Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 182/2017/00966/И |
Дугаар | 001/ХТ2018/00339 |
Огноо | 2018-03-01 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2018/00339
П.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01805 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2017/02367 дугаар магадлалтай,
П.Д-ийн нэхэмжлэлтэй,
Ж.Ц-д холбогдох,
Гэм хорын хохиролд 14.286.187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Д-, өмгөөлөгч С.Санжаажамц, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч П.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө СБД-ийн 19-р хороо Хуурай мухарын замд хариуцагч Ж.Ц-гийн 16-46 УБЦ Toyota fancargo маркийн автомашинд сууж явж байгаад зам тээврийн осолд орж биедээ хүнд гэмтэл авснаас болж эмнэлэгт олон сараар хэвтэн эмчлүүлж одоо Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ болон боолт хийлгэж байгаа. СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 144 тоот шийтгэх тогтоолоор Ж.Ц-д 1 жилийн хорих ялыг тэнссэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүүг өгч байхаар шийдвэр гарсан. Ж.Ц-гаас эмчилгээний зардалд 2016 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар 9.500.000 төгрөг нэхэмжилж авснаас 9.280.350 төгрөг нь шүүхийн шийтгэл тогтоолоор баталгаажсан. Голомт банкинд ажиллаж байхдаа авч байсан 1 сарын цалингийн дундаж нь 1.354.776 төгрөг, 1 сард авч буй тэтгэвэр 420.657 төгрөгийн зөрүүд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх 12 сарын хугацаанд 11.209.428 төгрөг, шийтгэх тогтоол гарснаас хойших эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зэрэг хохирол, зардалд 3.076.759 төгрөг, бүгд 14.286.187 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд эмчилгээний зардал ...9,280,350 төгрөг нь шүүхээр баримтаар баталгаажсан... гэж буруу зүйл бичсэн байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор баримттай 3.600.000 төгрөгийг төл гэсэн шийдвэр гарсан. Түүнийг мөрдөн байцаалтын явцад төлсөн байгаа. Түүнээс биш шүүхээс Ж.Ц-гийн эмчилгээний зардалд 9.280.350 төгрөг төл гэсэн шийдвэр гараагүй. Гарсан бол шийдвэр гүйцэтгэх албаны журмаар төлөх ёстой. Ж.Ц-д 5.0 саяар 1 удаа, 4.5 сая төгрөгөөр 1 удаа нийт 9.500.000 төгрөгийг төлсөн. Ж.Ц- нь эмчилгээний зардалд өгсөн мөнгийг эмчилгээнд зарцуулалгүй банкинд мөнгөн хадгаламж болгон өөрийнхөө нэр дээр хуримтлал бий болгосон байдаг. Харин мөнгөн хуримтлал хадгаламж төлөх үүрэгтэй гэж хуульчлаагүй. Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ болон боолт хийлгэхэд хэвтэж эмчилгээ хийлгээгүй байхад 2.061.400 төгрөгийн зардал гарсан гэдэгт итгэхгүй байна. Ж.Ц- нь өгсөн мөнгийг эмчилгээнд хэрэглэхгүй банкинд хийчхээд давхардуулан эмчилгээний зардал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулинд цалингийн зөрүү гэж зааж өгөөгүй байна. Ж.Ц- ажил олгогч биш. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад П.Д-ийг 3.386.075 төгрөгийн хохиролтой гэж бичсэн байна. Гэтэл Ж.Ц-д 9.5 сая төгрөгийг төлсөн. Мөн Голомт банк дутуу авсан цалин хөлсийг нь нөхөөд өгчихсөн. Ажлын газрын хамт олон 25 сая төгрөг өгсөн, дансанд нь орсон байхад хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01805 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ц-гаас 13.970.828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 315.359 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ж.Ц-гаас 227.804 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2017/02367 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01805 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...499 дүгээр зүйлийн 499.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ж.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.805 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01805 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2017/02367 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь Улсын ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивт хадгалагдаж байгаа Ж.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн материалаас хохирогч П.Д-ийн “хэрэгт гаргаж өгсөн баримтыг өгөхгүй, шүүхээр авахуул” гэж хариу өгөөд байхад уг нотлох баримтыг гаргаж өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэгт П.Д-ийн гаргаж өгсөн баримт нь энэ хэрэгт гаргаж өгсөн баримттай давхцаж байгаа. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч П.Д-д 9.280.359 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй. Мөн “Ж.Ц-г эрүүгийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч П.Д-д 9.280.359 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байх тул” гэж огт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэгт П.Д-д учирсан хохирлын хэмжээг 3.386.075 төгрөг гэж тогтоосон байгаа. Харин хариуцагч түүнээс илүү буюу 9.500.000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд гэм хорын хохиролд Ж.Цэвэллмаагаас 14.286.187 төгрөг төл гэснээс урьд төлсөн 9.500.000 төгрөгийг хасч 4.786.187 төгрөг гаргуулах гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч П.Д- нь хариуцагч Ж.Ц-гаас 14.286.187 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.
Хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 5-ны шөнө Toyota fancargo маркийн 16-46 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчид шаант болон тахилзуурын ил хугарал, баруун дунд чөмөгний хоёрлосон далд, зүүн дунд чөмөгний ил хугарал, аарцаг ясны далд хугарал, хоёр шууны далд хугарал, зүүн өвдөгний дунд шарх, гайморын хөндийн урд хана, зүүн 3, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Уг гэмтлийн улмаас нэхэмжлэгчид 9.280.359 төгрөгийн хохирол учирсан, хариуцагч эмчилгээний зардалд 9.500.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурджээ.
Нэхэмжлэгч Шийтгэх тогтоол гарснаас хойш эмчлүүлсэн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилжээ.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа эмчилгээний зардалд илүү төлбөр төлсөн, ...банкны ажилтнууд 25 сая төгрөгийн хандив тусламж өгсөн, ...ажиллаагүй 2 сарын цалинг Голомт банк өгсөн гэх тайлбарыг гаргасан ба төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Хариуцагч Ж.Ц- гэм буруутай болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдсоноос гадна нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт өгч, хариуцагчаас 13.970.828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2017/02367 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбатын гомдлыг хангахгүй орхиусгай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 166.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ