| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2017/02184/И |
| Дугаар | 001/ХТ2018/00745 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2018/00745
Ч.Нийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02676 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаар магадлалтай,
Ч.Нийн нэхэмжлэлтэй
НШШГГхолбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Онхоодойгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Д.Онхоодой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00088 шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005278 дугаар бүртгэгдсэн 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилж тухайн байранд үнэлгээ тогтоосон. Уг байр хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, хотын төвд ордог, өндөр үнэтэй зарагддаг. Мөн миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 66 885 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээ нь хэт бага, иргэн миний хувийн өмчийг хямдаар үнэлж намайг хохироож байгаа тул тус албанаас миний байранд өгсөн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: шүүхэд тайлбар гаргаагүй болно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 66 885 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Ч.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02676дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Н нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Онхоодой хяналтын гомдолдоо: 1. СБД-ийн Шүүхийн 2017.06.05-ны өдрийн 8317 тоот шүүгчийн захирамжийг хүлээн авч мөн оны 2017.06.12-ны өдөр тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд нэхэмжлэл болон холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүгчийн захирамж хавтас хэрэгт байхгүй байна гэж байгаа нь бидний буруу биш. Харин нэхэмжлэл хүлээн авч байгаа шүүхийн ажилтны буруу гэж үзэхээс гадна нэхэмжлэгчээс шаардаж авах ёстой. Хэрэв захирамж байхгүй байвал нэхэмжлэл хүлээн авах ёсгүй гэж үзнэ. 2. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хураасныг бид буруутгаагүй. Харин хугацааны хувьд хуулийн хугацаа хэтрүүлсэн актуудаар үйл ажиллагаа явуулсан нь буруу. 3. ШГА нь үнэлгээ тогтоосон компанийн үнэлгээг талуудад тусад нь гардуулж өгөх ёстой. Гэтэл НШГА нь анхны дуудлага худалдааны үнэ бууруулсан тухай мэдэгдэл өгсөн байгааг хольж хутгаж байна. Тус тусад нь өгөх ёстой мэдэгдэл шүү дээ. Шүүгч ч гэсэн үүнийг анхаарч үзээгүй байна. 4. Лэндс ХХК-ийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээний хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан нь буруу. 5. Лэндс ХХК нь нэхэмжлэгч Ч.Нийн орон сууцыг 66 885 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. НШГА-ны мэдэгдэлд шинжээчийн үнэлгээ 66 885 000 төгрөг, 70 хувиар тооцон 46819500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хувийн өмчийг үнэгүйдүүлж төлбөр төлөгчийг хохироох хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 86 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч НШШГГ/2017 оны 07 сараас НШШГГ нэртэй болсон/ холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоот 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00088 дугаар шийдвэрээр Ч.Н, Ч.Наранцэцэг нараас 33 026 163 төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг биелүүлэхийн тулд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 137/ШЗ2016/00371 дүгээр шүүгчийн захирамж гарч, 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 119 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Н, Н.Барсболд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 04/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор хураан авчээ.
Хариуцагч байгууллага дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнийн санал өгөх тухай мэдэгдэхэд өмчлөгч Ч.Н нь 200 000 000 төгрөгөөр үнэлсэн, Хаан банк нь үнэлгээг эс зөвшөөрсөн, талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Лэндс ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 66 885 000 төгрөгөөр тогтоожээ.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг явуулсан ажиллагаа, үнэлгээний талаар гомдол гаргасан хугацааг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн боловч хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг залруулах боломжгүй тул үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Төлбөр төлөгч Ч.Н нь орон сууцны зах зээлийн бодит үнийн саналыг мэдүүлээгүй, хэт өндөр үнэ санал болгосон учраас төлбөр авагч нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь үндэслэлтэй хэдий ч үнэлгээ хийх үндэслэл болсон албадан дуудлага худалдааг явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.
Анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар шийдвэр гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан тул барьцааны зүйлээс үүргийг хангуулахын тулд шүүхийн шийдвэр байх ёстой байна. Хэрэв энэ талаар шүүхийн шийдвэрт заагаагүй бол төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдах ёстой байна.
Тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна.”, 53.6-д “Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.”53.7-д “Энэ хуулийн 53.3, 53.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.” гэж заажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн хамтран өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, улмаар анхны албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна. Нөгөө талаар хэрэгт баримт байхгүй учир хамтран өмчлөгч Н.Барсболд нь насанд хүрсэн эсэх, түүний эрх хөндөгдсөн эсэхийг дүгнэх боломжгүй байна.
Иймд анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол хуульд нийцээгүй тул үнэлгээ хийлгэсэн ажиллагаа үндэслэлгүй, улмаар үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02676 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 60 тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 66 885 000 төгрөгөөр тогтоосон Лэндс ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дах заалтад “...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА