Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 60

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Т.Х  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О   овогт Т  ийн Х т холбогдох эрүүгийн 20150000980049 дугаартай, 163/2020/0057/Э индэкстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Б ... оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, О   овогт Т  ийн Х.

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х  нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын “Х” багийн нутагт Д.А   тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000980049 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Т.Х  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г   ах над руу залгаад “А    манайд ирээд 2-3 хоноод архи уучихлаа чи хүрч ирээд машиныг нь янзалж өгөөд явуулчихмаар байна гэрээс нь утасдаад байна” гэж ярихаар нь би “за тэгье” гэж хэлээд Г   ахынд ирэхэд А    ах унтаад босохгүй байхаар нь би гарч машиныг янзалчихаад Г   ахынд ороход А    ах “яасан ахын дүү болсон уу?” гэж асуухаар нь “боллоо тэгэхдээ сайн болохгүй байна консных нь аппарат хий авахгүй бол болохгүй” гэж хэлсэн. А    ах гаднаас 0,75 литрийн “Шар чингис” нэртэй архи авч орж ирэхээр нь бид хоёр хувааж уусан. Ж.О   эгч Д.А    ах бид хоёрт хоол хийж өгөөд Д.А    ах бид хоёрын дунд байсан сандал дээр тавьсан чинь Д.А    ах миний хоолыг тохойгоороо түлхээд газар унагаж асгахаар нь би “та яагаад байгаа юм бэ?” гэж асуусан чинь “зүгээр зүгээр ахын дүү хамаад идчих” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би ширээн дээр байсан хутгаар айлгах санаатай баруун гартаа бариад далайсан чинь А    ах миний өөдөөс ухасхийж босож ирэхээр нь барьж байсан хутгаа өөрлүүгээ татах явцдаа А    ахын нүүрийг хутгаар зүссэн. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Д.А   д учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,

Хохирогч Д.А   ын өгсөн: “…Т.Х  нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш ирж миний машиныг засч өгсөн байсан. Би тухайн үед Г.Г ий гэрт унтаж байсан. Тэгээд орой 19 цагийн үед би босоод машинаа харахад зүгээр байсан. Тэгэхээр нь би Т.Х  дүүд “баярлалаа” гээд машинд байсан нэг шил архиа гаргаж ирж өгсөн ба бид хоёр Г.Г ийн гэрт орж уг архиа хувааж ууж байсан тэр үед Г.Г   ажлаасаа түр ирээд бид хоёрыг загнасан ба “архи дарсаа боль” гээд байсан. Удалгүй яваад өгсөн. Тэр үед Г.Г ийн эхнэр бид хоёрт хоол хийж өгсөн байсан ба би тухайн үед архи ууж байхдаа унтаж сэрээд, хааяа нэг босч ирж нэг татчихаад хэвтээд байсан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирсэн байсан бөгөөд Т.Х тэй хэрхэн муудалцаж маргалдсанаа санахгүй байгаа бөгөөд тэр оройноо сумын эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж хоносон ба маргааш нь Т Х  дүү над дээр ирж уучлалт гуйгаад Орхон аймагт “А” гэх нэртэй эмнэлэг 7 хоног хэвтүүлж эмчилгээ хийлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/

Гэрч Ж.О  ийн өгсөн: “...Тэгээд хоол идээд байж байгаад би тэр хоёрыг харахад Х ийн хоол газар унаад аяга нь хагарсан байсан. Тэгтэл Х  нь А   ыг “та яагаад миний хоолыг асгаж байгаа юм бэ?” гээд бага зэрэг маргалдах гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би утсаа аваад гэрээс гараад Т.Х ийн эхнэр Төмөрсанаа руу залгаад “танай нөхөр манайд байна. Ирж нөхрийгөө аваарай согтуу байна” гэхэд “би жаахан хүүхэдтэй, гэртээ байна” гэсэн. Тэгэхээр нь би эргээд гэртээ орход Х  манай ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг барьчихсан зогсож байсан. ...Би эргээд гэртээ ороход Д.А   ын нүүрнээс нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Ж.Б гийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байх үед манай бэр Үүрээ буюу О   надруу залгаад “ээж манайд Д.А, Т.Х  хоёр маргалдаад байна та хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад алхаад очтол Д.А   ын нүүрнээс цус гарсан байсан. Т.Х  гэр дотор сууж байсан тэгээд байж байтал манай хүү Г   гэртээ ирээд А   ын нүүрнээс цус гараад байсан болохоор эмнэлэг рүү аваад явсан. Харин би Т.Х ийг аваад машиныг нь бариад гэрт нь хүргэж өгсөн. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 24 хуудас/,

Гэрч Г.Г ий өгсөн: “...Тэр өдөр би ажил дээр байж байгаад орой 19 цагийн үед гэрт очиход Д.А Т.Х  хоёр манайд байж байсан ба “Чингис” нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд Азаа задлаад байж байсан. Тэгэхээр нь би А   д хандаж “гэр оронд архи уулаа” гээд уурласан. Тэр үед Т.Х  гэр дотор байсан ба “ахаа дүү нь уухгүй ээ 3 удаа татъя тэгээл болоо” гээд байсан. Тэгээд би ажил руугаа буцаад явсан. Тэгээд оройн 10 цагийн үед байхаа Х ийн эхнэр Төмөрсанаа надруу залгаад ахаа та гэртээ очооч Хишгээ, А    хоёр муудалцах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёр зодолдоно гэж юу байх гэж бодоод байж байтал Төмөрсанаа ахиад залгаад “та түргэн очоо тэр хоёр хутга, шөвгөндөө тулаад байна гэнэ” гэхээр нь гэрт очиход манай ээж Б  ирсэн байсан Д.А   , Т.Х  нар муудалцсан бололтой Азаагын нүүр царай цус болсон байсан. Би Д.А   ыг авч машиндаа суулгаад эмнэлэг орж эмчид үзүүлэн, цус энэ тэрийг нь цэвэрлүүлээд тэр шөнөдөө харж хоносон ба маргааш нь эмчтэй нь уулзаад эм тариа бичүүлж аваад, хувцасыг нь солиулаад эмнэлгээс гаргаж аваад гэртээ авч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай

1. Д.А   ын биед дух, зүүн хацар, баруун хацарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 35/,  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, хэргийн газар түзлэг хийсэн тэмдэглэл /хх 03-05/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 06-08/, эмчийн тодорхойлолт /хх 36/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 37-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгах хуудас /хх 39/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40-44/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 46-47/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх57/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 54-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х  нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын “Х” багийн нутагт Д.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.А   , гэрч Ж.О  , Ж.Б , Г.Г   нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч Т.Х т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Т.Х  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Т.Х т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Т.Х ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А   ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Х ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч Т.Х  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан торгуулийн ял  оногдуулах нь зүйтэй гэж үзэв..

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч О   овогт Т  ийн Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Х ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

4. Шүүгдэгч Т.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНДУЛАМ