| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0342/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 01
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 15,169,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нар нь 2015 оны 06-р сарын 26-ны өдөр ЗГ201542321350 тоот зээлийн гэрээ байгуулан 15,677,671 /Арван таван сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун далан нэгэн / төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн нэмэлт зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 –дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,545,004 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,637,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 674 төгрөг нийт 4,183,601 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 ,7.1.3, 7.1.5, 7.1.9 -дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 293 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 13,132,667 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,955,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 80,779 төгрөг, зээлийн нийт төлбөр 15,169,320 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нар нь зээлийг 2016 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөгөөс багагүйгээр төлж 2016 оны 12 сарын 20-ны өдрийн дотор зээл, хүүг төлж барагдуулахаар болж тохиролцоонд хүрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Замчдын гудамжны 201-34 тоотод оршин суух, Боржигон овогт Шархүүгийн Баярцэнгэлд /РД: МЮ80061613/ Гучид овогт Нацагдоржийн Азжаргал РД: МЮ80081186 нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шархүү овогтой Баярцэнгэл миний бие хамтран үүрэг гүйцэтгэгч Нацагдорж овогтой Азжаргал нарын Хаан банкнаас авсан цалингийн зээлийн төлбөр болох 15,169,320 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15,169,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нар нь 2015 оны 06-р сарын 26-ны өдөр ЗГ201542321350 тоот зээлийн гэрээ байгуулан 15,677,671 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн нэмэлт зээлийн бүтээгдэхүүнээр авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлага 15,169,320 төгрөгийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 15,169,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,169,320 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233,797 төгрөгийн 50 хувь болох 116,899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 116,899 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Баярцэнгэл, Н.Азжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 116,899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД