээд нөхөр бид 2-оос гуйгаад би хариуцлагыг нь хүлээнэ та нар надад итгэ би арыг нь даана хэрвээ бүтэхгүй бол бүх зүйлийг буцааж өгнө хохиролгүй болгоно гээд ... нийт 12,000,000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /1 хх 29 х/,
Шүүгдэгч Ц....ийн “... ...аас авсан мөнгөнөөс ... лүү 8,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ББСБ-д байсан талийгаач ахын өр болон, өөрийн өрийг дарсан. Тэгээд үлдсэн мөнгөө бага багаар зарцуулаад дууссан. ...” гэх мэдүүлэг /1 хх 26-27 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ц....ий “...барьцаанд тавьж 2,200,000 төгрөг авсан бөгөөд уг мөнгийг ээж ...т өгсөн юм. Тэгээд ээж ... мөнгийг төлж чадахгүй хэсэг удсан ба зээл нь миний нэр дээр байсан учир над руу тэр ББСБ-аас байнга мөнгөө төл гээд байдаг байсан. Тэр талаар би ээжид хэлж машин алдах гээд байна мөнгөө төл гэж шаарддаг байсан ба ээж тухайн үед төлсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 47 х/,
Гэрч А....гийн “... би ...т наад төсөл чинь худлаа юм байна гэж хэлэхэд ... тэгвэл би өөр хүнтэй хамтарч уг төслийг авлаа, Амраа гэдэг эгч надтай хамтарч уг төслийг авья гэсэн гээд надад биш ... гэх хүндээ итгээд төсөл авна гээд байсан ба тэгж байгаад над руу 8,400,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 50, 2 хх 35 х/
Гэрч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...төсөл авахад тал мөнгө болох 12 сая төгрөг хэрэг болоод байна, чи 5 сая төгрөг олж өгч чадах уу” гэхээр нь би тэр өдөрт нь 5 сая төгрөг олоод ... эгчид өгсөн.... ” гэх мэдүүлэг /2 хх 20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.
Өмгөөлөгч: Шүүгдэгч нь хохирогчтой ойр дотны харьцаатай гэр орноор нь байнга орж гардаг байсан учраас түүнийг хуурах санаа зорилго байгаагүй, өөрөө ...д хууртаж, уг төслийг бүтнэ гэж итгээд явсан, хохирогчоос авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулсан, хохирлын дүн 12 сая төгрөг биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү? гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц....т ХАА-н чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн бэлэн төсөл байгаагүй, энэ чиглэлийн бизнес эрхэлдэггүй бөгөөд ЖДҮ-ээс зээл авна гэж итгүүлж О....аас авсан 12,000,000 төгрөгөө зориулалтын дагуу зарцуулаагүй иргэн А....гээс урьд авсан өрийн төлбөрт 8,400,000 төгрөгийг өгсөн, ББСБ-д байсан бусдын болон өөрийн зээлийг дарах, үлдсэн мөнгөө бага багаар хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ББСБ-ын гаргаж ирүүлсэн лавлагаа, ХХААХҮЯамны албан бичиг, дансны зарлагын баримтуудаар тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч нь О....д “хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл бэлэн байна, сонгон шалгаруулж авч өгөх хүн байна” хэмээн худал үгээр хуурч, мөнгөө өөрийн сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж түүний 12,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан.
Шүүгдэгч Ц.... хохирогч О....аас 12,000,000 төгрөгийг залилж авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн уг гэмт хэргийг цагаатгуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогч О.... 12,000,000 төгрөгийн хохирлоо буцаан авсан болох нь түүний бичгээр гаргасан “хохирлоо бүрэн авсан гомдол саналгүй” гэх баримт /2 хх 55 х/-аар тогтоогдсон шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Ц....т 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ээжийн хамт амьдардаг бага насны хүүхэдтэй, ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэг торгуулийн ялыг төлөх боломжтой тул торгуулийн ялаар шийтгэж өгнө үү? гэсэн.
Шүүгдэгч Ц.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нь 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг тал бүрээс нь харгалзан 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хатанбаатар ван овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц....ийг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....т мэдэгдсүгэй.
5.Ц....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 12,000,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ