Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2017/00026

Дархан-Уул аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00910/и

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, 12 дугаар баг, Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар байрны 40 тоотод байрлах “Ворлдейнти” ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар байрны 40 тоотод оршин суух, Боржигон овогт Даариймаагийн Одцэцэг /РД: ТЛ/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74Б-18 тоотод оршин суух, Эндээ овогт Цэсэнжавын Отгонбаяр /РД: ТЛ72122072/ нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 251,472,355.6 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““Ворлдейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нар нь Хаан банктай 2013 оны 7 сарын 24-ний өдөр 1709 тоот зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн  “Ворлдейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Одцэцэг нар нь дахин тус банкнаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот зээлийн гэрээгээр тээврийн хэрэгсэл авахаар нэмэлт 50,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Бизнесийн ашиг орлого буурсантай холбоотойгоор 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1709, 193 тоот гэрээнүүдэд өөрчлөлт оруулж, үлдэгдэл хугацааны төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Гэтэл харилцагч нарын зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хуваарьт төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банк гэрээгээ цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь гаруулахаар нэхэмжлэл гаргасан байгаа.

-2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот гэрээгээр зээлсэн 200,000,000 төгрөгийн хувьд зээлийн төлбөрт төлсөн дүн нь: Үндсэн зээлийн төлбөрт 43,685,480.60 төгрөг, хүүгийн төлбөрт 75,595,743.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 458,437.63 төгрөг нийт 119,739,661,78 төгрөгийг төлсөн байна. Үүнээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөөгүй байгаа үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 156,314,519.40 төгрөг, хүүгийн төлбөрт 31,451,142.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,157,214.48 төгрөг, нийт 189,922,876.71 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа.

-2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 193 тоот гэрээгээр зээлсэн 50,000,000 төгрөгийн хувьд зээлийн төлбөрт төлсөн дүн нь: Үндсэн зээлийн төлбөрт 12,579,323.25 төгрөг, хүүгийн төлбөрт 9,839,844.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,960.68 төгрөг, нийт 22,425,128.38 төгрөгийг төлсөн. Үүнээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөөгүй байгаа үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 37,420,676,75 төгрөг, хүүгийн төлбөрт 7,529,245,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүийн төлбөрт 368,149,17 төгрөг, нийт 45,318,71,12 төгрөг төлөөгүй үлдсэн байгаа. Дээрх дүнгүүд нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр буюу анхны нэхэмжлэлийн дүн байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 25,682,307,22 төгрөг нэхэмжилсэн байгаа. 1709 тоот гэрээний хувьд зээлийн хүүгийн төлбөрт 17,853,259.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,294,642 төгрөг, 193 тоот гэрээний хувьд зээлийн хүүгийн төлбөрт 4,019,858.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 509,547.3 төгрөг, нийт 25,682,307,22 төгрөг байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь 193 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 9,494,000 төгрөг төлсөн байгаа. Энэхүү төлсөн дүнг хасаж тооцож нэхэмжлэлээ гаргасан. Мөн нотариатын үйлчилгээний зардалд 43,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд нийт нэхэмжлэлийн дүн 251,472,355,06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот барьцааны гэрээний зүйл болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх-Уул ард байрлах, Замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий Ворлддейнти ХХК-ийн эзэмшлийн газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга,  312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, 193 тоот гэрээний барьцаа хөрөнгүүд болох Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай барилга, үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг барьцаалсан бөгөөд дээрх нэхэмжилж буй төлбөрийг эдгээр барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарт холбогдуулан, 2013 оны 7 сарын 24-ний өдрийн 1709, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын зардалд нийт 235,284,047.83 төгрөгийг гаргуулах, үүргийн гүцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 25,682,307.22 төгрөгөөр нэмэгдүүлж, “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нараас үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын зардалд нийт 251,472,355,06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын хүсэлтээр хамтран хариуцагчаар Ц.Отгонбаярыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн захирамжаар татан оролцуулсан болно.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1709 дугаар зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах Хаан банкнаас “Ворлддейнти” ХХК-ийг төлөөлж Э.Бямбасүрэн, хамтран зээлдэгчээр Д.Одцэцэг нар нь  200,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт, техник худалдан авах зорилгоор тус тус зээлж, зээлийн гэрээ тус бүр 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй байхаар тохирчээ. /хх-13-22 дугаар хуудас/

2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх ЗГ/1709, ЗГ/193 дугаартай гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/1709-1, ЗГ/193-1 дугаар гэрээг тус тус  байгуулж, гэрээгээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг зааж, гэрээ тус бүрийн үлдэгдэл хугацааны төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсөн бөгөөд гэрээний хугацаанд өөрчлөлт оруулаагүй байна. /хх-32-33, 38-39 дүгээр хуудас/

 

Мөн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/1709 дугаар барьцааны гэрээгээр “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий газар, БГҮ/1709-1 дугаар барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга,  312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмж, БГҮ/1709-2 дугаартай  барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн БГ/193 дугаар барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг тус тус барьцаалсан болох нь дээр дурдсан барьцааны гэрээнүүд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000301033 дугаартай гэрчилгээ, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000132608 дугаар гэрчилгээ, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104408 дугаартай гэрчилгээ, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000232983 дугаар гэрчилгээ, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000180693 дугаартай гэрчилгээ, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар өмчлөх эрхийн бүртгэлийн 000080492 дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох Э.Бямбасүрэн нь компанийн захирал, мөн иргэний хувиар зээлийн гэрээг байгуулж, давхар гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх зээлийн гэрээнд “нөгөө талаас “Ворлддейнти” ХХК, түүнийг төлөөлж Мухар овогт Эрдэнэ-Очирын Бямбасүрэн /цаашид зээлдэгч/, Боржигон овогт Даариймаагийн Одцэцэг /цаашид хамтран үүрэг гүйцэтгэгч гэх/” гэж заасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... тус зээлийг компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Э.Бямбасүрэн нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар компанийг төлөөлж тус гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Хаан банк болон “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “ хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байна.

Мөн талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хариуцагч нар нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд 1709 дугаартай гэрээний хувьд шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан байгаа тул одоо хугацаа дуусаагүй байгаа 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй” гэж тайлбарладаг болно.

 

            Хариуцагч “Ворлддейнти” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэн, хамтран хариуцагч Д.Одцэцэг нарт үндсэн нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 08, 13-ны өдрүүдэд, хамтран хариуцагч Ц.Отгонбаярт үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын хувийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус гардуулсан бөгөөд хариуцагч нар нь хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

            Мөн шүүх хуралдааны товыг хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т тус тус заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

 

            Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох нь нэхэмжлэлийн шаардлагаа Ц.Отгонбаярт холбогдуулж байгаа үндэслэлээ зээлийн гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан учир зээлийн гэрээний үүргийн хамтран хариуцах үүрэгтэй гэж тайлбарладаг болно.

2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1709, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээнүүдэд гэрээ байгуулсан тал гэдэг дээр Ц.Отгонбаярын нэр ороогүй бөгөөд ЗГ/1709 дугаартай гэрээн дээр батлан даагч гэж гарын үсэг зурсан хэдий ч хариуцагч Ц.Отгонбаяр нь тус зээлийн гэрээнд ямар эрх, үүрэгтэйгээр оролцох, гэрээний үүргийг хамтран хүлээх талаар заагаагүй байхад гэрээнд зөвхөн гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг түүнд холбогдуулах үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-т: “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр  байгуулна”, 459.3-т: “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын  дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Банк болон Ц.Отгонбаяр нарын хооронд батлан даалтын гэрээ бичгээр байгуулагдаагүй, үүрэг гүйцэтгэгч нарын өмнөөс батлан даагч хэрхэн хариуцлага хүлээх талаар тохиролцсон нөхцөл нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй, Ц.Отгонбаярын гарын үсэг зурсан гэх гэрээнд түүний эдлэх эрх, хүлээх үүргийн талаар заагаагүй байх тул Хаан банк, “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг Ц.Отгонбаяр хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Ц.Отгонбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарын хувьд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1709 дугаартай гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан байгаа боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 156,314,519.40 төгрөг, зээлийн хүү 31,451,142.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,157,214.48 төгрөг, нийт 189,922,876.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй...” гэсэн тайлбар, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.2 дахь заалт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдэл, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч “Ворлддейнти” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэнд олгосон Хаан банкны мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байх боловч хариуцагч нар нь тус зээлийн гэрээний 6.1.1-т заасан зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг банк гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд “хариуцагч “Ворлддейнти” ХХК болон Д.Одцэцэг нар нь зээлийн төлбөрийг сар бүр зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зээл эргэн төлөх график зөрчиж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хүү төлөөгүй, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 37,420,676.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,529,254.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 368,149.17 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш үндсэн зээлээс 9,494,000 төгрөгийг төлсөн түүнээс өөр төлөлт хийгээгүй.” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч нар үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх гэрээний хувьд нэхэмжлэгчээс хариуцагч нарт гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар мэдэгдэж байсан болох нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ҮГ/1993-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.2, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдэл, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч “Ворлддейнти” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэнд олгосон Хаан банкны мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай гэрээний 6.1.1-т: “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байхаар заажээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.

 

            Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбараас хариуцагч нарын хүсэлтээр тэдгээрийн бизнесийн борлуулалтын орлого буурсан шалтгааны улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтөнд өөрчлөлт оруулж байсан болох нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/193-01 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 1.3-дахь заалтаар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар нэхэмжлэгчээс хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж байсан байдал зэргийг дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт гэрээний үүргийн зөрчлийг арилгах буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч “Ворлддейнти” ХХК болон Д.Одцэцэг нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хаан банк нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

           

2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1709 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д тус тус “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцэж байна.

 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлтэй байна.

           

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас нийт /2 гэрээний нийт дүнгээр/ үндсэн зээлийн төлбөрт 184,241,196.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 60,853,506.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,334,552.88 төгрөг, нийт 251,429,255.05 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь нотариатын зардалд нийт 43,100 төгрөгийг төлсөн болох нь хрэгт авагдсан Хаан банкны 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нараас нотариатын зардалд 43,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хх-6-7 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

Иймд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга,  312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлаж байгаа боловч 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/1709-1 дугаар барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Ворлддейнти” ХХК-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж жагсаалтаар гэж заасан боловч хэрэгт тус жагсаалт авагдаагүй, жагсаалтанд ямар хөрөнгө орсон болох нь тодорхойгүй байх тул тус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан Хаан банк, “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын  зардалд нийт 251,472,355.06 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Дархан салбарт олгож, хариуцагч Ц.Отгонбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006211 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019649 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204002385 дугаартай, 312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003012243 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000680 дугаарт бүртгэгдсэн Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000679 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,415,311 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,415,311 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ