Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0226

 

 

 

 

 

 

 

 

“А г Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор, “А г Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “А г Ч” ХХК-ийн захирал Д.Т 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

А г Ч” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын хайгуулын .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А г Ч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын хайгуулын .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“А г Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Монгол шуудан” ТӨХК-ийн 17011-53 ШҮС салбарт нэхэмжлэгч “А г Ч” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 0,495 кг “Буухиа бичиг захидал”-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 51263741, ...илгээмжийг хүлээн авч хаягийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14:55 цагт ажилтан н.Отгонтуяад гардуулсан болох нь шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон” гэжээ.

Дээрх дүгнэлт нь хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг илэрхийлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр болохыг нотлон харуулж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэст” гэсэн хаягаар илгээсэн буухиа шуудан төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст очсон эсэх талаар баримт цуглуулаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

2. “ажилтан н.Отгонтуяа” нь төрийн захиргааны байгууллагын ажилтан мөн эсэх хэрэв мөн бол ямар нэгжийн өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ мэргэжилтэн мөн эсэхийг нотолсон ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

3. Нэхэмжлэгчийн “Монгол шуудан” ТӨХК-ийн салбараар үйлчлүүлэн 0,495 кг “Буухиа бичиг захидал”-ыг төрийн захиргаан байгууллага хүлээн авсан болохыг нотолсон баримт гэх мэт хэргийг бодитой шударга, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг нотлон харуулж байна.

Хоёр: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...нэхэмжлэгч “А г Ч” ХХК-ийн өөрийн ашигт малтмалын хайгуулын .... .... .... .... .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсаргагдах баримт бичгийн хамт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүргүүлснийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө гаргасанд тооцно гэж үзлээ” хэмээн дүгнэжээ.

Шүүх хавтаст хэрэгт байхгүй, төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй ашигт малтмалын хайгуулын .... .... .... .... .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг уг өргөдөлд хавсаргагдах баримт бичгийн хамт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна.

Гурав: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн нийтийн албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэгжүүлсэн байжээ” гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлт нь бодит нөхцөл байдал болон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үүргийнхээ дагуу цуглуулаагүй болохыг нотолсон хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Нийтэд ил байгаа баримтаар тухайн цаг үед төрийн байгууллагууд хэвийн ажиллаж байсан бөгөөд Монгол улс дотооддоо цар тахлыг алдаагүй, хөл хорио болон хатуу хязгаарлалтуудыг хэрэгжүүлж эхлээгүй байсан цаг үе юм.

Дөрөв: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “А г Ч” ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын .... .... .... .... .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д  “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ...өргөдлийг ...гаргана ...шийдвэрлэхгүй орхигдуулсан” гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийг /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд “А г Ч” ХХК-иас ирүүлээгүй байгаа өргөдлүүдийг хүлээн авсан мэтээр дүрслэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлж шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт “А г Ч” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын .... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэнтэй холбоотой үйл баримтыг, мөн энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасантай нийцсэн эсэх талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн, өөрөөр хэлбэл тус компанийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 25-ын өдөр дуусгавар болохоос 1 сарын өмнө буюу 8 дугаар сарын 25-ны өдөр сунгуулах хүсэлтээ шууданд хийснийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно. 

            Гэвч энэхүү маргаанд шууд хамааралтай баримтууд болох тэрхүү шууданд хийсэн гэх хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд хавсаргасан бусад баримтыг хэрэгт нотлох баримтаар авалгүйгээр, түүнчлэн ийнхүү аваагүй шалтгаанаа “…шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэх байдлаар тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 8/4011 дүгээр хариу бичиг, нэхэмжлэлд холбогдох хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлын агуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх татгалзлын үндэслэлээ зөвхөн хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэхээс гадна өргөдөл, холбогдох бичиг баримтуудыг хавсарган ирүүлээгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс ч хүсэлтийг хүлээн авахыг даалгах шаардлагатайгаа холбогдуулан шууданд хийсэн гэх баримтуудаа нотлох баримтаар өгөөгүй байхад, мөн хэргийн 156 дахь талд авагдсан “А г Ч” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ын өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст шуудангаар хүргүүлсэн гэх хүсэлтдээ тодорхой шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх материалууд бүрэн, эх хувиараа хүргэгдэх боломжгүй байгаа талаар дурдсанаас үзэхэд тухайн үед чухам ямар баримтыг хүсэлтдээ хавсаргаж өгсөн болохыг тодруулахгүйгээр, энэ талаарх баримтыг цуглуулалгүйгээр хүсэлтийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухай захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэнтэй нийцээгүй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох” бус, харин “сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг хүлээн авахыг даалгах” гэж тодорхойлсон энэ тохиолдолд “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг даалгаж” шийдвэрсэнийг хуулийн дээрх зохицуулалт дахь “шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” гэсэнтэй адилтган үзэх боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт өргөдлийг хүлээн авсан тухай ямар нэгэн шийдвэр гаргах талаар огт зохицуулаагүй, харин өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, бүртгэлд тэмдэглэхээр хуульчилсан.

            Иймд зөвхөн сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагаварт хүргэхгүй, нөгөөтэйгүүр хууль зүйн талаасаа даалгах шаардлагын хүрээнд зайлшгүй ямар нэгэн захиргааны акт гаргахыг хариуцагчид үүрэг болгох байдлаар маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцнэ.

            Тиймээс анхан шатны шүүх “Монгол шуудан” ТӨХК-ийн 17011-53 дугаар салбарт 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэх 0.495 кг баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэрт буухиа баримт бичгийг хүлээн авсан гэж тэмдэглэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтан н.Отгонтуяагаас тухайн үед чухам ямар баримт бичгийг хүлээн авсан, хэний шийдвэрээр шуудангаар ирсэн баримт бичгийг буцааж өгөх болсон талаар гэрчийн мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтыг цуглуулах ажиллагааг явуулж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэргийг нэг мөр бүрэн гүйцэд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах гомдлын шаардлагаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах гэж тодруулсан болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасан заалтуудыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН