| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0084/Э |
| Дугаар | 0098 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 0098
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч Э....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1908056141899 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, ... ХХК-нд хими технологич ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын .../.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Э....нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ...тоотод “Мөнгө үрдэг үрэлгэн” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ц....ийг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагзны баруун хажуу хөхлөг сэртэн орчмын эдэд зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсэг, баруун бөөрний түвшинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүнээс мөнгө зээлсэн талаараа ярьж байгаад би ...д хандаж нөгөө хүнээс зээлсэн хүүтэй мөнгийг өгөх болсон шүү, чи мөнгийг нь өгнө шүү гэж хэлсэн. Өмнө нь ...3 дугаар сард хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгч байсан болохоор нь би тэр мөнгийг яаж өгсөн юм бэ гэж асуусан чинь чамд ямар хамаатай юм гээд намайг тоохгүй утсаа оролдоод суугаад байхаар нь би утсыг нь булаагаад авсан чинь надаас утсаа авах гээд булаацалдаж байгаад миний гарнаас утсаа булааж аваад халаасандаа хийчихээр нь би дахиад утсыг нь авах гэж булаацалдаж байгаад халаасыг нь урсан чинь чи ийм зэвүүн байхгүй юу гэж хэлээд заавал миний муухай араншинг харах гээд байгаа юмуу гээд миний үснээс зулгааж орноос буулгаад, хоолой боохоор нь би хөлнөөс нь хазсан чинь толгой руу цохиод багалзуурдаж байгаад нуруу руу цохиод үсдэж зодохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед учирсан энэ гэмтлийг нөхөр Э....гараараа цохиж учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
2.Шүүгдэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байсан чинь ... чи яаж зээл төлсөн юм гээд асуугаад байсан. ... хүнээс годон гутал авна гэж 1,500,000 төгрөг, би утас засуулна гээд 700,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд хүүтэйгээ 3,300,000 төгрөг болсон байхаар нь би компаниасаа цалингийн урьдчилгаа аваад л төлсөн байсан. Надаас яаж төлсөн юм гэж асуугаад байхаар нь тэр мөнгө төгрөг яаж төлсөн нь ямар хамаатай юм бэ, чи зүгээр үр хүүхэд, гэртээ анхаарал тавь гэж хэлсэн. Тэгсэн ... уурлаад үсчээд намайг цохиод өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би орлуу түлхсэн, ... муухай орилоод чарлаад байсан бөгөөд би дээрээс нь дарж сууж байгаад толгой руу нь алгадаад хоолойг нь боосон чинь миний гарыг тавиулаад шилбэнээс хазсан. Би ...ийн дээрээс дарж байгаад боссон чинь ... цагдаад дуудлага өгсөн. ...ийн биед учирсан бүх гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шинжээчийн 12956 тоот дүгнэлт
1.Ц....ийн биед тархи доргилт, дагзны баруун хажуу хөхлөг сэртэн орчмын эдэд зөөлөн няцрал, хүзүүний баруун хэсэг, баруун бөөрний түвшинд цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 28 х/,
4.Аюулын зэргийн үнэлгээ “бага” гэх дүгнэлт /хх 13-16 х/
5.Ажлын газрын тодорхойлолт /хх 63 х/
6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 65 х/
8.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 66 х/
9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 103 х/
10.Эвлэрсэн тухай баримт /хх 116 х/ зэрэг болно
Шүүгдэгч Э....нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ...тоотод гэртээ “Зээлийн төлбөрийн асуудлаас болж хоорондоо маргалдан” Ц....ийг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагзны баруун хажуу хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсэг, баруун бөөрний түвшинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц....ийн “... миний үснээс зулгааж орноос буулгаад, хоолой боохоор нь би хөлнөөс нь хазсан чинь толгой руу цохиод багалзуурдаж байгаад нуруу руу цохиод үсдэж зодохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед учирсан энэ гэмтлийг нөхөр Э....гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
Шүүгдэгч Э....ын “... ... уурлаад үсчээд намайг цохиод өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би орлуу түлхсэн, ... муухай орилоод чарлаад байсан бөгөөд би дээрээс нь дарж сууж байгаад толгой руу нь алгадаад хоолойг нь боосон чинь миний гарыг тавиулаад шилбэнээс хазсан. ... ...ийн биед учирсан бүх гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 12956 тоот дүгнэлт
1.Ц....ийн биед тархи доргилт, дагзны баруун хажуу хөхлөг сэртэн орчмын эдэд зөөлөн няцрал, хүзүүний баруун хэсэг, баруун бөөрний түвшинд цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Э....нь Ц....ийн биед тархи доргилт, дагзны баруун хажуу хөхлөг сэртэн орчмын эдэд зөөлөн няцрал, хүзүүний баруун хэсэг, баруун бөөрний түвшинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Э....хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Э....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.
Шүүгдэгч Э...., хохирогч Ц.... нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 66 х/-гаар тогтоогдож байгаа тул тэдгээрийг дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э....ын эхнэр Ц....ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ц.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь эвлэрсэн тухай баримт /хх 116 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Э....ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн санал болгосон торгуулийг ялыг зөвшөөрч байна гэсэн.
Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э....ыг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э....д мэдэгдсүгэй.
5.Э....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ