Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 248

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч С.Солонго /томилолтоор/,

Хохирогч А.Одбаяр, түүний өмгөөлөгч С.Д

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Г.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт С.Д-д холбогдох эрүүгийн 1911 01696 1271 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, С.Д, 1972 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 332 дугаар байрны 605 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ72021417.

 

 

Шүүгдэгч С.Д нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шатан дээр хохирогч А.Одбаярыг түлхэж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Самсунг А-6 загварын гар утсыг гэмтээсний улмаас 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч С.Дгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн би амьд явах эрхтэй, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж бодож байна. Тухайн өдөр мэргэжлийн хяналтын ажилчдын өдөр байсан. Бид нар сар бүр үндэсний хороон дээр тайлан тавьдаг. Тэгээд 6 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр Байгаль орчин хариуцсан газрын даргад ажлаа танилцуулаад орой 5 цаг 30 минутын орчимд ажил руугаа орсон. Манай ажил 17 цагт тардаг. Харин мэргэжлийн хяналтын газар болон яам агентлагууд 17 цаг 30 минутад тардаг. Би ажил руугаа ороод компютероо унтраачихаад шатаар бууж байтал А.Одбаяр гэдэг залуутай таарсан. Би 2 давхараас доош бууж байтал намайг шууд бариад авахаар нь би хүн андуурсан байх гэж бодсон. Манай ажил дээр их олон хүмүүс уурлаж уцаарласан байдалтай ирдэг болохоор тэр хүмүүсийн нэг нь байх гэж бодсон. Гэтэл намайг “..аль өрөөнөөс гарч ирсэн бэ” гээд түлхсэн. Тэгэхээр нь би “..чи намайг өөр хүнтэй андуураад байна..” гэж хэлэхэд миний зүүн шанаа руу цохихоор нь сандарсан. Тэгээд би өөрийгөө хамгаалахын тулд А.Одбаярыг түлхэхэд шатны доор байсан болохоор хөл алдсан байх. Миний зүүн шанаа хөхөрсөн байсныг манай тамгын газрын дарга нар болон хэлтсийн дарга нар анзаарч харсан. Би тэр үед “..өө зүгээр ээ, юманд цохичихсон юм аа” гэж хэлсэн. Би цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргаагүй байсан учир шүүх эмнэлэгт очиж үзүүлээгүй.

Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид нар сарын эхээр юмуу сарын сүүлээр Таван толгойн түлшийн талаар мэдээлэл хийдэг байсан. 1998 оны 10 дугаар сараас эхлээд сар бүр хуралдаж мэдээлэл хийгээд, уг мэдээллээ ерөнхий газарт өгөөд ажилдаа ордог байсан. Би мэргэжлийн хяналтын газарт 14 жил болж байна. 4 жилийн хугацаанд хэлтсийн дарга, 8 жилийн хугацаанд дэд даргын албан тушаалыг тус тус эрхэлдэг байсан. Энэ хугацаанд хүнтэй маргалдсан асуудал гаргаж байгаагүй. Мэргэжлийн хяналтын дэд даргыг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилдог. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ёс зүйн хорооноос 14 жилийн хугацаанд намайг нэг ч удаа дуудаж шалгаж байгаагүй. Би А.Одбаярын утсыг нь булааж авж шидсэн, нүүр рүү нь цохисон гэсэн асуудал үүсгээгүй. Тухайн үед намайг цохиход би үнэхээр их сандарсан. А.Одбаярын гэр бүлийн хүн нь надтай цуг ажилладаг. Би А.Одбаярын гэр бүлийн хүнтэй ёс бус харьцаж байгаагүй. Тэр хүн миний удирдлаган дор байдаг. Аж ахуйн нэгжээс гомдол ирэхэд нь би хэлдэг байсан. Хэн нэгэн танихгүй хүн заамдаад авахаар нь түлхсэн асуудал үүссэн. Намайг архи уугаагүй гэдгийг бүх хүн нотлоно. Тэгээд орой 20-21 цагийн хооронд А.Одбаярын эхнэр над руу ярисан. Би А.Одбаярыг Уртнасангийн нөхөр гэж яаж мэдэх билээ. Уртнасан надтай ярихдаа “..дарга аа та манай нөхрийг зодсон юм уу” гэж хэлэхээр нь би гайхаад “..би яалаа гэж танай нөхрийг зодох билээ” гэж хэлэхдээ надтай маргалдсан залууг нөхөр нь юм байна гэж бодсон. Тэгээд “..би танай нөхрийг зодоогүй ээ. Танай нөхөр чинь харин хүн андуурчих шиг болсон” гэж хэлсэн. Дараа нь цагдаагийн байгууллагаар явахад А.Одбаяр эхнэрээ өөр хүнтэй хардаад маргах гээд явж байхдаа надтай тараад ийм асуудал гаргасан байх гэж дүгнэсэн. Өөр хэлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч С.Дгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-72-75/: “.2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад 18:00 цаг ч байхад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байр дотор 2-оос 1 давхар руу шатаар бууж байхад миний урдаас буюу доороос үл таних 30 орчим насны ирж байсан ба надад хандаж шууд аль өрөөнөөс гарч ирж байна, би танай рүү орно гээд намайг заамдаад хойш түлхсэн. Уг залуу тухайн үед их ууртай, ширүүн, захирангуй надтай харьцсан. Би уг залууд хандаж чи хүн андуураад байгаа биш үү? гэтэл намайг нэг гараараа заамдаад, нөгөө гараараа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхээр нь би, энэ нэг таних танихгүй юманд заамдуулаад дээрэлхүүлээд чирүүлээд байж байх гэж бодоод уур хүрээд түүний утас барьсан гарын дотор талаас нь гадагш чиглэл рүү хагалж цохитол тэр залуугийн утас нь газарт унаад, намайг заамдаж байсан хүч нь сулархаар нь би түүний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхтэл уг залуу хойшоо гишгэгдэл алдаж унасан ба унахдаа уг давхарын цонхны  харалдаа дор  нь  байх хамгаалалтын  мохоо төмөрийг мөргөчихсөн. Тэгтэл тухайн өдөр ажиллаж байсан жижүүр Ганбаатар, үйлчлэгч болон манай боловсролын байцаагч Цогоо нар ирээд уг залуугийн над руу дайраад байсан үйлдлийг нь хорьж саатуулсан. Энэ үед нь би зодоон цохион даамжирч магадгүй гэж бодоод шууд явчихсан юм. Энэ өдрийн орой 20-21 цагийн орчимд гэртээ байхад манай барилгын техникийн Улсын хяналтын байцаагч Уртнасан над руу залгаад та яагаад манай нөхөрийг зодож байгаа юм бэ гэхээр нь гайхаад би юу гэж танай нөхөрийг зодох юм, танай нөхөр хаана юу хийдэг юм гэтэл орой ажил дээр тантай маргалдсан хүн гэхээр нь би уг залууг манай ажилтангийн нөхөр юм байна гэдгийг мэдсэн. Би Уртнасанд хандаж танай нөхрийг цохисон, зодсон зүйл байхгүй, харин ч танай нөхөр заамдаж боох гэсэн, тэгэхээр нь би түүнийг түлхчихээд гараад явсан гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч А.Одбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эхнэр бид хоёрын танилцсан өдөр байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр танилцсан өдрийнхөө баярыг тэмдэглье гэж ярилцаад эхнэрээ ажлаас нь очиж авахаар болсон. Тэгээд би ажил дээр нь 5 цаг болж байхад очоод ирчихлээ гэж хэлэхэд манай хүн хуруугаа дарчаад гараад ирье гэсэн. Тэгээд буцаад ажил руугаа орох гэсэн чинь үүдэнд нь зогсож байсан хоёр залуугийн нэг нь манай эхнэрийн ардаас нь буюу бэлхүүснээс нь базаад авсан. Би эхнэрээ гарч ирэхээр нь “..хэн юм бэ, юу болсон бэ” гэж асуухад “..мэдэхгүй ээ, манай ажлын хоёр залуу согтуу байх шиг байна” гэхээр нь “..хэн гэдэг юм” гэж асуухад “..Одсүрэн гэдэг залуу” гэхэд нь “..хэдэн давхарт суудаг юм” гэж асуухад “..3 давхарт суудаг” гэж хэлсэн.

Тэгээд би ажил руу нь орох гээд 2 давхрын тэгшхэн шатаар гарах гэж байхад С.Д хажуугаар гарахдаа намайг мөрлөхөөр нь “..та яаж байна аа” гэхэд надтай зүй бус харьцаж, түлхсэн. Би “..та төрийн албан хаагч байж хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлээд карманаасаа утсаа гаргаж ирсэн чинь намайг цохисон. Би утсаа авах гээд доош тонгойтол миний утсыг өшиглөөд унагасан. Би дээш өндийх гэтэл нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би босож ирээд С.Дгийн нүүр рүү түлхсэн. Тэгээд байж байтал доороос харуул, дээрээс 2 залуу гарч ирээд С.Д бид хоёрыг салгасан. Бид хоёрыг салгахад С.Д нь доош шатаар буугаад явахаар нь би араас нь гараад очтол байхгүй байсан. Тэгээд эхнэртээ болсон бүх зүйлийг хэлэхэд “..ямархуу царай зүстэй хүн байсан бэ” гэхээр нь “..буурал толгойтой, 45 орчим насны хүн байсан” гэж хэлэхэд С.Д дарга байсан юм байна гээд дарга руугаа “..та яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ” гэж асуусан. Тухайн үед цагдаа дуудах ёстой байсан. Гэхдээ би өргөдөл бичээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн. Одоо толгойны зураг авахуулсан, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 470.000 төгрөг, утасны төлбөр 350.000 төгрөг болсон..” гэв.

Хохирогч А.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-20/ “..2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын байрны гадаа зогсоол дээр орж ирсэн. Манай эхнэр мэргэжлийн хяналтын газар ажилладаг. Тухайн өдөр ажлаас нь авахаар очсон байсан. Би ирчихээд эхнэр лүүгээ залгахад манай эхнэр гарч ирээд би хуруугаа уншуулчихаад буцаад гараад ирье гээд ажил руугаа орсон. Эхнэрийг ажил руугаа орж байх үед мэргэжлийн хяналтын байрны гадна тамхи татаад зогсож байсан үл таних хоёр залуугийн нэг нь манай эхнэрийн бэлхүүс орчмоор нь хоёр гараараа базсан. Би тухайн үед юм хэлэхгүй машинд сууж байгаад эхнэрийгээ машинд ирэхээр нь түүнд хандаж түрүүний залуу хэн юм гэхэд манай ажлын байцаагч Одсүрэн гэдэг юм гэхээр нь түүнд хандаж яагаад чиний бэлхүүснээс базаж байгаа юм гэтэл согтуу байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээсээ уг залуугийн өрөөг нь асууж мэсэн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байр руу ороод 2-3 давхар луу шилждэг шатанд явж байхад надтай үл таних 45 орчим насны согтуу хүн мөрлөөд зөрсөн. Би уг хүнд уучлаарай та яаж яваад байна гэтэл тэр хүн надад хандаж чи муу хэн болчихоод надтай ингэж яриад байна гэж хэлээд миний өмсөж явсан костюмны захнаас базаж бариад хойш хана руу түлхсэн. Тэгээд би уг хүнд яагаад төрийн алба хаагч байж ажил дээрээ согтуу байгаа юм бэ гэж хэлээд маргалдаж байгаад би гар утсаараа бичлэг хийх гээд гаргаж иртэл уг хүний миний утас руу цохиод газар унагаачихсан. Тэгэхээр нь би тонгойгоод утсаа авах гэтэл миний нүүрэн тус газарт эрүүний доод хэсгээс нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд түүний нүүрэнд нь гарын алгаа нааж байгаад хойш нь түлхсэн. ..Би намайг цохисон хүний араас гүйгээд гартал тэр хүн явчихсан байхаар нь би машиндаа суугаад эхнэрээсээ ийм буурал үстэй тэд орчим насны хүн намайг зодчихлоо гэж хэлтэл эхнэр маань наадах чинь дарга байна гэж хэлээд уг хүний утас руу нь залгахад би гэртээ байна гээд болсон зүйлсээ санахгүй байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Уртнасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-21-22/ “..2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажил дээрээ байхад манай нөхөр А.Одбаяр над руу залгаад ажлын чинь гадаа ирчихсэн байна гараад ир гэж дуудсан. Тухайн үед манай нөхөр намайг ажлаас авах гэж ирсэн ба би тухайн үед гадаа нөхөртэйгөө уулзчихаад дотор хуруугаа уншуулчихаад гараад ирье гээд ажил руу орох гэтэл ажлын үүдэн дээр манай ажлын улсын байцаагч Одсүрэн, Ариунболд нартай тааралдсан. Тухайн өдөр мэргэжлийн хяналтын ажилчдын баярын өдөр байсан тул Одсүрэн бага зэрэг юм уучихсан халчихсан байдалтай надад хандаж баярын мэнд хүргэе гэж хэлээд миний бэлхүүснээс бариад л өнгөрсөн. Тэгээд би гараа аваач гэж хэлчихээд дотогш орж хуруугаа уншуулчихаад буцаад нөхөр дээрээ иртэл манай нөхөр хандаж сая чамайг тэвэрсэн хэн юм гэхээр нь манай ажлын залуу Одсүрэн байцаагч гэтэл Одбаяр хардаж уурлаад шууд машинаас буугаад ажил руу орсон. ..Одбаяр манай ажил руу ороод 10-15 минутын дараа гарч ирсэн ба гарч ирэхдээ уруулын зүүн хэсгээс нь цус гарчихсан цамцны энгэр зах хэсэг нь шороо болчихсон гарч ирсэн..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7080 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-53/ “..1. А.Одбаярын биед хэлэнд шарх, зүүн доод 5, 7, 8-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..” гэх дүгнэлт /хх-53/, Эд зүйлийн үнэлгээ /хх-/, шүүгдэгч С.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64, шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-67/ болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байрны шатны хонгилд хохирогч А.Одбаяртай “мөрлөж шүргэлээ” гэж хоорондоо маргалдан улмаар нэгнээ заамдалцан авч шүүгдэгч С.Д нь хохирогчийн гар утсыг цохин унагаж, түүний цохисон байна. Үүний улмаас хохирогч А.Одбаярын биед хэлэнд шарх, зүүн доод 5, 7, 8-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д нь өөрийгөө хамгаалж хохирогчийг цээж хэсэг рүү хоёр гараараа түлхтэл уг залуу хойшоо гишгэгдэл алдаж унасан ба унахдаа уг давхарын цонхны  харалдаа дор  нь  байх хамгаалалтын  мохоо төмөрийг мөргөчихсөн хөл алдсан байх” гэж мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаж байх боловч дээр дүгнэсэн үйл явдал болж өнгөсөн болох нь түүний мөрдөн шалгах ажиллааны үед мэдүүлсэн “гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхээр нь би, энэ нэг таних танихгүй юманд заамдуулаад дээрэлхүүлээд чирүүлээд байж байх гэж бодоод уур хүрээд түүний утас барьсан гарын дотор талаас нь гадагш чиглэл рүү хагалж цохитол тэр залуугийн утас нь газарт унаад, намайг заамдаж байсан хүч нь сулархаар нь би түүний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхтэл уг залуу хойшоо гишгэгдэл алдаж унасан” гэсэн мэдүүлэг болон хохирогч А.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “..маргалдаж байгаад би гар утсаараа бичлэг хийх гээд гаргаж иртэл уг хүний миний утас руу цохиод газар унагаачихсан. Тэгэхээр нь би тонгойгоод утсаа авах гэтэл миний нүүрэн тус газарт эрүүний доод хэсгээс нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд түүний нүүрэнд нь гарын алгаа нааж байгаад хойш нь түлхсэн”, гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “карманаасаа утсаа гаргаж ирсэн чинь намайг цохисон. Би утсаа авах гээд доош тонгойтол миний утсыг өшиглөөд унагасан. Би дээш өндийх гэтэл нүүр рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Д өөрийгөө хамгаалсан үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан бус түүний санаатай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болохыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хүрээнд, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар тогтоосон байна гэж үзлээ.

 

Харин прокуророос шүүгдэгч С.Дд хохирогчийн Самсунг А-6 загварын гар утсыг гэмтээсний улмаас 350.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн байна. Гэвч шүүгдэгчийн үйлдлийн улмаас гар утас газарт унасан болох нь тогтоогдож байх боловч уг утас гэмтсэн эсэхийг бүрэн тогтоож ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн Самсунг А-6 загварын гар утас шүүгдэгч С.Дгийн үйлдлийн улмаас гэмтсэн болох нь эргэлзээтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч А.Одбаяр хохирогчоор тогтоогдон мэдүүлэхдээ “..А-6 загварын гар утасны шилэн наалт цуурсан байсан..” /хх 13/, “..Самсунг А-6 загварын гар утас эвдэрчихсэн.. дэлгэц нь эвдэрчихсэн, хөндлөн зураас гарчихсан” /хх 18/ зэргээр эд зүйлийг гэмтээсэн, устгасан талаар зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд гэмтсэн, эвдэрсэн гэх гар утсыг үнэлэхдээ үнэлгээний комисс эд зүйлийн чанар байдлыг үзээгүй, эвдэрсэн гэх гар утсаа хохирогч үнэлгээний комисст үзүүлээгүй болохоо шүүхэд мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж заасан байх бөгөөд энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж байна. Гэтэл гар утасны шилэн наалт эсхүл гар утасны дэлгэц нь цуурч гэмтсэн эсэх нь тодорхойгүй, эсхүл гар утас бүхэлдээ эвдэрч устсан эсэхийг тогтоогоогүй, үнэлгээг хуульд заасан журмын дагуу гаргаагүй байна.

 

Үүнийг дахин шалгаж нягтлах боломжгүй болсон буюу тухайн гар утсыг хэрэгт эд мөрийн баримтаар авч хавсаргаагүй, одоо энэ утсыг хаяж үрэгдүүлсэн гэж мэдүүлж байх тул прокуророос шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Дг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч А.Одбаяраас толгойн томографик зураг авахуулсан 120.000 төгрөг/ хх-48/, эд зүйлийн үнэлгээгээр /samsung A6 загварын гар утас 350.000 төгрөг/ /хх-56/ тус тус нэхэмжилсэн боловч толгойн томографик зураг авахуулсан баримт нь хуулбарласан баримт байх бөгөөд энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна, мөн түүнчлэн түүнд сонсгон ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон гар утасны үнийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүгдэгч С.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР