Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 277

 

Ж.Бямбадэлгэрт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 574 дүгээр магадлалтай, Ж.Бямбадэлгэрт холбогдох эрүүгийн 201601000072 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Жигжжавын Бямбадэлгэр нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бямбадэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял оногдуулж, уг ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөрдөн байцаагчийн “Хас” банкны эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн 59-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тогтоолыг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, баривчлах ялыг тоолохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бямбадэлгэр, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлд “... гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэжээ. Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэн хуулийн тайлбарыг ойлгон хэрэглэхдээ /хувь хүнд/ хатуурхсан, хэт хүндрүүлсэн бодлого, дүгнэлтээс болж ялтанд баривчлах ялын хамгийн дээд хэмжээ болох 6 сар баривчлах ял оногдуулсан нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “энэрэнгүй ёсны зарчим” зэргийг алдагдуулсан. Ялтан Ж.Бямбадэлгэр нь ам бүл 5, бага насны /2 настай/ охин, эхнэр, өөрийн эцэг, эхийн хамт амьдардаг. Хамгийн гол нь эхнэр Д.Мөнхтуяа нь ажилгүй группт байдаг, мөн өөрийн төрсөн эцэгээ асран халамжилж гэр бүлээ авч явдаг. Ялтан Ж.Бямбадэлгэрийн аав нь 2 удаа харвасан, хүнд өвчтэй, түүний асрамжинд байдаг. Хууль ёсны асран хамгаалагчаар тогтоосныг нотолсон баримтыг шүүхэд өгсөн. Мөн Ж.Бямбадэлгэр урьд ямар нэгэн ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хүндэвтэр төрлийн хэрэг үйлдсэн ба үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зохих дүгнэлт хийсэн, гэм буруугаа бүрэн ухамсарлаж өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчгүй, хохирол төлбөргүй зэрэг гол байдлууд болон түүний ар гэр, ахуй амьдрал, хувийн байдлыг харгалзан үзэн шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болохоор байтал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн “шударга ёсны зарчим”, “энэрэнгүй ёсны зарчим”-ыг анхаарч үзэлгүй хэвээр баталсанд гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг орхигдуулсан, тухайлбал яллагдагчийн хувийн байдал, хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй. Иймд дээрх байдлуудаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа “... хэргийн бүрдэл хангагдсан, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Бямбадэлгэр нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” 1971 оны конвенцийн 2 дугаар жагсаалтад заасан “Дельта 9 тетрагидроканнабинолийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх ургамлыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, улмаар хадгалж байсан нь захиргааны зөрчилд холбогдсон Ж.Бямбадэлгэрийн биед үзлэг хийх үеэр гадуур хүрэмний халааснаас нь гарч ирсэн гялгар ууттай 4.5 грамм жинтэй хатаасан ургамал мэт зүйл болон шүүгдэгчийн шээснээс сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн тухай шинжээчийн дүгнэлт, тухайн сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамлыг хэрхэн түүж бэлтгэж, хэрэглэсэн талаараа тайлбарласан шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан үйлдэл тус бүр бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулах бөгөөд торгох, баривчлах, хорих гэсэн 3 төрлийн ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан болно.

Сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр зориуд түүж бэлтгэсэн, хууль бусаар олж авсан, хадгалсан Ж.Бямбадэлгэрт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг болон хувийн байдалд тохирсон, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол хөнгөн ялтай хуулийг хэрэглэх, эсхүл хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй тул “Ж.Бямбадэлгэрийн хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 574 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         ДАРГАЛАГЧ,

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                           Т.УРАНЦЭЦЭГ

         ШҮҮГЧ                                                                                     Б.ЦОГТ