| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01459/И |
| Дугаар | 135/шш2017/00017 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 135/шш2017/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/1459/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт ******* *******,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт *******ийн *******,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******тоотод оршин суух, регистрийн дугаар ******* ******* овогт *******ийн ******* нарт холбогдох
Хашаа, байшингаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганхуяг, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банкны Дархан салбарын захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганхуяг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот захирамжаар банк ХХК / хуучин нэрээр Эрэл банк/-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа явуулж 000348626 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******** тоот хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан болно. Хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн, хувийн сууцанд өнөөдрийг хүртэл Ц.*******, С.*******, С.******* гэх иргэд нь оршин суусаар байгаа тул банкны өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч, хариуцагч С.*******, С.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү С.******* нь Эрэл банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Дархан сумын 15-р баг 1-85 тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.******* нь автын осол гаргасны улмаас шүүхээс хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Маргаан бүхий хашаа байшин нь Л.Батхүү, С.*******, С_*******, Ц.******* бидний дундын хөрөнгө юм. Гэтэл хорих ангид очоод С.*******гийн гарын үсэг зуруулаад явсан байсан. Гэтэл хамтран өмчлөгч 3 хүнээс зөвшөөрөл аваагүй банкны өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч банкны Дархан салбар нь хариуцагч Ц.*******, С.*******, С.******* нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшингаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч банкны Дархан салбар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар Эрэл банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй С.*******, нарт холбогдох 16 326 526 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ авч өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 16-17/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ****** хөгжлийн банкны Дархан салбар нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан гэж маргаж байгаа боловч энэ нь хашаа, байшингаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч С.*******, С.******* нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд, болон шүүх хуралдаанд хариуцагч Ц.******* төлөөлөн оролцсон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшинг хариуцагч Ц.*******, С.*******, С.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА