Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 731

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                           

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1906 03436 0794 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших НЖ нэртэй зочид буудлын өрөөнөөс иргэн Б.Эын эзэмшлийн 395.970 төгрөгийн үнэтэй Самсунг Жи-6 загварын гар утас, Т.Өы эзэмшлийн 480.000 төгрөгийн Самсунг Эс-8 загварын гар утас, Хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Өы хаан банкны 5465074965 дугаартай данснаас 300.000 төгрөг уншуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний гар утсыг аваад явчихсан байсан. Энэ хүнээс утасны хохирлоо авбал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Хохирогч Т.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

Т.Өы Хаан банкны 5465074965 дансны хуулга /хх-ийн 19/, Дамно ХХК-ийн үнэлгээ 875970 төгрөг /хх-ийн 24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших НЖ нэртэй зочид буудлын өрөөнөөс иргэн Б.Эын эзэмшлийн 395.970 төгрөгний үнэтэй Самсунг Жи-6 загварын гар утас, Т.Өы эзэмшлийн 480.000 төгрөгийн Самсунг Эс-8 загварын гар утас, Хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Өы хаан банкны 5465074965 дугаартай данснаас 300.000 төгрөг уншуулан авсан болох нь,

Хохирогч Б.Эын: “...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Өгийн: “...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хохирогч Б.Эад 395.970 төгрөг, хохирогч Т.Өд 780.000 төгрөгийг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Маас 1.175.970 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Эад 395.970 төгрөг, хохирогч Т.Өд 780.000 төгрөгийг тус тус  олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.