Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 0212

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр

Улсын яллагч Ж.Отгончимэг,

Шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ногоон овогт ...гийн ...т холбогдох 1908058481819 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа улирлын чанартай ажил эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 11 дүгээр гудамж 25 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо дунд наран 19-ын задгайд түр оршин суух, урьд

- 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлййн 1 дэх хэсгийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ногоон овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Ж.... нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ...А тоотод оршин суух иргэн Ц....ийн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хос монетон ээмэг, эмэгтэй хүний гинж, эмэгтэй хүний бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 867,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр 1908058481819 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Хохирогч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 19-20 х/,

           2.Иргэний нэхэмжлэгч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 26-27 х/,

3.Шүүгдэгч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 70-71 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Ө....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 31-32 х/,

   5.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 29 х/,

6.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 х/

7.“Хас банкны хадгаламжийн дэвтэр 1,500 төгрөг, эмэгтэй арьсан түрийвч 15,000 төгрөг, миний дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 1,000 төгрөг, БСБ-гийн хөнгөлөлтийн карт 3,000 төгрөг, И мартын хөнгөлөлтийн карт 1,000 төгрөг, автобусны карт 3,000 төгрөг, нийт 24,500 төгрөг” гэх “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 41 х/,

8.“монетан бөгж 3,7 гр 585 сорьц 333,000 төгрөг, монетон гинж 14 к 240,000 төгрөг, монетон 1 хос ээмэг 14 к 3гр 585 сорьрцтой 270,000 төгрөг, нийт 843,000 төгрөг”  Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-46 х/,

9.Хохирлын баримт /хх 58 х/

10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 х/

11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60 х/

12.Хохирогч Ц....тэй утсаар ярьсан тэмдэглэл /хх 99 х/

13.Иргэний нэхэмжлэгч Б....ын бичгээр гаргасан баримт /хх 100 х/

14.Хохирол төлсөн баримт /хх 116 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

            Шүүгдэгч Ж.... нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ...А тоотод оршин суух иргэн Ц....ийн байнга амьдрах гэр лүү эзгүй хойгуур нь нэвтрэн орж хос монетон ээмэг, эмэгтэй хүний гинж, эмэгтэй хүний бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 867,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Ц....ийн “...Тухайн үед нөхөртөө хандаж манай гэрт хулгай орсон байна түрийвч, паск байхгүй дотор нь байсан ээмэг, бөгж бүгдийг нь аваад явчихсан байна гэж хэлсэн чинь манай нөхөр надад хэлэхдээ ... байж магадгүй, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө надтай ... 00-ийн гадаа таараад хүмүүстэй утсаар яриад байсан гэж хэлсэн. Миний монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйл алдагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,

           Иргэний нэхэмжлэгч Н....ын “...Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, тухайн үед эд зүйл барьцаалсан гэх хүн цахим үнэмлэхтэй ирсэн учир үйлчилсэн байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/,

Шүүгдэгч Ж....ийн “… өглөө 10 цагийн үед ...ийн гэр очиход хаалга нь онгорхой байхаар нь гэр лүү ороод авдар дахь цүнхийг задлаад үзэхэд бичиг баримтууд болон хадгаламжийн дэвтэр, ээмэг, бөгж зүүлт зэрэг эд зүйл байсан юм. Тэгээд би ээмэг, бөгж, зүүлтийг аваад цүнхтэй бичиг баримтыг машины ард нуусан. Сайн ломбарданд барьцаанд 430,000 төгрөгөнд тавьсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 70-71 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ө....ийн “... Охин надад хэлэхдээ гэр цоожгүй, авдрын таг аваад тавьсан байсан гэж хэлж байсан. Хос монетон ээмэг, эмэгтэй хүний гинж, эмэгтэй хүний өргөн бөгж байсан, хоёр хүүхдийн хадгаламжийн дэвтэр, улаан өнгийн эмэгтэй хүний түрийвч задгай мөнгө, хөнгөлөлтийн картууд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.... хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар айлын гэр лүү нэвтэрч ээмэг, бөгж, зүүлтийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч Ж....ийн нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай гэр бөгөөд нууцаар уг гэр лүү нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Шүүгдэгч Ж.... нь айл руу хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Ц....ийн шаргал өнгийн металл өрөөсөн ээмэг 1 ширхэг 1,5 гр, шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг 3,6 гр, шаргал өнгийн метал гинж 1 ширхэг 2,3 гр зэрэг эд зүйл буцаан олгогдсон болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 х/-ээр Ц.... өрөөсөн монетон ээмгээ нэхэмжлэхгүй гэсэн нь “би алдсан эдлэлүүдээ авсан, харин өрөөсөн ээмгээ аваагүй байсан, одоо өрөөсөн ээмгээ авахгүй, гомдол саналгүй” гэх түүнтэй утсаар ярьсан тэмдэглэл /хх 99 х/-ээр, иргэний нэхэмжлэгч Н....ын хохирол 451,000 төгрөг төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 116 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Шүүгдэгч Ж....т 2 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг их биш, хохирол төлөгдсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр шүүгдэгч маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 01 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

           Шүүгдэгч Ж.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тоогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш нөхөн төлөгдсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

         Ж.... нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 11 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ногоон овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж....ийг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж....ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж....ийн урьдчилан цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Ж....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол, хор уршиг нөхөн  төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ