Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

 

 

2020           04          08                                        2020/ШЦТ/326

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Л.Мажигсүрэн,

          шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909032550375 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, "Кореан эйр" ХХК-ийн төлөөлөгч ажилтай, ам бүл-1, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.А /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч О.А нь 2019 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр "Чонон бөртэ" төвийн орчим Г.Хүслэнгийн нүүр хэсэгт удаа дараа цохиж унагаан, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зүүн шанаа, дагзны хуйх, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Зууралдааны үеэр хохирогч Хүслэн залуу манай найз Энхтүвшин хоёр гараараа бариад авахаар нь би хохирогч Хүслэнг нүүрэнд 2-3 удаа цохиод газар унагаасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,

 

Хохирогч Г.Хүслэнгийн "...би 2019 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийн эхнэр Баярцэцэг, эхнэрийн найз нарын хамт Сөүлийн гудамжаар 1 дүгээр сургуулийн урд явж байгаад караоке орохоор Чонон бөртэ төвийн үүд хэсэг рүү би түрүүлээд явсан. Манай хэд миний араас явж байсан. Би Чонон бөртэ төвийн өндөр шаттай хаалган дээр очиход өндөр шатан дээр нь 7-8 залуучууд зогсож байсан. Би тэр шат руу нь гүйгээд гарахад миний араас юугаа хараав гээд нэг залуу нь орилох шиг болсон...тэгээд зууралдаан дундуур яваад ороход ногоон өнгийн цувтай залуу миний араас татаж байгаад миний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиход би дагзаараа саваад унасан. Тэгээд би нэг сэргэхэд миний нүүр хавдчихсан миний нүүр амнаас цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Гэрч Д.Баярцэцэгийн "...1 дүгээр сургуулийн урд байдаг Чонон бөртэ төвийн орчимд очиход манай нөхөр Хүслэн караоке асуухаар Чонон бөртэ төвийн шаттай хаалга руу нь явсан...тэр үед манай нөхрийн араас гүйж байсан эрүүлжүүлэхэд хоносон залуу газарт унагаачихсан хөлөөрөө нүүр амгүй өшиглөж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч О.Номин-Эрдэнийн "...миний харснаар Хүслэнг эрүүлжүүлэхэд хоносон, туранхай биетэй залуу зодож цохиод байсан. Хүслэнг зодоод байсан тэр туранхай залуу их уур омогтой байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Б.Энхболдын "...зодоон дунд нэг харахад Хүслэн замын боржуран дээр суучихсан хамар амнаас нь цус гарчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Н.Энхтүвшингийн "...хохирогч Хүслэнг над руу ирээд намайг бариад авахад миний хажууд зогсож байсан манай найз Ананд хохирогч Хүслэнгийн нүүр хэсэгт дараалаад 2-3 удаа цохиод газарт унагаасан. Хүслэн Анандад цохиулаад хойшоо саваад унасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10287 тоот актын “…Г.Хүслэнгийн биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зүүн шанаа, дагзны хуйх, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-13/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-38-39/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.А нь 2019 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр "Чонон бөртэ" төвийн орчим Г.Хүслэнгийн нүүр хэсэгт удаа дараа цохиж унагаан, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зүүн шанаа, дагзны хуйх, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Хүслэн, гэрч Д.Баярцэцэг, О.Номин-Эрдэнэ, Б.Энхболд, Н.Энхтүвшин нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №10287 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Аын хохирогч Г.Хүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Аын дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Хүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР