Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч П.Л ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л өд холбогдох 163/2020/0055/Э индекстэй, 2015000250038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Б аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж  овогт П  ийн Л.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Л  нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б аймгийн Д сумын ... дугаар багийн нутагт Т.Б   ийн 1 тооны хүрэн зүсмийн морь хулгайлж 1300000 /нэг сая гурван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000250038 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Т.Б   ийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед Б аймгийн Д сумын ...-р багийн нутаг “Ш” гэх газар өвөлжиж байгаад тэжээж байсан хүрэн морио бэлчээрт гаргаж идүүлж байгаад 16 цагийн харсан чинь байхгүй байсан. Тэгээд орой хүрээд ирэх байх гэж бодсон юм яагаад гэвэл тэжээж байсан морь болохоор нь хүрээд ирнэ гэж бодсон боловч ирээгүй. Тэгээд тухайн морио тавьсан газраа очиход морь минь байхгүй байсан. Маргааш нь морио тэр хавиар хайсан боловч олоогүй харанхуй болохоор нь хариад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө морио үлдээсэн газраас морийг мөрөөр хайгаад /Тухайн морь нь ногттой. Ногт нь 2-3 урттай цулбуур чирүүлсэн байсан/ араас яваад О    гэх хүний хаваржаан дээр очоод тухайн чирч явсан цулбуурны мөр нь алга болсон. 2019 оны 11-р сарын 17-ны өдөр миний морио үлдээсэн байсан бэлчээр дээгүүр манай нутгийн залуу болох М  /П.Л / гэх залуу 10 гаран тооны адуугаа тууж өнгөрсөн. Би уг залууг авсан байх гэж хардаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр М гийн адуу нь “Элст ам” гэх газар байхад нь очиж үзэхэд байхгүй байсан ба адуунууд дунд шүүж үзэхэд байхгүй байсан. ...Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хөдөө надаас өөр мал харах хүнгүй. Манай эхнэр нялх хүүхэдтэй учраас шүүх хуралдаанд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 06-09 тал/,

Гэрч Э.С ын өгсөн: “... Би “Лах” буюу 2-р багийг хариуцсан малын эмч байгаа юм. Би П.Л өд малын гарал үүслийн бичиг хийж өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх 15 тал/,

Гэрч Х.С ийн өгсөн: “...11 дүгээр сарын сүүлээр морио алдсан юм. Манай нөхөр Б    “морь авсан хүнийг олсон махлаад зарсан байна төлж өгий гэнэ чи дансаа явуул гээд Дашинчилэн сумын 2-р баг П.Л  гэж хүний утасны дугаарыг өгсөн. Би тэр хүн рүү дансаа явуул чинь 2019 оны 11 сарын 26-нд 1000000 төгрөгийг миний данс руу явуулсан дахиад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 400000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Бэлэн мөнгийг П.Л  өөрөө авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 17 тал/,

Шүүгдэгч П.Л  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой би Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг Лах хайрханы өврөөс адуугаа аваад туугаад явж байхад Ш ны ойролцоогоос ногттой хүрэн морь адуунд нийлсэн. Тэгэхээр нь би барьж аваад сумын төв рүү оруулаад хашаандаа аваачаад ганцаараа нядалсан. Гэдсийг нь би өөрөө арилгасан. Тэгээд хэд хонуулж байгаад өөрийнхөө машинтай яваад хот оруулж ченжид зарсан. ...Тухайн адууг мөнгө олох зорилгоор авч явсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг 2019 оны 11 дүгээ сарын 26-нд 1000000 төгрөгийг дансаар буюу Мобайл банкаар С оо гэх хүний данс руу шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 01-нд 400000 төгрөгийг дансаар буюу мобайл банкаар С о гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Он сарыг нь санахгүй байна. 100000 төгрөгийг бэлнээр н.Б   т өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,

 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 19 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 23-24/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 20-21/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 33-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 1300000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Л  нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутагт Т.Б   ийн 1 тооны хүрэн зүсмийн морь хулгайлж 1300000 /нэг сая гурван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч П.Л ийн дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Л  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 1400000 төгрөгийг дансаар шилжүүлэн, 100000 төгрөгийг бэлнээр төлж нийт 2600000 төгрөгийн хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулснаар хохирогч Т.Б    нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч П.Л өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Л ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж  овогт П  ийн Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Ж.М  ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Л өд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч П.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ