Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2016/00186

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би К-ийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох үндсэн зээл 16 866 836 төгрөг 49 мөнгө, зээлийн хүү 3 526 182 төгрөг 32 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 72 706 төгрөг 40 мөнгө, нийт 20 465 725 төгрөг 21 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Б, Я.Энар нь К банктай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр №2054000432 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 18 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан байдаг. Иргэн Я.Б Я.Э нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа удаа дараа ноцтой зөрчиж байсан тул банкны зүгээс гэрээний үүргийн зөрчлөө арилгахыг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байх тул Я.Б Я.Э нараас үндсэн зээл 16 866 836 төгрөг 49 мөнгө, зээлийн хүү 3 526 182 төгрөг 32 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 72 706 төгрөг 40 мөнгө, нийт 20 465 725 төгрөг 21 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Б, Я.Э нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К банкнаас 18 000 000 төгрөгийг хүүгийн хамт зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг хоцорч удаасан учир төлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20 465 725 төгрөг 21 мөнгийг төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Я.Б Я.Э нарт холбогдуулан үндсэн зээл 13 563 580 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 2 020 638 төгрөг 07 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32 755 төгрөг 19 мөнгө, нийт 15 616 973 төгрөг 84 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Я.Б Я.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 260 279 төгрөгийн тавин хувь болох 130 140 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 130 139 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Я.Б Я.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 130 140 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч К ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 16 866 836 төгрөг 49 мөнгө, зээлийн хүү 3 526 182 төгрөг 32 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 72 706 төгрөг 40 мөнгө, нийт 20 465 725 төгрөг 21 мөнгийг хариуцагч Я.Б, Я.Э нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 260 279 төгрөгийн тавин хувь болох 130 140 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 130 139 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Я.Б, Я.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 130 140 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ