Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1132

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

Улсын яллагч Б.Ундрах,

Хохирогч Ц....,

Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмчүүд овогт ...ын ...д холбогдох 1908041481384 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, “...” ХХК-д Түгээлтийн нэгдсэн төвийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Түмчүүд овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Г.... нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц....ыг хашаанд оруулахгүй гэх шалтгааны улмаас маргалдаж баруун гарыг нь өчиж түүнд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений мултрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай өвөө ... Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...групптэй залгаа газартай юм. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өвөө, ах, эгч нарын хамт газар дээрээ очсон юм. Бид нар газар луугаа орох гэсэн чинь ...группийн ажилчид нь оруулахгүй байхаар нь машинаа урд хаалга дээр нь байрлуулсан байсан чинь манай машиныг нэг төхөөрөмжөөр өргөх гэхээр нь манай өвөө тэр өргөдөг юман дээр нь суусан. Тэгсэн ...группийн хүмүүс өвөөгийн суусан байсан төхөөрөмжийг өргөх гээд байхаар нь би өвөөгөө унагаахгүй гээд машин өргөдөг төхөөрөмжөөс бариад зогсож байсан чинь нэг залуу ирээд миний гарыг тавиулах гээд хумслаад байхаар нь би зүгээр бай гээд түлхсэн чинь миний баруун гарыг эвгүй барьж аваад өчиж хөшөөд гарыг мулталсан. Би мөр мулталчихлаа гэж хэлсэн чинь намайг газар унагаачихсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,

 2.Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хашааны хаалга таглаад Монгол эм импекс компани хүмүүс манай үйл ажиллагаанд саад учруулаад байхаар нь манай ажилчид тэр хүмүүсийг холдуулах гээд шаардлага тавиад хоорондоо маргаан үүсгэсэн. Тэгээд хашааны үүдэнд тавьсан байсан машиныг холдуулахгүй гэхээр нь бид нар өргөгчөөр холдуулах гэсэн чинь өргөгч нь дээр нэг өвгөн гарч суучихаад буухгүй байхаар нь манайхан холдуулах гэсэн чинь нөгөө талын хүмүүс холдохгүй гээд байж байхад нүдний шилтэй 20 гаран насны залууг холд гээд түлхсэн чинь тэр залуу машинаас зуураад тавихгүй байхаар нь хоорондоо муудалцаад би түлхээд холдуулсан гэтэл гар мулталчихлаа гээд орилоод, чарлаад байсан. Тэгээд би тэр залуугийн мөрийг мулталснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...ХХК-ны хашаа дотор би өөрийн эзэмшлийн газартай юмаа. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ач хүү Ц.... болон манай компани Одсүрэн, Энхбаяр, Эрдэнэтуяа нарын 10 гараад ажилчид хашаандаа орох гээд ирсэн бөгөөд ...компани оруулахгүй бас нэлээн олон хүмүүс ирээд бид нарын хооронд маргаан гарч бяцхан зодоон болсон. Тэгээд тус маргааны үеэр ...компани ажилчид манай машиныг өргөж зайлуулна гээд авто ачигч буюу По гэдэг машин аваад ирэхээр нь би По машиных нь соёо буюу өргөгч төмөр дээр нь суусан. Тэгээд манай ач хүү намайг унагаахгүй гээд түшиж байсан чинь ...компаний ажилчин гээд шар царайтай биерхүү залуу маргалдаж байгаад манай ач ...ын гарыг гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 18 х /,

4.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өвөө, ..., дүү ... мөн манай хамаатны ...болон компани хувьцаа эзэмшдэг хүмүүсийн хамт компани газар луу орох гэсэн чинь “...” группийн ажилчид бид нарын машиныг оруулахгуй байснаас болж хоорондоо маргалдсан. Тэгсэн “...” группийн хүмүүс манай машинуудыг ачна гээд өргөгч төхөөрөмж авчраад ачих гээд байсан. Тэгэхээр нь бид нар машинаа ачуулахгүй гээд тэр хүмүүстэй тэмцэлдсэн. Тэгтэл манай өвөө өргөгч төмөр дээр нь суугаад машинаа ачуулахгүй гэж байсан чинь өвөөг тэр төмөр дээрээс буулгах гээд бөөнөөр дайрсан юм. Тэр үед бид нар өвөөг хамгаалсан. Тухайн үед ... мөр, мөр гээд чанга орилсон чинь шар царайтай махлаг биетэй залуу газар унагаасан дээрээс нь дарсан байсан ба ... мөр мултарчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. ... тухайн үед тарган шар царайтай залуу намайг өчөөд миний мөрийг мулталчихлаа гэж хэлж байсан. ... мөр мөр гээд орилохоор нь харсан чинь газар унасан дээр нь шар царайтай махлаг залуу дарсан байсан. Махлаг биетэй шар залуу мөрийг чинь мулталсан болохоос хугалсан биш юун сүртэй юм гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48х /,

  5.Шинжээчийн 9447 тоот дүгнэлт

     1.Ц....ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

     3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 9 х/,

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 41 х/

8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Г.... нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчоонд байрлах ...группийн хашааны үүдэнд иргэн Ц....ыг хашаанд оруулахгүй гэх шалтгааны улмаас маргалдаж баруун гарыг нь өчиж түүнд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений мултрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

   Хохирогч Ц....ын “...нэг залуу ирээд миний гарыг тавиулах гээд хумслаад байхаар нь би зүгээр бай гээд түлхсэн чинь миний баруун гарыг эвгүй барьж аваад өчиж хөшөөд гарыг мулталсан. Би мөр мулталчихлаа гэж хэлсэн чинь намайг газар унагаачихсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,

 Шүүгдэгч Г....ын “...хоорондоо муудалцаад би түлхээд холдуулсан гэтэл гар мулталчихлаа гээд орилоод, чарлаад байсан. Тэгээд би тэр залуугийн мөрийг мулталснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Ж....гийн “... манай ач хүү намайг унагаахгүй гээд түшиж байсан чинь ...компаний ажилчин гээд шар царайтай биерхүү залуу маргалдаж байгаад манай ач ...ын гарыг гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 18 х /,

Гэрч Ц....ийн “...... тухайн үед тарган шар царайтай залуу намайг өчөөд миний мөрийг мулталчихлаа гэж хэлж байсан. ... мөр мөр гээд орилохоор нь харсан чинь газар унасан дээр нь шар царайтай махлаг залуу дарсан байсан. Махлаг биетэй шар залуу мөрийг чинь мулталсан болохоос хугалсан биш юун сүртэй юм гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48х /,

  Шинжээчийн 9447 тоот дүгнэлт

     1.Ц....ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

     3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 9 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Г.... нь хохирогч Ц....ын баруун гарыг нь өчиж түүнд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений мултрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Г.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

            Хохирогч Ц.... нь эмчилгэний зардалд 238,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй учраас уг хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт  шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эмчилгээ, шинжилгээ хийхэд гарсан болон цаашид гарахын зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

            Улсын яллагч: Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гарсан зардлыг өгөх гэтэл хохирогч баримтаа авчираад авна гэснийг харгалзан аль болох хөнгөн торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

            Г....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусад учруулсан хохирол, хор уршиг их биш, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүхээс түүнд 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Түмчүүд овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ыг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г....д үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г....д мэдэгдсүгэй.

 5.Г....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ц.... эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гарсан зардлын болон цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ