Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2017/00013

 

                                                                      

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01392/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******* баг, ****** давхар, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******* баг, ****** давхар, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нөхөр бид хоёр 1999 онд танилцаж, 2000 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. 2002 онд хүү О., 2004 онд охин *******, 2008 онд хүү *******, 2012 онд хүү , 2012 онд охин нар төрсөн. Бид 5 хүүхэдтэй элэг бүтэн сайхан амьдарч байсан. Гэтэл 2015 оны 04 дүгээр сард манай ээжийн бие өвдөж би ээжийгээ асрахаар 2 сар Ховд аймагт байх хооронд манай нөхөр Шарын гол сумын гэх эмэгтэйтэй холбоотой болж, би сэтгэл санаагаар унаж зүрх өвддөг болж би 2 удаа сумынхаа эмнэлэгт хэвтэж, 3-4 удаа гэрээр эмчилгээ хийлгэсэн. Мөн энэ асуудлаас болж манай гэр байнгын хэрүүл маргаантай байх болж, сүүлдээ нөхөр маань намайг зоддог болсон. Нөхөр Б.******* гэх хүүхнээс огт салахгүй, байнгын харилцаатай, хамтын амьдралтай байсаар өдийг хүрсэн ба 2015 оны 08 сард жирэмсэн болж хүүхдээ авахуулсан гэсэн. Харин одоо тэр хүүхэн нь дахиад жирэмсэн болж нөхөр маань хоёр эхнэртэй мэт айлын дунд амьдрах болсноор бидний гэр бүлийн харилцаа үгүй болж, би гэр бүлийн эд хөрөнгө, санхүүгийн тал дээр ямар ч эрх мэдэлгүй, орлоггүй, байнга хэрүүл маргаантай дарамттай орчинд 5 хүүхдээ өсгөж байна. Цаашид ийм байдлаар удаан үргэлжлэх нь хүүхдүүдийн маань хүмүүжил, сэтгэхүйд маш муугаар сөрөг нөлөө үзүүлж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж шүүхэд хандаж байна.

Бид Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлахаар орсон боловч эвлэрээгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Б.******* нь одоо өөр амьдралтай болсноор зогсохгүй тэр эмэгтэй нь жирэмсэн хүүхдийг нь төрүүлэх гэж байгаа тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй юм. 5 хүүхдээ би өөрийнхөө асрамжид авах тул эцэг Б.*******аас хуулийн дагуу зохих тэтгэмжийг сар бүр авах хүсэлтэй байна.

Бидний дунд одоо амьдарч байгаа Дархан-Уул аймаг, Шарын гол сумын багийн ***давхарын ***-*** тоот 1 өрөө байр байгаа ба энэ байрандаа хүүхдүүдийнхээ хамтаар цаашид амьдарч үлдэнэ. Мөн амьдарч байгаа байрны 1 давхарт нь буюу Шарын гол сумын багийн 2 давхарын 46-01 тоотод бэлэг дурсгалын жижиг дэлгүүр ажиллуулдаг ба энэ нь манай өрхийн орлогын эх үүсвэр тул би цаашид хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд энэ дэлгүүрээ хүүхдүүддээ авч үлдэнэ.

Эд хөрөнгийн талаар Б.*******тай харилцан тохиролцоогүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эд хөрөнгийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ. Б.******* нь өөрөө өөр амьдрал сонгож гэр бүлтэй болж, тэр хүүхнийхээ гэрт ирж очиж амьдарч байгаа тул 5 хүүхэддээ одоо амьдарч байгаа гэр орон нь, санхүүгийн эх үүсвэр ганц орлого нь болох дэлгүүрийг сайн дураараа үлдээнэ байх гэж бодож байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж 5 хүүхдийг маань миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд маань эцэг Б.*******аас тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Дорлиг овогтой *******г гэрлэлт цуцлуулахаар өгсөн өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Б.******* нь эхнэр Д.*******тай хамт амьдарч байх хугацаанд буюу өнөөдрийг хүртэл байхдаа 5 хүүхдийн эцэг, эх болсон болно. Иймд үр хүүхдээ эцэггүй, эхнэр өсгөхийг хүсэхгүй байна. Цаашид 5 хүүхдээ элэг бүтэн амьдруулахыг хүсэж байна гэв.

 

Зохигчид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нөхөр маань алдаа дутагдлаа засна гэдэгт энэ удаа итгэл үзүүлж эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй.

Эхнэр Д.*******тай цаашид эвлэрч хэрүүл маргаангүй үр хүүхэддээ сайн хандаж эвтэй сайхан амьдарна. Б.******* би буруугаа ухаарч хэрүүл маргаангүй эвтэй сайхан амьдарна гэж амлаж байна. Д.******* би үр хүүхдүүдээ бодож энэ удаа гэрлэлт цуцлуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр эвлэрлийн гэрээгээр “...Эхнэр Д.*******тай цаашид эвлэрч хэрүүл маргаангүй үр хүүхэддээ сайн хандаж эвтэй сайхан амьдарна. Б.******* би буруугаа ухаарч хэрүүл маргаангүй эвтэй сайхан амьдарна гэж амлаж байна. Д.******* би үр хүүхдүүдээ бодож энэ удаа гэрлэлт цуцлуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна...” гэж зохигчдыг эвлэрүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг, Төрийн сангийн 190 000 941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж  35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА