Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

2020           3            16                                      2019/ШЦТ/221

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

                        улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

                        шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

            шүүгдэгч Э.М, Д.О, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Оюунмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.М, Д.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802005080255 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:           

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнс үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг,

2006 оны 7 дугаар сарын 07-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.16-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Э.Б /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 06-нд Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.М /регистрийн дугаар /,

 

3.Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.О /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Б нь "ХАНАРА МАРТ" ХХК-нд холбогдох "хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулсан" гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгах явцдаа тус компанийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн "хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах" ашиг сонирхлын үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэх, эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, үндэслэл бүрдээгүй байхад хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд,

мөн шалгалтын явцад илэрсэн "хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан" гэх зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаас бага хэмжээгээр торгууль ногдуулахаар урьдчилан амлаж, буюу хийх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мөн дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байран дотор "ХАНАРА МАРТ" ХХК-ийн ажилтан С.М, Д.О нараас 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

 

Яллагдагч С.М нь Д.Отай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байран дотор "ХАНАРА МАРТ" ХХК-ийн хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулсан зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Бад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан "ХАНАРА МАРТ" ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор биет 1.500.000 төгрөгийг өгсөн,

Яллагдагч Д.О нь С.Мтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байран дотор "ХАНАРА МАРТ" ХХК-ийн хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулсан зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Бад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан "ХАНАРА МАРТ"ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор биет 1.500.000 төгрөгийг Э.Бад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би энэ хэргийн талаар бүх үнэнээ хэлсэн. Анх надад торгуулийн мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Эрдэнэчулуун, Баасандорж дарга нар хоорондоо зөрчилдөөнтэй байсан. Эрдэнэчулуун дарга намайг өрөөндөө дуудаад “хэргийг чинь авилгатай тэмцэх газарт өгсөн тул маргааш чамайг авилгатай тэмцэх газарт дуудна” гэсэн. Намайг “1.500.000 төгрөг авсан, Баасандорж даргад 500.000 төгрөг өгсөн” гэж гүжирдээрэй гэсэн. Би Эрдэнэчулуун даргад ингэж болох юм уу гэхэд Эрдэнэсайхан байцаагчийг би танина тэр хүн чамаас мэдүүлэг авах тул чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй чи энэ хэргээс гарна гэсэн. Хамгийн гол нь анх намайг өрөөндөө дуудаад Баасандорж даргыг унагаах зорилготой гэж хэлсэн.  Маргааш нь Эрдэнэсайхан байцаагч дуудаад Авилгатай тэмцэх газрын 207 тоот өрөөнд анх мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх гээд ороход Баасандорж шиг хөгийн авилга авдаг хүмүүсийг зайлуулах хэрэгтэй гэж надад хэлсэн. Эрдэнэсайхан байцаагч нь Эрдэнэчулуун даргыг таньдаг юм байна гэж бодоод би “Баасандорж даргад 500.000 төгрөг өгсөн” гэж гүжирдэж мэдүүлэг өгсөн нь үнэн. Би анх торгуулийн мөнгө гэж  1.000.000 төгрөг авсан. Миний ингэж мэдүүлэг өгсөн шалтгаан нь удирдлагынхаа үгэнд орохгүйгээс үүдээд асуудал үүсэх байх гэж бодсон. Би 3 хүүхэдтэй, манай эхнэр группт байдаг. Эрдэнэчулуун дарга Эрдэнэсайхан байцаагчийг таньдаг гэсэн болохоор нь би амьдарлаа бодоод айсандаа тэгж хэлсэн. Баасандорж даргыг гүжирдсэн гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл болсон. Анх Эрдэнэсайхан байцаагч эрүү үүсгэж байхдаа намайг байрны зээлэндээ 1.000.000 төгрөгийг ашигласан гэж үзсэн. Би тухайн 1.000.000 төгрөгийг байрны зээлэндээ төлөөгүй. Би байрны зээлээ 5 дахь өдрийн өглөө төлсөн байсан. Манай ээж, аав 2 Улиастайд жижиг дэлгүүр ажиллуулдаг ба байрны зээлэндээ төлөөрэй гээд надад мөнгө өгсөн. Би 2 даргын дунд хэлмэгдэж байна. Би амьдралаа бодоод зээлээ төлж чадахгүй болчих байх гэж бодон ийм болчимгүй үйлдэл хийсэн. Мөнхцэцэг, Оюундарь нар нь 5 дахь өдөр надад 1.000.000 төгрөг авч ирж өгсөн. Би 1.000.000 төгрөгийг хугацаа алдаж хийсэн шалтгаан нь 100 айлыг хотоос нүүлгэж гаргана гээд бид нарыг 100 айл руу авч явсан.  Надад торгууль хийх хугацаа байсан ч амралтын 2 өдөр таарсан тул нэг дэх өдөр хийх гэж байсан. Нэг дэх өдөр Нийслэлийн засаг даргын удирдлагууд ирж байна гээд тийшээгээ хүчээр бид нарыг явуулсан. Хоёр дахь өдөр эрчүүд зөөврийн штаб байрлуулна гэж явсан. Тэр үед хамт шалгаж байсан  Өлзийбаяр байцаагч надад Ханара маркет дэлгүүрийн талаар хэвлэл мэдээллээр гарч байгаа талаар хэлсэн. Тухайн үед би айгаад эхнэрээрээ 1.000.000 төгрөгийг торгуулийн дансанд тушаалгасан. Намайг очиж шалгахад тухайн хүнсний дэлгүүр дээр хугацаа дууссан, хугацааг засварласан бүтээгдэхүүн байгаагүй. Баянгол дүүргийн агуулах дээр хүнсний бүтээгдэхүүнийхээ он сар өдрийг засдаг байсан. Би Сүхбаатар дүүргийн байцаагч тул харьяалал давж Баянгол дүүргийн агуулахыг шалгах эрх байхгүй. “Босоо хөх монгол” төрийн бус байгууллага нь Баянгол дүүргийн агуулах дээрээс Ханара маркетын он, сар, өдрийг сольсон бүтээгдэхүүний талаар бичлэг цацсан байсан. Ханара маркет дэлгүүрийн хөргөгчинд тухайн өдрийн хяналт шалгалтаар 1, 2 хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байсан. Баянгол дүүргийн агуулахаас Ханара маркет нь дэлгүүртээ хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдээ амралтын 2 өдөр авчирч байршуулсан гэж бодож байна. Үүний дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нямдаваа, Чимгээ байцаагч нар шалгалт хийсэн байдаг...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…шалгалтын тэмдэглэл хийж, фото зургаар бэхжүүлж, шалгалтыг дуусгасан. Маргааш өдөр нь ажил дээр хүрч ирээрэй гэж хэлээд явахад Ханара март ХХК-ийн дэлгүүрийн нягтлан гэх эрэгтэй нь манай ажил дээр хүрч ирсэн. Би түүнд танай компанийг хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэдэг үндэслэлээр 3.000.000 төгрөгөөр торгоно, та энэ компанийг төлөөлөх эрхтэй гэж бодож байна. Компанийн захирал удирдлагууд гадагшаа явсан байгаа, тийм болохоор тэдэнтэй холбогдъё гэж хэлээд дараа ирэхээр явсан. Дараа нь тухайн хүн өөрөө ирэлгүй Ханара мартаас явж байна гээд настайвтар эгч болон бараг төрөх дөхчихсөн нэг охин 2 манай ажил дээр хүрч ирж уулзсан. Би настайвтар эгчээс нь холбогдогчийн мэдүүлэг аваад 3.000.000 төгрөгөөр торгоно гэж хэлэхэд тэр хоёр хоёулаа дэлгүүрийн эздээс биднийг мөнгөө хувааж төл гээд байна. Мөнгө олохгүй хэцүү байна, бага мөнгөөр торгож өгөөч гээд өрөөн дотор уйлж гуйгаад байсан. Тэгэхээр нь за за танайх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж байсан, хаяг шошгын зөрчилтэй, дотоод хяналтын журам мөрдүүлээгүй, дотоод хяналтын нэгж ажилтангүй гэсэн олон зөрчлүүдтэй байна, тийм учраас эдгээр зөрчлүүдийг чинь багцлаад дотоод хяналт тавьж ажиллагаагүй гэдэг нэг үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгоё гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /2хх-105-107/, 

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Надад хоёр сая төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө торгуулиа багасгаж өгөөрэй гэж хэлсэн. Би захирлыгаа бодоод байцаагчаас гуйж 1.500.000 төгрөг төлөхөөр болсон. Үлдсэн 500.000 төгрөгийг нь шууд захиралдаа буцааж өгсөн. Захирал маань тухайн үед торгуулийг чинь цалин дээрээс чинь суутгана шүү гэж хэлж байсан. Урьд нь ч суутгаж л байсан. Тийм болохоор дараа нь цалингаасаа суутгуулах юм чинь багаар торгуулъя гэж бодоод байцаагчаас гуйсан юм. Захирал намайг мөнгө аваад явахад торгуулиа буулгаарай гэж бас хэлж байсан. Тэр өдөр байцаагч нь би одоо 100 айл нүүлгэх ажилтай байна. Дансаар хийж болно бэлэн төлж болно гэж хэлсэн. Тухайн үед их ажилтай юм шиг яаруу харагдаж байсан. Тэгэхээр нь бэлэн мөнгөтэй явж байсан болохоор түүнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-137-138/, 

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би захирлыг мөнгө аваачаад өг, харин жоохон багасгаад өгөөрэй гэж Мөнхцэцэгээр мөнгө өгч явуулахад нь мэргэжлийн хяналтын байцаагчид өгсөн. Энэ мөнгийг хахууль гэж өгөөгүй. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Захирлын хэлсний дагуу мөнгө аваачиж өгч, буруу зүйл хийгээгүй мөртлөө гэмтэн болж хэрэгт татагдаж байгаадаа харамсалтай байна. Мөнхцэцэг эгч бид хоёрын өгсөн мөнгө нь торгуулийн мөнгө гэж өгсөн мөнгө байсан. Мөнгө авсан хүн нь биднээс авсан мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй шүү дээ. Тухайн хүний нэхсэн мөнгийг нь өгөөд л гарсан шүү дээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нь 1.500.000 төгрөгөөр торгоно гэхээр нь тухайн мөнгийг нь өгөөд явсан. Тухайн хүн авсан мөнгөө юунд зарцуулах байсныг ёстой мэдээгүй. Тэр байцаагч чинь одоо цайны цаг болчихлоо та хоёр торгуулиа дансанд тушааж болно л доо, гэхдээ бэлэн явж байгаа бол наашаа өгчхөж болно шүү гэхээр нь өгчихсөн шүү дээ...” гэсэн мэдүүлэг /3хх-149-150/, 

 

Гэрч Ц.Пүрэвдоржийн “...”Ханара март” ХХК-ийг БНСУ-ын ирэн эхнэр, нөхөр 2 хүн ажиллуулдаг бөгөөд БНСУ-аас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж, худалддаг компани байсан. Миний хувьд Ханара март ХХ-аас хүнсний бүтээгдэхүүн авч, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүхий л Солонгос ресторануудад хүргэж өгдөг ажил хийдэг байсан. Тухайн компанид олон жил ажиллаж байгаа Оюундарь гэдэг хүн нь Ханара март ХХК-ийн БНСУ-аас оруулж ирсэн далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол амтлагч зэргийг хэрэглэх, худалдаалах хугацаа дууссан байхад хугацааг хэрхэн засдаг талаар мэдэхгүй, хугацаа засаж байхыг нь хараагүй. Эхнэр маань ч гэсэн хараагүй гэж хэлдэг. Гэхдээ манай бүх ажилчид л энэ талаар ярьдаг байсан. ...Оюундарь хамгийн анх Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан, дараа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дараа нь Улсын мэргэжлийн хяналтын газарт тус тус гомдол гаргаж хэлсэн гэсэн. Тэрээр надад эгч нь бүхийл шатанд гомдлоо гаргалаа хүлээж авдаггүй юм байна гэж хэлж байсан. Намайг ажил дээр байхгүй, хүргэлт хийгээд явж байхад Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хүмүүс ирээд Ханара март ХХК-ийн баруун 4 замын Голомт хотхоны байранд байрлах дэлгүүр дээр шалгалт хийсэн гэсэн. Шалгалт хийхдээ олигтой үзэж, шалгасан юм байхгүй, тэгж ингэс гээд гараад явсан гэдгийг сонссон. Гэтэл тэр өдрөөс хойш буюу 2018 оны 10 дугаар сарын дундуур Ханара март ХХК-ийн эмэгтэй захирал нь намайг Мөнхцэцэг эгчтэй хамт дэлгүүрээс гаргасан. Мөнхцэцэг эгч дэлгүүрээс гарахдаа нягтлан бодогч Батхүүгээс мөнгө авсан. Би хэдэн төгрөг авсныг нь сайн санахгүй байна. Би Мөнхцэцэг эгчийг ажлын Старекс маркийн автомашиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байр буюу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын шинэ байрны гадаа очсон. Тэр үед тухайн өдөр 7 хоногийн 1 өдрийн амралтаа авсан байсан Оюундарь эгчийг “за болохоо байлаа” гэж хэлж гэрээс нь Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн гадаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-96-98/,

 

Гэрч Д.Батхүүгийн “...Манай компанийн худалдагч Оюунгэрэл нь Ханара март компани хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зардаг гэсэн утгатай гомдлыг мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан гэдгийг дараа нь сонссон. ...Баасанбат гэдэг хүн нь оффист орж ирээд бид нар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс явж байна Баасан гэдэг гээд бичиг баримтаа үзүүлсэн. Тэгээд танайд шалгалт хийхэд хугацаа дууссан бүтээгдэхүүн байна, нэгэнт ийм зөрчил илэрсэн учраас танай асуудлууд дарга удирдлагууддаа танилцуулна, танай компанийг торгож таарна шүү, хугацаа дууссан бүтээгдэхүүний бичиг баримтуудыг үзэх шаардлага байна. Та хойноос ирж уулзаарай гэж хэлж ярьж, барааны шинжилгээний бичиг баримтуудаа үзүүл гээд шаардаад байхгүй байсан шиг санаж байна. Түүнтэй хамт явсан эмэгтэй нь бол бид хоёр хамт явж байгаа юмаа гэж хэлсэн. Баасанбатыг надтай уулзаж байхад дэлгүүрт шалгалт хийгээд байх шиг байсан юм. Баасанбат байцаагчийн хойноос орж ирээд хамтдаа гараад явсан. ...маргааш нь Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс дээр очиж, Баасанбат байцаагчийн өрөөнд  орж түүнтэй уулзсан. Та ер нь компанийг төлөөлөх эрхтэй хүн мөн үү гэж асууж байсан. Би түүнд зөвхөн данс тооцоо л хариуцдаг, мөнгө төгрөгийн асуудлыг мэдэхгүй, шийдвэр гаргах түвшний хүн нь биш биш, захирлууддаа танилцуулъя гэхэд за за тэгвэл та шийдвэр гаргах эрхтэй хүнээ явуулаарай гэж хэлсэн. ...Ханара март ХХК-ийн орлого, зарлага мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг захирлууд өөрсдөө бие дааж шийддэг. Тэднээс өөр мөнгөтэй харьцах хүн байхгүй. Эрэгтэй, эмэгтэй 2 захирлын аль нэг л мөнгө өгсөн байх учиртай. Би яг хэн нь өгснийг хараагүй учраас мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-112-113/, 

 

Гэрч Л.Эрдэнэчулууны “...Надад 1.500.000 төгрөг гэж огт хэлээгүй. 3.000.000 төгрөгийг Ханара март ХХК-аас би аваад бүгдийг нь Баасандорж даргад өгсөн чинь надад шагнал гээд 300.000 төгрөгийг нь буцааж өгсөн гэж хэлсэн шүү дээ. Би бас урьд нь 500.000 төгрөгийг Д.Баасанбат нь Ханара март ХХК-ийн асуудлаас хойш 3 удаа өргөдөл өгсөн. Эхлээд би ажлаасаа гармаар байна гэсэн өргөдөл өгсөн. Дараа нь би өөр дүүрэгт шилжиж ажилламаар байна гэсэн утгатай өргөдөл өгсөн. Сүүлд нь чөлөө өгөөч, эхнэрээ эмчлүүлмээр байна гэсэн утгатай өргөдөл өгсөн. Би аль ч өргөдлийг нь шийдээгүй.  Баасандорж дарга надаас та .Баасанбатыг чөлөөлөөд өгчхөөч гээд надаас гуйгаад Д.Баасанбатаас өгсөн 3 хүсэлтийг алиныг нь ч шийдээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-120-123/, 

Гэрч Б.Батшагайн “...Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийн баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналтын улсын байцаагч Э.Б нь Ханара Март ХХК-ийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг. Тэгэхэд тухайн хүнсний дэлгүүрт хаяг, шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа дууссан гэх зэрэг олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байхад Э.Б нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг бүрэн баримталж, хяналт шалгалт хийлгүйгээр Ханара март ХХК-ийн хүнсний дэлгүүртэй холбоотой гомдлыг хялбаршуулсан журмаар хааж шийдвэрлэсэн байсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор зөрчил илэрсэн нөхцөлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх ёстой байдаг. Гэтэл Э.Б нь энэ хуулийн заалтыг биелүүлээгүй байдаг. ...Э.Б нь Ханара март ХХК-тай холбоотой гомдлыг шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараах шийдвэрүүдийн аль нэгийг гаргана" гэсэн заалтыг зөрчиж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон. ...Баасандорж нь тухайн үед Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Э.Бад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийг баталсан бөгөөд хэлтсийн дарга нь үйл ажиллагаа явуулж буй улсын байцаагч нарынхаа хяналт шалгалттай холбоотой асуудлыг хянаж байх үүрэгтэй байдаг. М.Баасандоржийг Э.Бын явуулсан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-183-184/,

 

Гэрч Х.Чимгээгийн “...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун 4 замын уулзварын Голомт хотхонд байрлах Ханара март ХХК-ийн дэлгүүр дээр тухайн өдрийн 12 цаг өнгөрч байхад ирэхэд Хүнсний дэлгүүрийн хэвтээ хөргүүрүүдэд Солонгос улсад үйлдвэрлэсэн далайн гаралтай хугацаа дуусч, хугацааг нь засварласан хүнсний бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр хадгалж, худалдаалж байсан. ...Ханара март хүнсний дэлгүүрт худалдаалж байсан 51 нэр төрлийн 475 ширхэг, 21.890 кг жинтэй 4.782.300 төгрөгийн үнэлгээтэй хугацаа дууссан болон засварласан хүнсний бүтээгдэхүүнүүдийг битүүмжилсэн. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалах, хэрэглэх хугацаа дууссан, хэрэглэх хугацааг засварласан гэдэг үндэслэлээр битүүмжилж, түргэн муудах бүтээгдэхүүн байсан учраас агуулахад байрлах хөргүүртэй агуулахад аваачиж лацадсан.” гэсэн мэдүүлэг /2хх-185-188/,  

 

Гэрч О.Нямдаваагийн “...Э.Б гэдэг байцаагч Ханара март ХХК-д
хяналт шалгалт хийсэн гэдгийг бол мэдсэн. Ханара март ХХК-ийн хүнсний дэлгүүрт
байсан хөлдөөгчийг ухаад үзэхэд хаяг, шошгийн зөрчилтэй, хугацааг нь засварласан гэдэг нь харахад илт байсан. Э.Б байцаагч бидний ирүүлсэн зөрчлийг илрүүлэх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-192-193/, 

 

Гэрч Б.Оюунгэрэлийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын дуудлага хүлээн авах утсанд анх мэдээлсэн юм. ...Би Баасанбат байцаагч руу утсаар залгаад ... "та шалгахдаа супер маркетийн хажууд гал тогоо байгаа, тэр өрөөнд хугацаа засдаг эд зүйлүүд нь бүгд байгаа, хөлдөөгчин дотор хугацаа нь дууссан бууз баншнууд байгаа" гэж хэлсэн боловч "би ажлаа мэдэж байна" гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд манай ажил дээр ирж үзчихээд олигтой шалгасан юм байхгүй яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-89-90/,

 

Холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон М.Баасандоржийн яллагдагчаар мэдүүлсэн “...Ханара Март” ХХК-д Э Баасанбат, Өлзийбаяр байцаагч 2 шалгалт хийж ирээд “Э.Б нь энэ компанид ямар ч асуудал байхгүй байна гэ амаар танилцуулсан. Гэтэл хэд хоногийн дараа Ханара Март ХХК-ийн асуудлаар хэвлэл мэдээллээр гарч Босоо Хөх Монгол ТББ-аас мэдээлэл хийгээд эхэлсэн. Тэгтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд намайг дуудаад яваад очсон чинь энэ Ханара Март ХХК-ийн асуудал юу болоод байгаан бэ гэж асуухаар нь манай Баасанбат, Өлзийбаяр байцаагч 2 шалгаж ирээд ямар ч асуудалгүй байна гэж танилцуулсан шүү дээ гэж хэлсэн. Гэтэл Э.Б байцаагчийн дуудаж уулзъя гээд дуудсан чинь ирэхгүй удаж удаж ирэхдээ царай нь сонин болчихсон ирсэн. Түүний газрын удирдлагууд баахан загнаж, “Чи хахууль авсан уу? Чамайг ажлаас чинь хална, хуулийн байгууллагад шалгуулна” гэж хэлээд гаргасан. Ингээд Э.Б ажил дээр ирээд уулзсан чинь “намайг шалгалтаар очиход хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүд байсан юм. Би тухайн компанийн ажилчдаас 1.0 сая төгрөг авчихсан юм. Би ямар ч материал бүрдүүлээгүй. ...тэрээр 1.0 сая төгрөгийн торгууль тавьж арга хэмжээ авсан материал бүрдүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-116/,

  

Э.Бын ажлын байрны тодорхойлолт /1хх-117-122/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/14-199 дугаартай “гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамж /1хх-21-22/,

“Ханара март” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн тухай тайлбар /1хх-24/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0177160 дугаартай шийтгэлийн хуудас /1хх-30/,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/1166 дугаартай "Зөрчлийн гомдлын талаар" гэх албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн "...иргэн О.Оюунгэрэлээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан "Ханара март хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж байна" гэх гомдлыг улсын байцаагч Э.Б 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр прокурорт танилцуулж бүртгүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан 1000 нэгж" гэх бүртгэлийн хуулбар /1хх-200/,

Худалдаа хөгжлийн банкны 457039754 дугаартай Э.Бын дансны хуулга /2хх-179-181/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-174/,

шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-111, 3хх-208-209/, оршин суугаа газрын тодорхойлолт /4хх-6, 18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-191-193/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /3хх-231-250, 4хх-1-4, 7-17, 19-24/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /4хх-118-121/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Б нь "ХАНАРА МАРТ" ХХК-нд холбогдох "хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулсан" гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгах явцдаа тус компанийн захирал БНСУлсын иргэн Парк Хьюн Сукийн "хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах" ашиг сонирхлын үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэх, эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, үндэслэл бүрдээгүй байхад хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд,

мөн шалгалтын явцад илэрсэн "хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан" гэх зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаас бага хэмжээгээр торгууль ногдуулахаар урьдчилан амлаж буюу хийх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мөн дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байран дотор "ХАНАРА МАРТ" ХХК-ийн ажилтан С.М, Д.О нараас 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан гэрч Ц.Пүрэвдорж, Д.Батхүү, Б.Батшагай, Х.Чимгээ, О.Нямдаваа нарын мэдүүлгүүд, холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон М.Баасандоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Бын сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

шүүгдэгч С.М, Д.О нар нь хамтран бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байран дотор "ХАНАРА МАРТ" ХХК-ийн хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулсан зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Бад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан "ХАНАРА МАРТ" ХХК-ийн захирал БНСУлсын иргэн Парк Хьюн Сукийн хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор биет 1.500.000 төгрөгийг өгсөн болох нь гэрч Ц.Пүрэвдорж, Д.Батхүү нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.М, Д.О нарын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Э.Бын дээрх “ХАНАРА МАРТ” ХХК-ийн ажилтан С.М, Д.О нараас 1.500.000 төгрөгийг хахуульд авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 

Шүүгдэгч С.М, Д.О нарын дээрх шүүгдэгч Э.Бад 1.500.000 төгрөгийг хахуульд өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.М, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч С.М, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор, шүүгдэгч С.М, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б, С.М, Д.О нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдгээрийн ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан шүүгдэгч Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.М, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч С.М, Д.О нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Харин шүүгдэгч Э.Бын тухайд хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.    

 

Үүнээс гадна шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгох нь зүйтэй хэдий боловч тэрээр уг 1.500.000 төгрөгийн 500.000 төгрөгийг өөртөө авсан, харин 1.000.000 төгрөгийг 2018.10.16-ны өдөр "ХАНАРА МАРТ" ХХК-ийн өмнөөс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улаанбаатар банк дахь 2611038142 тоот дугаар дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч Э.Бын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Баас 500.000 төгрөгийг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улаанбаатар банк дахь 2611038142 тоот дугаар данснаас 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Мөн тус Эрүүгийн хэрэгт прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн Э.Бын өмчлөлийн арлын ZVW305062633 дугаартай, 6788 УБЛ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч С.М, Боржигон овогт Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг хамтран бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Б нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.О нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийг тус бүр 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.О нарын цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.М, Д.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

мөн шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 500.000 төгрөгийг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улаанбаатар банк дахь 2611038142 тоот дугаар данснаас 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.Шүүгдэгч Э.Б, С.М, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн өмчлөлийн арлын ZVW305062633 дугаартай, 6788 УБЛ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10 .Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, С.М, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР