Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Улсын яллагч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч А.О- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013001170097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1982 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, БӨ аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт А-ийн О, регистрийн дугаар БЗ................

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.О нь БӨ аймгийн Н сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1240 БӨҮ улсын дугаартай ******** маркийн бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч Ш.У-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Санамсаргүй байдлаас болж гэмт хэрэг үйлдэгдлээ. Хохирогчийн хохиролд 800000 төгрөг төлж өгсөн. Миний бие өсвөр насны хүүхдүүдтэй. Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна.

 Тийм учраас эдгээр байдлыг харгалзаж, хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэв.

Эрүүгийн 2013001170097 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15 дугаар хуудас/,

3. 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

4. Хэргийн газрын схем зураг /хх-ийн 17 дугаар хуудас/,

5. Авто осолд орсон тээврийн хэрэгслийн хагарсан гэх дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

“...уг дугуйны гадна талын хээ хэвийн, элэгдэл багатай, обудны гадна талын хэсэгт 20 см орчим дотогш хонхойж орсон байдалтай, уг дугуйг эргүүлж дотор талыг үзэхэд обудны хэлбэр хэвийн байдлаа бага зэрэг алдсан, 4-6 см хэмжээтэй дугуй хагарч урагдсан мөр дүрс үүссэн, хагарсан хэсгээс дотогшоо обуд хэсэг рүү 20 см зайнд дугуйг цоолж сураар оёж байсан нүхтэй, зарим нүхнүүдэд сур үлдсэн байх ба дугуйны дотор талд олгой камер мөн хагарсан байдалтай байв” гэх үзлэг,

6. Хохирогч Ш.У-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

“... Би Казахстан улсын иргэншилтэй, 2019 оны 08 дугаар сард Монгол Улсын иргэншилтэй болох гэж паспорт захиалж хүсэлтээ өгсөн байсан. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байх аймаг руу гарахаас 2-3 хоногийн өмнө аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс залгаж таны паспорт гарчихсан байна, ирж аваарай гэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аймаг явах гээд А.О-гийн 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр аймаг руу явж байгаад зам тээврийн осолд орсон. Уг тээврийн хэрэгслийг А.О- жолоодож явсан. Уг ослын улмаас би дотор цус алдаж дэлүү авах хагалгаанд орсон. Одоогоор нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.

....Надад А.О-гаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын тал дээр маргаангүй, надад учирсан хохирол болох 800000 төгрөгийг бэлнээр өгч би эмчилгээ хийлгэж, шаардлагатай эм тариагаа авсан. А.О- надаас уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан учраас би уучилсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 35 дугаар хуудас/,

“Би өнөөдөр аймгийн төв рүү банкнаас хүүхдийн мөнгө авч гэрт хүнсний зүйл авах санаатай Ховд багаас А.О-гийн машинтай аймаг руу 9 цагийн үед гарсан. Уг машинд жолооч А.О, Х.Ш, А.Б, С.Ж, Н.Т, Ш.У, надтай нийлээд нийт 8 хүн явж байсан. Тэгээд машин Тавалтайн хавцалд явж байтал гэнэт дугуй буудах чимээ гарч машин далийж дөрвөн дугуй нь дээш харж онхолдсон, бид нар сандралдаад машинаас арай гэж гараад зогсож байтал араас ирсэн такси зогсож уг машинд сууж явсан эрчүүд манай машиныг босгож өгөөд аймаг руу явсан. Машин осолдсоны улмаас миний биед гэмтэл шарх үүсээгүй.” гэх мэдүүлэг,

8. Гэрч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 “...Ховд багаас гараад Өлгий рүү ирж байх замд Тавалтайн хавцал гэх газар ирэх үед машин гэнэт хазайж нэг удаа онхолдож дөрвөн дугуй нь дээшээ харж унасан. Ямар шалтгаанаар осолдсоныг мэдэхгүй. Ямар ч байсан машин явж байтал нэг юм гэнэт тас гэх дуу чимээ гараад машин баруун талаараа онхолдсон.” гэх мэдүүлэг,

9. Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

“...Тавалтайн хавцал гэх газарт явж байтал машины дугуй хагарах шиг дуу гараад машин зам дагуу дөрвөн дугуй нь дээш нь эргээд зогссон. Тэр үед шоконд ороод юу болсон талаар мэдээгүй, нэг мэдэхэд бүгд машинаас гарчихсан сандралдаад зогсож байсан.

...Би уг осол болсны дараа хүмүүс машиныг хэргийн газраас хөдөлгөж өгөөд замаас холдуулах гэхээр дугуй хагарчихсан явж болохгүй байхаар нь дугуйг сольж замаас холдуулсан юм. Би уг тээврийн хэрэгслийн баруун хойд талын хагарсан дугуйг сольсон. Миний сольсон дугуйн гадна тал нь хэвийн дугуйны обуд чулуунд цохигдож хэлбэрээ алдсан байсан ба уг дугуйн дотор талын хэсэгт сураар оёсон байсан. Дугуйн дотор талын олгой камер бас хагарсан байсан.” гэх мэдүүлэг,

10. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 43 дугаар хуудас/,

 “Н сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тавалтайн хавцал гэх газар явж байтал машины дугуй хагарах шиг чимээ гараад машин зам дээр дээш хараад унасан. Би уг тээврийн хэрэгслийн жолооч талын арын суудалд А.Б-гийн баруун гар талд сууж явсан. Машинд 8 хүн зорчиж явсан. Уг тээврийн хэрэгслийг А.О жолоодож явсан” гэх мэдүүлэг,

11. Гэрч С.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 “..тоосгоны үйлдвэр өнгөрөөд явж байтал гэнэт тас гэх хүчтэй чимээ гарах шиг болсон. Тэгээд машин онхолдсон. Нэг хэсэг юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд машины дугуй дээшээ харсан байсан. Машин дотор сууж байсан бид машины хагарсан цонхоор гарч гарсан байсан.” гэх мэдүүлэг,

12. Гэрч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 47 дугаар хуудас/,

 “Тавалтайн хавцал гэх газарт явж байтал гэнэт машин онхолдож зам дээр дээш хараад унасан. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй, баруун мөр өргөхөд жаахан хөндүүрлээд байна. Миний охин Ш.У дэлүү авхуулах хагалгаанд орсон. Тэгээд нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг эмчилгээний мөнгө болон эмнэлгийн төлбөрийг төлж өгвөл боллоо, өөр зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

13. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 48 дугаар хуудас/,

“Манай хүү А.О 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөө аймаг явсан ба үдээс хойш 15 цагийн үед над руу утсаар ярьж аймаг явж байгаад Тавалтайн хавцалд машин онхолдоод эмнэлэгт ирсэн байна гэж өөрөө хэлсэн. Миний хүү А.О нь өглөө 09 цагийн үед 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7-8 хүнтэй явсан. А.О-н жолоодож явсан 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нас барсан хүү А.Ш-гийн нэр дээр бүртгэлтэй байдаг ба уг хүү маань 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авто ослоор нас барсан. Тэгээд нэр дээр шилжүүлж чадахгүй байсаар байгаад ийм явдал боллоо. Нас барсан хүү А.Ш гэрлээгүй, надтай хамт нэг гэрт амьдардаг байсан. А.Ш-гийн нас барсны бүртгэлийг хийлгээгүй, одоо хийлгэх гэхээр торгууль оногдуулна гээд байгаа болохоор хийлгээгүй. Энэ машиныг би барьж чадахгүй учраас хүү А.О-г жолоодож байг гээд түлхүүрийг нь өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

14. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы гаргасан 2020 оны 03 дугаар сарын 11-ний дөрийн 138 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд /хх-ийн 80 дугаар хуудас/

 “Иргэн Ш.У-ы биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний няцрал, урагдал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед учрах боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

15. БӨ аймаг дахь Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №-04 дугаартай ослын дүгнэлт. /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

“...MNS34598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан уг тээврийн хэрэгслийг Өлгий сумын 13 дугаар багг байрлах цагдаагийн газрын түр саатуулах хашаанд шалгаж үзэхэд:

1. 1240 БӨҮ улсын дугаартай ******** маркийн суудлын автомашин нь 20130715 арлын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2002 онд орж ирсэн, БӨ аймгийн Н сумын 3 дугаар багийн иргэн ********* регистрийн дугаартай, ********* утасны дугаартай А овогтой Ш-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н сумын 3 дугаар багийн иргэн БЗ............... регистрийн дугаартай, 9********* утасны дугаартай А овогтой О нь зам тээврийн осолд орж онхолдсоны улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд:

- Тээврийн хэрэгслийн кабин дээд хэсгээр гажиж хэв алдсан,

- Автомашины салхины шил болон хаалганы шилнүүд хагарсан,

- Тээврийн хэрэгслийн зүүн урд гэрэл хагарсан, гаднах толинууд, салоны толь

хагарсан,

  • Капот хэв гажсан, аккумлятор хагарсан.

2. 1240 БӨҮ улсын дугаартай  ********** маркийн суудлын автомашинд үүссэн эвдрэл гэмтлүүд нь тухайн тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас үүссэн байна.

3. Тээврийн хэрэгслийн жолооны механизм болон тоормосны систем нь бүрэн ажиллагаатай эсэх, ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх, уг эвдрэл нь осол болох үед үүссэн эсэхийг асааж шалгах, тогтоох боломжгүй.

4. Уг тээврийн хэрэгсэл 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БӨ аймгийн Техникийн хяналтын төвд үзлэгт орж “тэнцсэн” дүгнэлт гарсан байна.

5. Баруун талын дугуйны хий гарч, урагдаж хагарсан байдалтай байна. Хагарсан дугуйны обудны ирмэг гажиж хонхойсон байдалтай байгаа нь ослоос өмнө дугуй хагарснаас болж осол гарсан байж болзошгүй.

6. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй" гэх дүгнэлт,

16. БӨ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2020 оны 03 дугаар сарын 16-ны №-03 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 88 дугаар хуудас/,

“Жолооч А.О нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******** маркийн 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Үүнд:

- Жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9 а тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэсэн.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.3 дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан гэсэн тус тус заалтыг зөрчсөн байна.

Осол гарах болсон шалтгаан нь жолооч А.О нь хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй ба цоорсон дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол болох гол шалтгаан болно. Тухайн тээврийн хэрэгсэл тэнцвэр алдсаныг мэдсээр байж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарсан.” гэх дүгнэлт,

17. Шүүгдэгч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 118-119 дүгээр хуудас/

“Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н сумын 3 дугаар баг Ховд гол багаас аймгийн төв рүү хувийн ажлаар 09 цагийн үед өөрийн ******** маркийн тээврийн хэрэгслээр 8 хүний хамт гарсан. Миний машинд Х.Ш, А.Б, Н.Д, С.Ж, Н.Т, Ш.У гэх хүмүүс явж байсан. Тэгээд аймаг руу явж байтал замд Тавалтайн хавцлын замд явж байтал дугуй буудах дуу гараад машин зүүн тал руугаа далийх үед би машины хүрдээ баруун тал руу эргүүлэхэд машин зүүн талаараа эргэж өнхөрч онхолдсон юм. ...Би уг дугуйг 2020 оны 02 дугаар сарын эхээр өмнөх дугуй нь хагарчихаар нь уг запас дугуй нь дээд талын хэсэгт байсан ба дугуйн дотор талд 10 см орчим хэсэгт дугуйны төмөр цухуйх гэж байхаар нь би өөрөө жижигхэн нарийн сураар тэр төмрийг дараад хэрж оёод олгой камер хийгээд хөдөлгөөнд оролцож эхэлсэн юм. Ш.У-д энэ бүх болсон явдал миний буруутай үйл ажиллагаанаас боллоо гэдгийг хэлж уучлалт гуйсан, хохирлын тал дээр маргаан байхгүй. Улболсын нэгдсэн эмнэлэгт хэвтэн хагалгаа хийлгэж эмчлүүлсэн, эмнэлгийн төлбөр болон шаардлагатай эм тарианы мөнгө гэж нийт 700.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

 - БӨ аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар “А овогтой О-гийн /БЗ................./ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 126/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/440 дугаартай “А овогтой О-гийн /БЗ................./ нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 129/,

-  2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЗ................. овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:А, нэр:О, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Н , төрсөн огноо: 1982/04/22, хаяг: БӨ , Н , 3-р баг, Ховд, хүчинтэй хугацаа:2027/04/22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/,

- Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 135/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.\

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч А.О нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

БӨ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.О-н үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.У-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы гаргасан 2020 оны 03 дугаар сарын 11-ний дөрийн 138 дугаартай  “Иргэн Ш.У-ы биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний няцрал, урагдал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед учрах боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх  дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 80 дугаар хуудас/.

Иймд шүүхээс шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.У-д учирсан хохирлыг шүүгдэгч А.О нь бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь хохирогч Ш.У- болон шүүгдэгч А.О нарын мэдүүлэг, хохирогч Ш.У-ы гарын баримт зэргээр нотлогдсон.

Хохирогч Ш.У нь цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн тохиолдолд хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. 

 Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.О урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 135 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ийн гаргасан “Шүүгдэгч А.О-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний 14-19 насны 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжтой гэж үзлээ.

            Шүүгдэгч А.О-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

     Харин шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч А.О-г тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгчийн талийгаач дүү А.Ш-гийн нэр дээр бүртгэлтэй “******** маркийн 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ******** маркийн 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02276517 дугаартай гэрчилгээг талийгаач А.Ш-гийн эцэг Б.А-д  буцаан олгосугай.

Шүүгдэгч А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :        

 Шүүгдэгч Ж овогт А-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч А.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.О-г тэнссэн хугацаанд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5.  Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.У цаашид гарах хохирол, иргэний нэхэмжэл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн дүү гэх талийгаач А.Ш-гийн нэр дээр бүртгэлтэй “******** маркийн 1240 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн 02276517 дугаартай гэрчилгээг талийгаач А.Ш-гийн эцэг Б.А-д буцаан олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК