| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1056/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 316
2020 04 06 2020/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1909035681101 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Этүгэн” дээд сургуульд оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эгч нарын хамт, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд хохирогч Д.Баасансүрэнг "миний хайртай охинтой унтсан гэж хэллээ" гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед баруун хоншоор ясны өмнөд ханын хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл баруун нүдний дээд, доод, зовхи, зүүн шуунд цус хуралт, дух зүүн чих, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр салхинд гарах гэж Мөнх-Эрдэнэ найзынхаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтод байдаг зуслан дээр нь Мөнх-Эрдэнэ, Билгүүтэй, Баасансүрэн мөн Билгүүтэйгийн найз охин бид 5 хамт ирсэн юм...манай найз Баасансүрэн нилээн согтоод тэгээд надад би чиний найз охин Уянгааг бараг 100 удаа шаасан байхаа гэж хэлсэн тэгэхээр нь би уурлаж би тэр охинд хайртай байсан гэж уурлаж бид 2 маргаж байгаад би Баасансүрэнгийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон тэгсэн Баасансүрэн зөрүүлээд миний нүүр рүү цохисон би Баасансүрэнгийн нүүр рүү нь баруун гарын тохойгоор тохойлдож цохисон унахаар нь нуруу хэсэгт нь 3, 4 удаа өшиглөсөн би ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. ...бид хоёрыг зодолдоход Билгүүтэй болон Билгүүтэйгийн найз охин болиулах гэж оролдоод би хажууд байсан сандлаа бариад чи зайл гэж Баасансүрэн рүү орилсон чинь Баасансүрэн зугтаагаад явчихсан. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,
хохирогч Д.Баасансүрэнгийн: “…2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Билгүүтэй, Баасанхүү, Мөнх-Эрдэнэ гуравтай хороололд писи тоглоомын газар байна гэхээр нь очиж уулзаж маргааш нь хамт Мөнх-Эрдэнийн зуслан руу явахаар болоод маргааш нь буюу 8 дугаар сарын 27-ны өдөр Баасанхүү, Мөнх-Эрдэнэ, Билгүүтэй, Билгүүтэйгийн найз охин бид 5 хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтод байдаг зуслан дээр нь шөнийн 01 цаг болж байхад очоод бид хэд 0.75 литрийн 2 шил архи, 4 ширхэг том 2.5 литрийн пиво хувааж уугаад сууж байгаад Баасанхүү архи уухдаа дүүрэн хийж уугаад байхаар нь би яагаад маяглаад байгаа юм бэ зүгээр уугаач гэсэн тэгсэн Баасанхүү нилээн муудаад намайг хоёулаа гараад сайхан зодолдъё чи намайг барах уу гэхээр нь би чамайг угаасаа барахгүй, би чадахгүй гэсэн тэгсэн тэгвэл чи надад нэг цохиул гэсэн тэгэхээр нь би чадахгүй гэсэн чинь миний нүүр рүү цохиж, би сандал дээр сууж байгаад унасан юм. Тэгсэн миний дээрээс намайг цохиж. өшиглөж төмөр сандал байсан тэрийг аваад сандлаар намайг цохиж зодсон...тэгээд гадаа байсан үзүүртэй төмөр байсан тэрийг аваад над руу далайж одоо ална би гоё зоодог юм гэж байснаа над руу далайсан тэгэхэд нь баруун гараараа хаасан тэр үед миний баруун гарын шуу хэсэг зүсэгдсэн тэгээд намайг хөлөөрөө нүүр руү жийж унагаагаад бүдүүн модны мөчрөөр миний биеийн бүх хэсэг рүү цохиж. зодож байснаа одоо наадахыг чинь ална, явуулж болохгүй гэж модонд ууж байсан архины шилээ хагалах гээд цохиод байсан тэр үед нь Билгүүтэй намайг одоо зугт гэж хэлээд би хашаа даваад зугтаагаад нэг мэдсэн айлын хашаан дотор ороод нэг эгчийг цагдаа дуудаад өг гэж гуйгаад аав, ээж хоёр руу мөн ярьсан. Би өмнө нь Баасанхүүтэй үерхэж байсан эмэгтэйтэй үерхэж байсан юм тэгээд би 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уулзахдаа чи наад охинтойгоо одоо хүртэл харьцдаг юм уу би наад охинтой чинь зөндөө удаа унтсан чи наад охиныхоо шалдан зургийг авах уу гэж хэлсэн тэгээд тухайн өдрөө бид 2 маазраад өнгөрсөн юм тэгсэн намайг зоддог өдрөө чи миний хайртай охинтой унтсан гэж шалтаг болгож зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-16-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10447 тоот актын “…Д.Баасансүрэнгийн биед баруун хоншоор ясны өмнөд ханын хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун нүдний дээд доод зовхи, зүүн шуунд цус хуралт, дух, зүүн чих, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-19/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, хохирлын баримт /хх-93-99/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-42-43/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд хохирогч Д.Баасансүрэнг "миний хайртай охинтой унтсан гэж хэллээ" гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед баруун хоншоор ясны өмнөд ханын хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл баруун нүдний дээд, доод, зовхи, зүүн шуунд цус хуралт, дух зүүн чих, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Баасансүрэнгийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10447 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Бг хохирогч Д.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Д.Баасансүрэн нь энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 264 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Б.Б нь тус эрүүгийн хэрэгт нийт 33 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 33 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсугай.
4.Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч Д.Баасансүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР