Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 100

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч А.Т,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Э,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813003210009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Ш.с овогт Т-ын Х,1975 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, радист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЛ...............

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед БӨ аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын “Чайна Хуаши Энтерпрайзис” ХХК-ийн шинээр тавьж байгаа Хашаат-Толбо чиглэлийн засмал замд өөрийн эзэмшлийн Тоёота Ланд Крузер 80 маркийн 31-95 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн дотор зорчиж явсан БНХАУ-ын иргэн Я.Ё /Y.Y-/ нас барж, мөн улсын иргэн Х.Я /X.Y/-ийн биед хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар мараан байхгүй. Мөн хохирлын мөнгө болох 81763242 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Э мэдүүлэхдээ: “Т.Х нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БӨ аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 31-95 УНЭ улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас “Чайна Хуаши Энтерпрайзиз” ХХК-ийн ажилтан БНХАУ-ын иргэн Я.Ё /Y.Y/ нас барж, мөн улсын иргэн Х.Я /X.Y/-ийн биед хүнд гэмтэл учруулсан. Компанийн зүгээс ажилтнуудынхаа ар гэрт сэтгэл санааны болон гарсан бүх эмчилгээний зардлуудыг бүрэн хариуцаж байсан. Тухайн үед гарсан зардал буюу 81763242 төгрөгийн зардал гарсан. Уг мөнгийг Т.Х-аас гаргуулж өгөхийг хүсэж байна. Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэлийн талаар гаргасан баримтад тодорхой дэлгэрэнгүй байгаа.” гэв.

 

Эрүүгийн 1813003210009 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-32 дугаар хуудас/,

4. Цогцсын гадна болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, 

5. Иргэний нэхэмжлэгч Э.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 175-176 дугаар хуудас/,

“...Ингээд нийтдээ 81763242 /наян нэгэн сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гарсан байгаа. Би урд нь мэдүүлэг өгөхдөө 89 сая төгрөгөөр буруу тооцсон ба энэ удаагийн баримтуудыг тулгаж тооцоход нийтдээ 81763242 /наян нэгэн сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гарч байна. Энэ мөнгийг холбогдогчоос гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 6. “Чайна Хуанши Энтерпрайзиз” ХХК-ний иргэний нэхэмжлэгч Э.Э-ы гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 69-143 дугаар хуудас/,

7. Гэрч Х.Я /X.Y/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 179-180 дугаар хуудас/

 “...Ямар ч байсан нэлээн хурдтай явж байтал нэг мэдэхэд машин баруун тал руугаа явж, засмал замаас гарах шиг болсон. Тэр үед жолооч зүүн тийш дарахад зам руу гарсан ба нэг мэдэхэд жолооч жолоогоо дахин баруун тийш дарах гэхэд машин шидэгдэн онхолдсон.” гэх мэдүүлэг,

8. Гэрч Я.Л /Y.L/-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 181-182 дугаар хуудас/

“...Тухайн үед машин нэлээн хурдтай явж байсан болохоор жолоочийн хажууд сууж байсан талийгаач инженер жолоочид аяархан яваарай гэж хэлэх шиг болсон. Тэгэх хооронд жолооч жолоогоор зүүн тийш дарахад машин буцаад засмал зам руу гарсан. Тэр үед жолооч жолоогоо эхлээд баруун тийш дараад дараа нь зүүн тийш дарахад машин шидэгдэн онхолдсон. Би машины хойд талын суудлын дунд хэсэгт сууж байсан болохоор буцаж засмал замын дунд хэсэгт орсныг сайн мэдэж байна. Тэр үед жолооч хоёр тийш дараад машин онхолдсон...” гэх мэдүүлэг, 

9. Гэрч Х.Т /H.T/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 183-184 дүгээр хуудас/

“...засмал замд гараад замаар явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгсэл засмал замын баруун хөвөө рүү гарч эхэлсэн. Тухай үед машин нэлээн хурдтай явж байсан ба жолооч сандраад жолоогоо зүүн тийш дарахад машин буцаад засмал зам руу гарч ирсэн ба жолооч жолоогоо эхлээд баруун тийш дарахад машин шидэгдэн, онхолдсон. Машин онхолдох үед юу болсныг харж амжсангүй. Өөрөө шокийн байдалд орсон байсан...” гэх мэдүүлэг,

10. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 185 дугаар хуудас/

“....2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ажил руугаа ирж байтал засмал зам дээр зам тээврийн осол гарсан байсан. Бид нарыг ирэхэд Ланд крузер маркийн тээврийн хэрэгсэл засмал замаас гараад шороотой хэсэгт газарт баруун хажуугаараа хажуудсан байдалтай байсан ба засмал зам дээгүүр нэг хятад иргэн хэвтэж байсан: 3 хятад болон машины жолооч нар хөвөөнөөс гараад шороотой хэсэгт хэвтэж байсан. Тухайн үед компанийн машин хүрээд ирсэн 3 хятадыг аваад аймаг руу явсан. Араас нь бид нар осолдсон машины жолооч Т.Х-ыг аваад аймгийн төвд авчирсан. Би тэндээс хөдлөхийн өмнө цагдаа руу дуудлага өгөөд явсан.” гэх мэдүүлэг,

11. Хохирогч Х.Я-ы /X.Y/ эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 211 дүгээр хуудас/

12. Амь хохирогч Я.Ё /Y.Y/-д задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 215-219 дүгээр хуудас/

13. 3ам тээврийн ослын талаар тогтоосон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт: /хх-ийн 240 дүгээр хуудас/

 “...жолооч Т.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

-2.3б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна..." гэх мэдүүлэг,

14. Шүүгдэгч Т.Х-ы хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч Т.Х нь урд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 14/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/100 дугаартай “Т овогтой Х /БЛ.............../ нь Ө сумын 2 дугаар баг, Цагаан эрэг, 17-01 тоотод байршилтай, 154 мкв талбайтай хувийн сууц болон 900 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албна бичиг /2-р хх-ийн 19/,

-  2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “РД:БЛ............... овог:Ш.с, эцэг /эх/-ийн нэр:Т, нэр:Х, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Цэнгэл, төрсөн огноо: 1975/02/28, хаяг: БӨ , Ө , 2-р баг, Цагаан эрэг, 17 гудамж, 01 тоот, хүчинтэй хугацаа:2020/02/29, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 20/,

- Шүүгдэгч Т.Х-ы ХААН банкан дахь дансны хуулга /2-р хх-ийн 22-27/,

- Шүүгдэгч Т.Х-ы Төрийн банкан дахь дансны хуулга /2-р хх-ийн 28-32/,

- Шүүгдэгч Т.Х-ы Хас банкан дахь дансны хуулга /2-р хх-ийн 33-34/,

- БӨ аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай “Т овогтой Х /БЛ.............../ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /2-р хх-ийн 35/

- БӨ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай “Т овогтой Х /БЛ.............../ Ө сумын 2 дугаар багаас 900 мкв газрын аймгийн Засаг даргын 2010 оны 41 дугаар захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна” гэх албан бичиг /2-р хх-ийн 37-42/,

- Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит, цэргийн гавьяаны одон хилийн 0165 дугаар ангийн ахмадын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 43/,

- Шүүгдэгч Т.Х-ы өвчтөний түүх /2-р хх-ийн 44-69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед БӨ аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын “Чайна Хуаши Энтерпрайзис” ХХК-ийн шинээр тавьж байгаа Хашаат-Толбо чиглэлийн засмал замд өөрийн эзэмшлийн Тоёота Ланд Крузер 80 маркийн 31-95 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн дотор зорчиж явсан БНХАУ-ын иргэн Я.Ё /Y.Y/ нас барж, мөн улсын иргэн Х.Я /X.Y/-ийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-32 дугаар хуудас/, Цогцсын гадна болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Э.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 175-176 дугаар хуудас/, “Чайна Хуанши Энтерпрайзиз” ХХК-ний иргэний нэхэмжлэгч Э.Э-ы гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 69-143 дугаар хуудас/, гэрч Х.Я /X.Y/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 179-180 дугаар хуудас/, гэрч Я.Л /Y.L/-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 181-182 дугаар хуудас/, гэрч Х.Т /H.T/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 183-184 дүгээр хуудас/, гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 185 дугаар хуудас/, Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 211 дүгээр хуудас/, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт: /хх-ийн 215-219 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Т.Х нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

БӨ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Х-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний биед хүнд хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Y-ний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт “...Иргэн Х.Y-ний биед тархины доргилт. няцралт, бүсэлхийн  3-4-5 нугалмын копрессивный хугаралттай, дух болон нүүрний зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Y-ний биед үүссэн гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөдөлмөрлөхөд удаан нөлөөлнө, Иргэн Х.Y-ний биед үүссэн гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 211 дүгээр хуудас/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн амбулаторийн тасгийн эрхлэгч М.Т-ын тодорхойлолт /1-р хх-ийн 84,86/ хуудас зэргээр тогтоогдсон.   

уг гэмт хэргийн улмаас хохирогч Y.Y нас барсан болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт “...Талийгаач Y.Y-ны биед тархины битүү гэмтэг няцралт, хуйхан доор хатуу хальс доор цус хуралттай, тархины гадаргуугийн цусан бүлэн ховилд болон хажуугийн ховдол цус хуралттай, шингэнтэй, тархины суурь хэсэгт цус хуралттай, их тархины гадаргууд цус хуралттай, доод мөчний зүүн шилбэний яснууд хугарч, баруун нүдний гадна ирмэгт урагдсан шархтай, зүүн шилбэний урд хэсэгт шархтай, зүүн шилбэний дотор буланд шархтай, баруун шилбэний дотор хажууд шархтай, баруун тохойны хэсэгт шархтай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Y.Y-ны тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид архаг хууч өвчингүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хх-ийн 215-219 дүгээр хуудас/ тогтоогдсон байна.

БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 90 тоот дүгнэлт /1-р хх-ийн 229-р хуудас/-ээр шүүгдэгч Т.Х нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,  508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн байцаалтын шатанд талийгаач Y.Y-ийг Монгол Улсын БӨ аймгаас БНХАУ-ын Шуан Ян хотод аваачсан тээврийн зардал 58000 юань буюу /тухайн үеийн ханш 359,50/ 20851000 /хорин сая найман зуун тавин нэгэн мянга/ төгрөг, талийгаачийн буяны үйлчилгээний зардалд 103657 юань /тухайн үеийн ханш 370,42/ 38396626 /гучин найман сая гурван зуун ерэн зургаан мянган зургаан зуун хорин зургаа/ төгрөг, талийгаачийн эхнэр Монгол улсад ирэхэд элчин сайдын яамд виз мэдүүлэхэд төлсөн төлбөр 228 доллар буюу /тухайн үеийн ханш 2563,84/ 584555 /таван зуун наян дөрвөн мянган таван зуун тавин тав/ төгрөг, үүнтэй холбоотой Монгол Улсын Гадаад харилцааны яамд баримт бичиг баталгаажуулахад гарсан зардал 21000 /хорин нэгэн мянга/ төгрөг, мөн нотариатын зардал 20000 /хорин мянга/ төгрөг, нийт 59873181 /тавин есөн сая найман зуун далан зурган мянган нэг зуун наян нэг/ төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн хохирогч Х.Y-ыг Хятад Япон найрамдлын эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны хооронд хэвтэж эмчлүүлсний төлбөр 7829,09 юань /тухайн үеийн ханш 370,71/ 2902322 /хоёр сая есөн зуун хоёр мянган гурван зуун хорин хоёр/ төгрөг, “Чанфэншянь” ардын эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны хооронд хэвтэж эмчлүүлсний төлбөр 2221,87 юань /тухайн үеийн ханш 369,67/ 821359 /найман зуун хорин нэгэн мянган гурван зуун тавин ес/ төгрөг, Х.Y-ыг Монгол Улсад эмчлүүлэхэд гарсан зардал: -Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаторийн үзлэг хийлгэхэд 30000 /гучин мянга/ төгрөг, гар утасны карт авч өгсний төлбөр 5000 /таван мянга/ төгрөг, эмийн сангаас хүзүүний бэхэлгээний мөнгө 40000 /дөчин мянга/ төгрөг, бүс худалдан авахад 90000 /ерэн мянга/ төгрөг, улавч авахад 2500 /хоёр мянган таван зуу/ төгрөг, Гэмтлийн эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны хооронд хэвтэж эмчлүүлсний төлбөр 359580 /гурван зуун тавин есөн мянган таван зуун ная/ төгрөг, Х.Y-ыг нисэх онгоцны буудлаас гэмтлийн эмнэлэг хүргэхэд түргэн тусламжийн машинаар хүргэхэд 50000 /тавин мянга/ төгрөг, гэмтлийн эмнэлгээс Бээжин нисэхийн тулд онгоцны буудалд түргэн тусламжийн машинаар хүргэхэд 50000 /тавин мянга/ төгрөг, Х.Y-ыг Монгол Улсын нисэх онгоцны буудлаас Бээжин нисэх онгоцны тийзний төлбөр, асран хамгаалагчийн төлбөрийн хамт 17231300 /арван долоон сая хоёр зуун гучин нэгэн мянган гурван зуу/ төгрөг, баримт материал орчуулсны төлбөр 306000 /гурван зуун зургаан мянга/ төгрөг, валютын ханшны лавлагаа гаргаж авсны төлбөр 20000 /хорин мянга/ төгрөг, нийт 21908061 төгрөгийн хохирол учирсан байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Y, талийгаач Y.Y нарт 81763242 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлыг “Чайна Хуаши Энтерпрайзиз” ХХК-аас төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Т.Х-аас 81763242 /наян нэгэн сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага болох “Чайна Хуаши Энтерпрайзиз” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Х-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь насыг хохироосон, нэг хүний биед хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Х урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /2-р хх-ийн 14 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Х.З-ын гаргасан “Шүүгдэгч Т.Х-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлийн болон хувийн байдал, өөр уг ослын улмаас хүнд гэмтэл авсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж өгөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Т.Х-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хасахаар шийдвэрлэв.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

     Шүүгдэгч Т.Х нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Т.Х-ыг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж зааснаар шүүгдэгч Т.Х-д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Т.Х-ы өмчлөлийн БӨ аймгийн Ө сумын 2 дугаар багт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 900 мкв талбайтай, Г-0213000960 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Т.Х-ы Е сарийн 0806067 дугаартай гадаад паспорт, БЛ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 01525072 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

  1. Шүүгдэгч Ш.с овогт Т-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3-д зааснаар шүүгдэгч Т.Х-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Х-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-ыг тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  7. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 81763242 /наян нэгэн сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч байгууллага болох “Чайна Хуаши энтерпрайзиз” ХХК-д олгосугай.  
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Х-ы өмчлөлийн БӨ аймгийн Ө сумын 2 дугаар багт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 900 мкв талбайтай, Г-0213000960 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

         11.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Т.Х-ы Е серийн 0806067 дугаартай гадаад паспорт, БЛ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 01525072 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

         12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК