Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 124/2020/0015/З |
Дугаар | 221/МА2021/0154 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0154
ХХААХҮЯАДОБАЗ ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Т, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Г нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын гаргасан давж заалдах гомдлоор, “ХХААХҮЯАДОБАЗ” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Ховд сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3.д, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.2.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ХХААХҮЯАДОБАЗны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Анхан шатны шүүх “...2012 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 158 дугаар тогтоолоор Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.2.4-т заасныг зөрчин малчин иргэдэд улсын тусгай хэрэгцээний газар болох аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт шинээр газар эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.
Маргаан бүхий газрыг Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан ба улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх эрх нь Газрын тухай хуулийн 23 дугаар 23.2.4-т зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогдсон.
Мөн Засгийн Газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 8.2-т “энэ журмын 6.2, 6.6-д заасан газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын шийдвэрээр”, 9.2-т “...улсын тусгай хэрэгцээний газрын хил, заагийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох ...түүнчлэн улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тодорхой газар, бүс нутгийг хөгжүүлэх чиглэл, төсөл боловсруулахтай холбогдсон газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага” гэж журамласан.
Гэтэл Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, тухайн отрын бүсийг зориулалтын дагуу ашиглах газар болохыг мэдсээр байж, өөрт олгогдоогүй эрх эдэлж, улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг дур мэдэн эрхэлж, иргэдэд газар эзэмшүүлсэн нь өөрөөр хэлбэл Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг зөрчсөн “илт хууль бус” акт болно.
Анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэсэн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан нь “газар зохион байгуулалт”-ыг эрхэлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн хуульд нийцсэнгүй.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд эзэмшиж, ашиглаж буй газрынх нь хил заагийг газар дээр нь хэмжиж тодорхойлох, тодотгох, өөрчлөлт оруулах энэ бүх үйл ажиллагаа нь тэдгээрийн газарт хийгдэж буй газар зохион байгуулалтын ажил юм. Энэхүү ажлыг хийлгэснээр газар эзэмшигч, ашиглагч этгээдийн хувьд өөрийн эзэмшил, ашиглалтын газраа жинхэнэ утгаар нь баталгаажуулан авч байна гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага ханган авагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжаар “сумын 2014, 2017 онуудын газрын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн газар зохион байгуулалтыг эрхэлсэн” гэж үзэхээр байна.
2.Анхан шатны шүүх “...Мөн улсын тусгай хэрэгцээний болох аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт иргэдэд газар ашиглуулах асуудал нь мөн сумын Засаг даргын чиг үүрэгт хамааралгүй юм. Үүнээс үзэхэд Ховд сумын Засаг дарга иргэдэд газар эзэмшүүлсэн захирамжаа газар ашиглуулах захирамж болгон өөрчлөх ямар ч хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна...” гэж дүгнэсэн.
Маргаан бүхий газрыг 2007 оны 187 дугаар тогтоолоор 3-т “...Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулсугай” гэсэн нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан “эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж заасныг хэрэгжүүлсэн ба хуулийн энэ зүйл, хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу Засаг дарга “улсын тусгай хэрэгцээ”-д авсан тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийг дуусгавар болгох үүргийг хүлээхээр журамласан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөр тийш нь гуйвуулж, хариуцагч нарын үндэслэлгүй тайлбарыг үндэслэн маргаан бүхий газрыг “улсын тусгай хэрэгцээнд” авах үеийн Ховд сумын Ачит багийн иргэдийн Нийтийн Хурлын саналын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай бүх шатны саналыг хууль тогтоомжид заасны дагуу авсан бөгөөд энэхүү санал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар гарган өгч хавтаст хэрэгт хавсаргасан байтал үүнийг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх “...өөрчлөх ямар ч хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.Анхан шатны шүүх “...нэг ба гурав дахь шаардлагууд хоорондоо утга агуулгын хувьд зөрчилтэй болжээ”, “...харин шүүх ирээдүйн үйл явдлын талаар дүгнэлт хийх боломжгүй юм”, “...акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгаа эсэхийг шалгахад татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Аймаг дундын “Ачит нуур” отрын бүс нутагт хариуцагч нар дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргах нь Улсын тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглуулах хугацаа Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д “Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 1-ээс дараа оны 4 дүгээр сарын 1-ний хүртэл 150 хоногоос хэтрэхгүй байна”, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын 5.1.1, 5.1.2 зөрчигдөж болзошгүй байх тул маргаан бүхий газарт дахин захиргааны акт гаргахгүй байхыг даалгуулах агуулгатай болно.
Сүүлийн жилүүдэд гарч байгаа байгаль цаг уурын өөрчлөлт, манай улсын ихэнх нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн гарц муу байснаас шалтгаалан бэлчээрийн даац эрс муудаж, их бага хэмжээгээр доройтоход хүрч үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгийн бэлчээрийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, үүнийг дагасан зохих зөвшөөрөлгүйгээр малаа ихээр оруулах, хууль бус газар олгох үйл ажиллагаа идэвхжиж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангахад хүндрэл учирч байгаа бөгөөд тус байгууллагын хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа болно. Үүнтэй холбоотойгоор Увс аймгийн Засаг даргад улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт холбогдох хууль тогтоомж зөрчин газар эзэмшүүлж байгаа үйл ажиллагааг хүчингүй болгох, хуульд нийцүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/2112, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар албан бичгүүдээр гомдол тус тус Увс аймгийн Засаг дарга, Ховд сумын Засаг дарга нарт хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд ямар нэгэн хариуг ирүүлээгүй. Аймгийн болон сумын Засаг дарга нар хуульд заасан хугацаанд хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлэх үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан нь эс үйлдэхүйгээр илэрдэг.
4.Нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар:
Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоолоор “Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, отрын бүс нутгийн “Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг хавсралтаар баталсан. Ингэж батлахдаа Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/60 тогтоолын хавсралтад зааснаар “Ачит нуур” орчмын отрын бэлчээрийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбилцлыг үндэслэсэн байдаг.
Шүүх маргаан бүхий газрын хил заагийн давхцалын талаар дүгнэлтийг огт гаргаагүй бөгөөд гуравдагч этгээд болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн дүгнэсэн. Шүүх Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Аймаг дундын отрын бүсийн хил заагийг харуулсан зургийг үндэслэдэг. Гэтэл уг зураг нь маргаан бүхий газрын асуудлыг нарийн тодорхойлсон гэхэд учир дутагдалтай байна. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зурган дүгнэлт нь гуравдагч этгээдүүдийн газар эзэмшиж байгаа давхцалыг огт тусгаагүй бөгөөд зөвхөн давхцалгүй газар эзэмшиж байгаа гуравдагч этгээдүүдийн л зураглалыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тусгай хэрэгцээний газарт давхцуулан олгосон газар эзэмшлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд отрын бүсийн хилийн гадна байгаа иргэдийн өвөлжөө хаваржааны газар эзэмшилтэй маргаагүй болно.
Шүүх гэрчүүдээс “отрын бүсийн газартай давхцаж байгаа эсэх” талаар асуусан байдаг боловч уг асуултдаа хариулт аваагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 102 дугаар зүйлийн 102.3-т “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэж болно” гэж заасныг зөрчсөн.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Тавжуурт хэмээх газарт 900 м.кв, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Оройн өтгийн бор үзүүр хэмээх газарт 900 м.кв газрыг тус тус өвөлжөөний зориулалтаар гуравдагч этгээд иргэн Т.З эзэмшүүлсэн, гэтэл шүүхийн шийдвэрийн Т.З эзэмшүүлсэн газар нь Ачит нуур аймаг дундын отрын бүсийн гадна байгаа гэж дүгнэх үндэслэл болсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Жгийн үйлдсэн аймаг дундын отрын бүс нутгийн хилийн цэсийн дагуу байрлах өвөлжөөний байршил харуулсан зурагт Т.Згийн 49.28.04.9, 90.48.03.4 солбилцол бүхий 1 газар тэмдэглэгдсэнээс бус энэ нь дээрх захирамжид хамаарах 2 газрын аль болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл үлдсэн нэг өвөлжөөний газар отрын бүстэй давхцалтай эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар дүгнээгүй байна.
Шүүхээс Т.Згийн эзэмшил газар дээр хийсэн үзлэгээр өвөлжөөний координатыг тодорхойлж, харин “…хаваржааны координатыг тодорхойлох гэсэн боловч отрын бүсийн хилийн цэсээс хол, ууланд байрлаж байгаа тул очих боломжгүй байв…” гэж үзлэгийн тэмдэглэлд тусгасныг хангалттай нотлох баримт гэж, шийдвэрт “…Т.З Төв аймаг руу шилжсэн байна…” гэснийг дээрх үйл баримтын талаарх дүгнэлт гэж үзэхгүй.
2.Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаанаас анх нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноо хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилжээ.
Шүүх хуралдаанд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэснийг зөрчсөн гэх агуулгаар өөрчилсөн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж тайлбарладаг ч, сумын Засаг даргын захирамжуудыг чухам ямар үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох гэж маргаж буй нь тодорхой бус, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Засаг дарга Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй, гагцхүү энэхүү эрхээ хуульд хэрхэн нийцүүлж хэрэгжүүлсэн эсэхээс шалтгаалж маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох учиртай.
3.Нэгдүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд “Ачит нуур аймаг дундын отрын бүсэд өвөлжөө, хаваржаатай айлууд” гэх нийт 45 иргэний нэрийг жагсаасан нотлох баримтын шаардлага хангахгүй 1 хуудас баримт авагдсан бөгөөд үүнийг аль талаас гаргаж өгсөн нь тодорхойгүй, Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд холбогдох хариу тайлбарын хавсралт болох 4 хуудас баримтад энэ нь хамаарна гэж үзвэл, эсхүл нэхэмжлэгчээс энэхүү баримтыг гаргаж өгсөн гэж үзвэл тэдгээр иргэдийн эзэмшил газрыг ямар баримтыг үндэслэн байршлын хувьд отрын бүстэй давхцалтай болохыг тогтоосон нь тодорхойгүй байна.
Гуравдагч этгээд Г.Ч өөрийн эзэмшил газрыг отрын бүсэд хамаарч байгаа талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан, харин гэрч Ховд сумын Засаг даргын Тамгын газрын даамал Н.А “…Ч.С, Р.М, Х.Г, Ч.Б, Д.Я, Ё.Б нарын эзэмшил газар отрын бүсийн хилийн гадна оршдог…” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгчээс нэр бүхий иргэдийн газар бүхэлдээ отрын бусад хамаарч байгаа гэсэн агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд газрын давхцалыг тогтоох ажиллагааг хангалттай хийх шаардлагатай.
Гэтэл шүүхээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж нэр бүхий 17 иргэний эзэмшил газар отрын бүсийн хил заагтай хэрхэн давхцаж байгаа талаар газар дээр нь очиж хэмжилт хийж ирүүлэхийг даалгахдаа бусад иргэдийн газрын давхцалыг яагаад тодруулаагүй нь ойлгомжгүй болжээ.
Мөн аймаг дундын отрын бүсийн хил зааг маргаантай гэдэг ч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Аймаг дундын отрын бүс нутаг байгуулах саналыг дэмжих тухай” А/60 дугаар тогтоолын хавсралтаар Ховд сумын Ачит нуур орчмын отрын бэлчээрийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбилцлыг тогтоосон нь Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоолоор баталсан Увс аймгийн Ховд сумын баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн хилийн заагтай тохирч байх тул уг солбилцолтой нэхэмжлэгч тус бүрд эзэмшүүлсэн газрын солбилцлыг харьцуулах байдлаар газрын давхцалыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 104 дүгээр албан бичгээр Ховд сумын Засаг даргад хандаж Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаанаас ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 44 дүгээр албан бичгийн хуулбарыг шаардсан боловч “сумын архиваас олдоогүй” гэсэн үндэслэлээр ирүүлээгүй, гэтэл 3-р хх-ийн 178 дахь талд авагдсан Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/48 дугаар хариунаас үзэхэд дээрх 44 тоот албан бичгийн он нь 2014 бус 2019 он байхаас гадна тайлбар, судалгаа, захирамжийн хуулбарын хамт нийт 27 хуудас баримтыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд тухайн үед ямар баримт шаардсан болох, мөн түүний хариу болох дээрх 27 хуудас баримтыг нэхэмжлэгч, эсхүл хариуцагчаас шаардан нотлох баримтаар цуглуулах шаардлагатай.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол хэрэгт авагдаагүйгээс гадна Хурлын тогтоолуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт огт хийгдээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН