| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0130/Э |
| Дугаар | 0169 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0169
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт ...ын ...д холбогдох 1908058511841 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд худалдааны зөвлөх ажилтай гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Т.... нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн баян уулын ...тоотод “гэрээс явлаа” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б....ийг толгой хэсэг рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... өглөө усанд явахаар нь би байхгүй хойгуур нь гэрээс гараад автобусны буудал дээр зогсож байсан чинь ... миний араас ирээд чи хаачих гэж байгаа юм харъя гээд байсан тэгэхээр нь би үгүй гэсэн чинь намайг чирээд гэрлүүгээ аваад явсан. ... намайг гэртээ оруулж байгаад гэрт байсан 0,5-ийн архи байсан чинь нөгөөхөө ганцаараа уугаад намайг ална гээд заазуур барьж над руу дайраад байсан. Намайг орон дээр сууж байсан чинь чи гэрээс явлаа гээд ... миний зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд миний нүд өвдөөд хөхөрч хавдсан байсан. ...би шүүх хуралд суухгүй. Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21-22, 24 х/,
2.Шүүгдэгч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би ...ийн нүүрэн тус газар гараараа нэг л удаа цохисон өөр цохиж барьсан асуудал байхгүй. ......ийн биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ... Би өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 67-68 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би гэрт байж байсан чинь ...гийн гэрт хүмүүс орилоод байх шиг байсан тэгээд би гэрээсээ гараад гэрт нь ороод харсан чинь ... шал согтуу ... нь орон дээр уйлчихсан зүүн талын нүд рүүгээ цохиулчихсан сууж байсан. Б....ийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Өөр гэмтэл шарх учраагүй байсан. ...... ... хоёр гэрлэлтээ батлуулаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/,
4.Гэрч Г.Мартын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... манай охиныг маш их харддаг, өмнө нь ... надад 2019.10 сард нүдрүү өшиглөөд хөхөрцөн хоолойг нь боосон гээд хэлж байсан. над руу ... намайг зодоод байна ирээд аваач гээд утсаар ярьдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,
5.Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.11.03-ны өдөр гэртээ байсан чинь ... хувцсаа угаана гээд усанд явж байсан, тэгсэн манай бэр ... гэртээ байснаа гэнэт гэрээсээ гараад явж байхад нь би ...д очиж ... гэрээсээ гараад явж байна гэж хэлсэн чинь ... араас нь очоод авчираад гэртээ оруулсан. Тэгээд гэртээ ороод маргаад байх шиг байсан. тэгээд нилээн байж байгаад гэрлүү нь орсон чинь ... архи уучихсан ...ийн нүдийг цохичихсон байсан. тэгээд би ...г аваад гарсан. Тэгээд цагдаа нар удаагүй гэрт ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 34 х/,
6.Шинжээчийн 13329 тоот дүгнэлт
1.Б....ийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 38 х/,
7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41 х/
8.Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 42-43 х/
9.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 44-48 х/
10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 50 х/
11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51 х/
12.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 52 х/ зэрэг болно
Шүүгдэгч Т.... нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн баян уулын ...тоотод хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гэр лүүгээ явах гэлээ хэмээн хамтран амьдрагч Б....ийн толгой хэсэг рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б....ийн “...Намайг орон дээр сууж байсан чинь чи гэрээс явлаа гээд ... миний зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд миний нүд өвдөөд хөхөрч хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22, 24 х/,
Шүүгдэгч Т....гийн “...би ...ийн нүүрэн тус газар гараараа нэг л удаа цохисон өөр цохиж барьсан асуудал байхгүй. ......ийн биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 67-68 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ч....ийн “...... шал согтуу ... нь орон дээр уйлчихсан зүүн талын нүд рүүгээ цохиулчихсан сууж байсан. Б....ийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Өөр гэмтэл шарх учраагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/,
Гэрч Ч....ийн “...... архи уучихсан ...ийн нүдийг цохичихсон байсан. тэгээд би ...г аваад гарсан. Тэгээд цагдаа нар удаагүй гэрт ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 34 х/,
Шинжээчийн 13329 тоот дүгнэлт
1.Б....ийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 38 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Т.... нь Б....ийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Т.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Т....гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.
Шүүгдэгч Т...., хохирогч Б.... нар хамтран амьдрагч нар болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 21-22 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т....гийн хамтран амьдрагч Б....ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т....гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь “надад одоо гомдол санал байхгүй” гэх түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 24 х/, бичгээр гаргасан баримт /хх 87 х/-аар тус тус тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Т....г 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ял шийтгэл дээр хэлэх зүйлгүй гэсэн.
Т....гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр урьд захиргааны шийтгэл хүлээж байсан, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүхээс 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харчин овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т....г 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т....д мэдэгдсүгэй.
4.Т....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ