Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0062

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...д холбогдох 1908048111753 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар ...жижүүрийн сургалтанд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Наран хотхоны ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы ... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр сургуулийн 16 ангиас Хуавэй фирмийн у-5 загварын гар утас 1 ширхэг, гар утасны гэр 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу бусдад нийт 358.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд 1б анги даасан бага ангийн багш ажилтай. Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим шинээр сургуульд орж байгаа 1б ангийн 40 хүүхдүүдийг ангидаа оруулсан юм. Тэгээд би ангийнхаа хүүхдүүдийн зургийг

авах гээд өөрийнхөө гар утсаар зураг авчихаад багшийн ширээн дээр тавьсан. Би хүүхдүүдээ бүртгээд хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд байж байхад хамгийн сүүлд хоёр хүүхэд болон эцэг эх нар болон туслах хоёр багш үлдээд байж байсан. Би дахиад зураг авах гэтэл миний ширээн дээр байсан утас байхгүй болчихсон байсан. ...Би өөрийн утас руу залгаж үзэхэд миний утас унтарсан байсан. Би өглөө гэрээсээ гарахдаа утасаа цэнэглэж байгаад гарсан тул утасны цэнэг дуусах боломжгүй юм. Манай ангид ямар нэгэн хяналтын камер байхгүй. Миний алдсан утас Хуавэй у-5 2018 оны загварын саарал өнгийн утас байсан. Би утсаа 2019 оны 01 дүгээр сард 540,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ягаан өнгийн гэртэй. Би утасныхаа гэрийг 8,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

2.Иргэний нэхэмжлэгч Л....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ... гэх эмэгтэй, Хуавэй у-5 ягаан өнгийн гэртэй цагаан саарал гар утсыг 10 хоногийн хугацаатай 80,000 төгрөгөөр барьцаалсан. ......гаас гар утас барьцаалсан мөнгөө нэхэмжилж байна. Би тэр гар утсыг хулгайн гар утас гэж мэдээгүй. ...мэдэх боломж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,

3.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  ангийн үүдний хажуу талын тавиур дээр ягаан өнгийн гэртэй Хуавэй у-5 маркийн цагаан саарал өнгийн гар утас байсан. Хүн хараагүй байхаар нь нууцаар аваад цүнхэндээ хийгээд авч гараад шууд Баянхошууны тойргийн тэнд ломбарданд 80,000 төгрөгөөр барьцаалаад тэр чигтээ хаячихсан юм. Тэгтэл над руу цагдаагаас саяхан залгаад дуудахаар нь очиж уулзахад миний гар утас авсан хэргийг мэдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 51-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь миний төрсөн ах ...ий ганц охин байгаа юмаа. Тэгээд манайд 4-5 настай байхдаа ирээд 6 настай 104 дүгээр сургуульд орж сураад 1 дүгээр ангиасаа Дарханлуу аав руугаа шилжиж очоод тэндээ дунд сургуулиа төгсөөд ирсэн. Манайд 2019 оны 08 дугаар сарын сүүлээр ирсэн. Тэгээд энд Төмөр замын коллежид суралцаж байгаа. ...гийн ээж аав хоёр нь бид нарыг бүр бага байхад нь салаад одоо ... хойд эхийн гар дээр байдаг. Манай дүү уг нь ааш зангийн хувьд даруухан дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй, архи тамхи хэрэглээд байдаггүй, гадуур дотуур дэмий тэнээд байдаггүй, өмнө нь ямар нэг хэрэг түвэгт холбогдоод ял шийтгэл эдлээд байсан зүйл байхгүй. Миний дүү уг нь сагсан бөмбөг, волейбол сайн тоглодог төмөр замын коллежид байхдаа уг спортоор медаль шагнал авч байсан хичээл сурлагадаа сайн, шатар сайн тоглодог хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,

5.Гэрч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь манай ээжийн төрсөн ахын ганц охин байгаа юм, манай дүү 2000 онд Архангай аймагт төрсөн, одоо 19 настай, одоогоор Төмөр замын коллежид сурч байгаа, тэгээд манай гэрт амьдадаг юмаа. Саяхан сургуулийнхаа дадлагаар Дархан уул аймагт байж байгаад ирсэн, уг нь ааш зангийн хувьд их дуулгавартай, даруухан, элдэв муухай ааш зан байхгүй их л зөөлөн хүн байгаа юм. Манай дүү урьд өмнө нь ял шийтгэл эдлээд хэрэгт түвэгт холбогдоод байсан зүйл байхгүй хичээл сурдагадаа сайн, нэг хүүхэдтэй хүүхэд нь 1 нас 8 сартай, нөхөр нь цэргийн алба хааж байгаа. Уг хүн нь их гайгүй багаасаа толгой сайтай урлаг спорт, хичээл сурлагадаа сайн охин байгаа юм.. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,

6.Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хуучин эцсийн буудлын баруун талд байдаг Тумбааш худалдааны төвийн Электрон нэртэй ломбарднаас манай хүү ... Хуавэй маркын гар утсыг 130,000
төгрөгөөр худалдан авсан гээд надад авчирч өгч байсныг би өөрийн 94140597 гэсэн дугаарыг хийж барьж байсан, тэгээд уг гар утсаа өөрөө хэрэглэж байсан. Би гар утсыг нь барьж байхдаа гар утасны гадна гэрийг нь санаандгүй унагаагаад хагалж байсан харин гар утсанд ямар нэг хагарал гэмтэл байхгүй. Ингээд намайг цагдаагаас дуудсаны дагуу би ирж уулзаад гар утсаа цагдаад хураалгасан, тэр гар утас авсан ломбардны хүн ...гаас 130,000 төгрөгөө бэлнээр авсан. ...” гэх мэдүүлэг /хх 30, 98 х/,

7.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би ээждээ гар утас авч өгөхөөр ломбарднаас хямдхан гар утас авчих санаатай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын баруун талд байдаг Тумбааш худалдааны төвийн 1 давхарт байдаг Электрон нэртэй ломбарднаас хямдхан гар утас байна уу гэхэд нэг эмэгтэй надад Хуавэй маркын гар утсыг 130,000 төгрөгөөр зарна гэхээр нь би зөвшөөрөөд уг гар утсыг авсан. Тэгээд уг утсыг өөрийн ээж ...д өгсөн, манай ээжийг саяхан цагдаагаас дуудаад хулгайн гар утас байна гээд хураагаад авсан гэсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. Тэр гар утас худалдан авсан ломбардны хүн миний 130,000 төгрөгийг өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 32 х/,

8.Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Хуавэй маркийн гар утас 350,000 т, утасны гэр 8,000 т”, нийт 358,000 төгрөг /хх 35 х/

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 х/

10.Хохирол төлсөн баримт /хх 56, 79-80 х/

11.Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 57 х/

12.Оршин суух хаягийн тодорхойлолт /хх 58 х/

13.Барьцаат зээлийн гэрээ /хх 81 х/

14.Хохирол хүлээн авсан тухай бичгээр гаргасан баримт /хх 98-99 х/ зэрэг болно.   

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр сургуулийн 1б ангиас Хуавэй фирмийн у-5 загварын гар утас /гэрний хамт/ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 358,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М....гийн “... Миний ангиас алдсан утас Хуавэй у-5 2018 оны загварын саарал өнгийн утас байсан. Би утсаа 2019 оны 01 дүгээр сард 540,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

Шүүгдэгч Б....гийн “... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  ангийн үүдний хажуу талын тавиур дээр ягаан өнгийн гэртэй утас байхаар нь авсан. ...” гэх мэдүүлэг /хх 51-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч С....гийн “...намайг цагдаагаас дуудсаны дагуу би ирж уулзаад худалдаж авсан гар утсаа цагдаад хураалгасан, ...” гэх мэдүүлэг /хх 30, 98 х/,

Гэрч Ц....ын “... Хуавэй маркын гар утсыг 130,000 төгрөгөөр зарна гэхээр нь би зөвшөөрөөд уг гар утсыг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 32 х/,

Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Хуавэй маркийн гар утас 350,000 т, утасны гэр  8,000 т”, нийт  358,000 төгрөг /хх 35 х/ зэрэг нотлох баримтуудаар

нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.                                                                                                Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд М....гийн эзэмшлийн Хуавэй у-5 маркийн гар утсыг авсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Б.... нь иргэн М....гийн эзэмшлийн Хуавэй у-5 маркийн гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 358,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

    Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 28 х/ 358,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б.... бусдын эзэмшлийн Хуавэй у-5 маркийн гар утсыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч М....д учирсан шууд болон шууд бус хохирол бүрэн төлөгдсөн болох  болох  нь  түүний  “94,500  төгрөгийг  ...гаас  бүрэн төлж барагдуулсан тул

гомдолгүй” гэх бичгээр гаргасан баримт, гар утас хүлээн авсан баримт /хх 99 х/, иргэний нэхэмжлэгч Л....гийн нэхэмжилсэн 130,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 56 х/-аар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагчаас: Б....д 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж өгнө үү? гэсэн.

Шүүгдэгч Б.... гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, оюутан, гэмт хэргийн хор уршиг их биш нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Будьяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.

   4.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ