| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01692/И |
| Дугаар | 135/шш2017/00022 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/00022
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01692/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ****** хороолол, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ******* хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ***** тоотод оршин суух, ******, ******* овогт ******* ******* холбогдох
500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Зээлдүүлэгч П.******* нь зээлдэгч 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, зээлийн гэрээ бичгээр байгуулан нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний 1, 8-д зааснаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусч байгаа бөгөөд үндсэн зээлийн хүүгийн хамт нийт 1.200.000 төгрөгийг буцаан төлж дуусгахаар тохирсон байдаг. Гэтэл зээлдэгч нь 2015 оны 07 дугаар сарын сүүлээр 700.000 төгрөгийг бэлнээр одоог хүртэл төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хуулийн дагуу бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 500.000 төгрөг гаргуулахаас 400.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 23-ны өдөр 50.000 төгрөгийг төлж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлснөөр дуусгавар болно. Нэхэмжилсэн 500.000 төгрөгнөөс 100.000 төгрөгөөс татгалзсан болно. Нэхэмжлэгч нь алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлнө. Хариуцагч нь дээрх заасан хугацаанаас өмнө бүрэн төлж барагдуулна. Төлбөрийг нэхэмжлэгч П.*******ийн Хаан банкны тоот дансанд тушааж байна. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бөгөөд ямарваа нэгэн байдлаар зөрчихгүй болно. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэхүү гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд хариуцагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талд үл маргах журмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд эхүүд нэгэн адил хүчинтэй байна. Талууд тус бүрт 1 хувь байна. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь хариуцагч Т.******* холбогдуулан 500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 400.000 төгрөг төлөх талаар зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь хариуцагч Т.******* холбогдуулан 500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...500.000 төгрөг гаргуулахаас 400.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 23-ны өдөр 50.000 төгрөгийг төлж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлснөөр дуусгавар болно. Нэхэмжилсэн 500.000 төгрөгнөөс 100.000 төгрөгөөс татгалзсан болно...” гэх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 12.650 төгрөгийн тал хувь болох 6.325 төгрөгийг хариуцагч гаас, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 6.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА