Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0092

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч М. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овогт ын -д холбогдох 1908048371677 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Торгууд овогт ын  /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

М. нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа тус барьцаалан зээлдүүлэх газрын хөрөнгийг хувьдаа завших зорилгоор иргэн Б....ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр барьцаанд тавьсан үнэт эдлэлүүдээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “2,960,000 төгрөгийн үнэ бүхий опол чулуун шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулоны хослол, сарнай хэлбэртэй монетон ээмэг, Солонгос монетон гинж, Турк монетон гинж” зэрэг эд зүйлсийг нь хуурамч нэрээр тус барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байдлаар хуурамч баримт бүрдүүлж, “Арвин” барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

               1.Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би “Шарцэмбэн” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулаад, 2016 оны 04 дүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хрроо, Шөнийн худалдааны зах дотор “Шарцэмбэн” ХХК-ийн нэр дээр “Арвин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулж эхэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ломбарданд ажиллах хүн шаардлагатай болоод зар тавихад,  гэх эмэгтэй ирж уулзсан. Уг эмэгтэйг дадлагажигч ажилтнаар хэсэг хугацаанд ажиллуулж байгаад, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээний ажилтнаар ажиллуулж эхэлсэн. ... 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай ломбарданд ажиллаж байсан ... утсаар залгаад, ... гэх хүн ирээд, 3,000,000 төгрөгний барьцаанд тавьсан үнэт эдлэлээс зарим зүйлс нь алга байна гэхээр нь хэдэн грамм байснаас хэдэн грамм нь алга болоод байна гэж асуухад, анх тавихад 71,8 грамм гэж бичигдсэн. Харин одоо граммыг нь үзэхэд 51 грамм болоод байна гэсэн. Би ... гэх эмэгтэйтэй уулзаад ыг дуудаж ирүүлээд асуухад эхлээд аваагүй гэж байгаад цагдаад дуудлага өгөхөд авсан тухайгаа хэлсэн.  хэлэхдээ ...ын эд зүйлсээс зарим эд зүйлсийг нь аваад, буцаагаад ломбарданд барьцаанд тавьсан гэж хэлсэн. Би хугацаа нь дуусаж борлуулагдсан бараануудын жагсаалтруу орж үзэхэд, опол шигтгээтэй монетон хослол зарагдсан байхаар нь зургийг нь харуулахад ... мөн байна гэж хэлсэн. Харин бусад эдлэлийнх нь зураг байхгүй байсан тул бичилтээр нь хайх боломжгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-33 х/,

             2.Иргэний нэхэмжлэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн үнэт эдлэлүүд болох опол чулуун шигтгээтэй бөгж, кулоны хослол 1 ширхэг, ногоон церлон чулуун шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулоны хослол 1 ширхэг, бриллант шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол 1 ширхэг, рубен церлон шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулоны хослол, улаан чулуун шигтгээтэй сарнай хэлбэртэй монетон ээмэг 1 ширхэг, талст хэлбэртэй монетон ээмэг 1 ширхэг, Турк монетон гинж 1 ширхэг, Солонгос монетон гинж 1 ширхэг зэргийг сарын 2 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьж 3,000,000 төгрөг авсан. Түүнээс хойш би үндсэн зээлээ төлөх боломжгүй байсан учир сар бүр хүүг нь төлж явсан. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн төлбөрөө өгч өөрийн үнэт эдлэлүүдээ аваад бүртгэж үзэхэд хагас нь болох опол чулуун шигтгээтэй бөгж, кулоны хослол 1 ширхэг, сарнай хэлбэртэй монетон ээмэг 1 ширхэг, Солонгос монетон гинж, Турк монетон гинж алга байсан. ... Захирал нь ирээд, урьд ломбарданд ажиллаж байсан  гэх эмэгтэйг дуудаад, асуухад эхлээд би аваагүй гэж байгаад, цагдаад дуудлага өгсний дараа миний үнэт эдлэлүүдээс талыг нь авсан гэдгээ хүлээсэн. Тэр  гэх эмэгтэй хэлэхдээ миний үнэт эдлэлээс хагасыг нь аваад, өөр хүний нэр, регистр зохиож бичээд, ломбардандаа буцааж тавиад, ломбарданы хугацаа дуусаж зарагдсан бараануудын хамт зарагдсан гэж хэлсэн. ... Би монетон эдлэлүүдээ ломбарданд тавихаас өмнө грамлаж үзээгүй. Харин “Арвин” ломбарданд тавихаар очиход  миний монетон эдлэлүүдийг бөөнөөр нь граммлаад, надад 71,8 грамм болж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-27 х/,

           3.Шүүгдэгч М.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг, Шөнийн зах дотор байрлах “Арвин” гэх ломбарданд барьцаалан зээлдүүлэгчээр ажилд орсон. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай ломбарданд ... гэх хүн монетон эдлэлээ барьцаанд тавихаар ирсэн. Би уг ... гэх хүний монетон эдлэлүүдийг грамлаж үзэхэд, 71,8 грамм байсан. Би тэр үеийн ханшаар нэг грамм монетыг 50,000 төгрөгөөр нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөгийг зээл олгосон. Уг ... эгч үндсэн зээлээ төлж чадахгүй гээд 2018 оны 10 дугаар сар, 11 дүгээр сарын хүүгээ төлөөд явсан. Тухайн үед би хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор тэрийгээ дарах гээд ... гэх хүний барьцааны эд зүйлсийг задалж байгаад, Опол шигтгээтэй, монетон ээмэг, кулон, бөгж гурвыг нь аваад, өөр хүний нэр, регистрийн дугаар зохиож бичээд өөрийнхөө ажиллаж байсан ломбардандаа барьцаа болгож тавиад, эхлээд 300,000 төгрөг авсан. Дараа нь 590,000 гаран мянган төгрөг авсан. ...Би иргэн ...т 2,960,000 төгрөгийг төлж барагдуулсан. ...хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 64-67, 68-71, 110 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            4.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... бид хоёр Нийслэлийн 62 дугаар дунд сургуульд хамтсуралцаж 2009 онд 11 дүгээр ангийн төгсөж одоог хүртэл харилцаа үерхэж нөхөрлөж байгаа сайн найзууд байгаа юм. Найз  нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2-48 тоотод эмээ болон 2 дугаар ангид сурдаг охиныхоо хамт амьдардаг. Их засаг их сургуулийн Олон улсын эрх зүйн ангийг төгсөж мэргэжлээрээ ажиллаагүй, ломбард, гоо сайханы газрууд зэрэгт ажиллаж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнд их тусархаг, ажилсаг, хүнтэй нийтэч хүн бөгөөд сагсан бөмбөг гар бөмбөгөөр хичээллэх дуртай хүн байгаа юм. Хүнтэй гэр бүл болж байгаагүй бөгөөд сургуульд байхдаа хүнтэй үерхэж байгаад охинтой болсон хамт амьдарч байгаагүй. Би ямар асуудалд холобгдоод байгааг нь мэдэхгүй болохоор өөр ямар нэгэн зүйл хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/,

               5.”Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Монетан гинж 10,9 гр 1,260,000 т, опол шигтгээтэй хослол 7,8 гр 980,000 т, шигтгээгүй монетан ээмэг 3 гр 450,000 т, турк монетан гинж 2,7 гр 270,000 т” нийт 2,960,000 төгрөг /хх 55 х/,

               6.Ч.Ариунзаяаг ажилд томилсон тухай “Хос инвест” ХХК-ийн захирлын тушаал /хх 72 х/

               7. “Арвин 1” барьцаат зээлийн гэрээ /хх 77, 82 х/

               8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 87 х/

               9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 88 х/

               10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 89 х/ зэрэг болно.

Шүүгдэгч М. нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа тус барьцаалан зээлдүүлэх газрын эзэмшилд байсан иргэн Б....ийн барьцаанд тавьсан үнэт эдлэлүүдээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “2,960,000 төгрөгийн үнэ бүхий опол чулуун шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулоны хослол, сарнай хэлбэртэй монетон ээмэг, Солонгос монетон гинж, Турк монетон гинж” зэрэг эд зүйлсийг хувьдаа захиран зарцуулж бусдад 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           Хохирогч А....ын “...  хэлэхдээ ...ын эд зүйлсээс зарим эд зүйлсийг нь аваад, буцаагаад ломбарданд барьцаанд тавьсан гэж хэлсэн. Би хугацаа нь дуусаж борлуулагдсан бараануудын жагсаалт руу орж үзэхэд, опол шигтгээтэй монетон хослол зарагдсан байхаар нь зургийг нь харуулахад ... мөн байна гэж хэлсэн. Харин бусад эдлэлийнх нь зураг байхгүй байсан тул бичилтээр нь хайх боломжгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-33 х/,

          Иргэний нэхэмжлэгч Б....ийн “...Тэр  гэх эмэгтэй хэлэхдээ миний үнэт эдлэлээс хагасыг нь аваад, өөр хүний нэр, регистр зохиож бичээд, ломбардандаа буцааж тавиад, ломбардны хугацаа дуусаж зарагдсан бараануудын хамт зарагдсан гэж хэлсэн. ... Би монетон эдлэлүүдээ ломбарданд тавихаас өмнө грамлаж үзээгүй. Харин “Арвин” ломбарданд тавихаар очиход  миний монетон эдлэлүүдийг бөөнөөр нь граммлаад, надад 71,8 грамм болж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-27 х/,

          Шүүгдэгч М.ын “...... гэх хүний барьцааны эд зүйлсийг задалж байгаад, Опол шигтгээтэй, монетон ээмэг, кулон, бөгж гурвыг нь аваад, өөр хүний нэр, регистрийн дугаар зохиож бичээд өөрийнхөө ажиллаж байсан ломбардандаа барьцаа болгож тавиад, эхлээд 300,000 төгрөг авсан. Дараад нь 590,000 гаран мянган төгрөг авсан. ...Би иргэн ...т 2,960,000 төгрөгийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 64-67, 68-71, 110 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          ”Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Монетан гинж 10,9 гр 1,260,000 т, опол шигтгээтэй хослол 7,8 гр 980,000 т, шигтгээгүй монетан ээмэг 3 гр 450,000 т, турк монетан гинж 2,7 гр 270,000 т” нийт 2,960,000 төгрөг /хх 55 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

         М. “Хос инвест” ХХК-ийн “Арвин” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа “Арвин” барьцаалан зээлдүүлэх газрын түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан, М. “Хос инвест” ХХК-ийн захирлын тушаалаар дээрх ажилд томилогдсон байх тул уг гэмт хэргийн субьектийн шалгуурыг хангасан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

Шүүгдэгч М.  иргэн Б....ийн нийт 2,960,000 төгрөгийн эд зүйлсийг захиран зарцуулж хувьдаа завшсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 2,960,000 төгрөгийг шүүгдэгч М. буцаан төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 27 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Улсын яллагч: М.од 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

            М. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгийг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Торгууд овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгийн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.од мэдэгдсүгэй.

4.М.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2,960,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ