Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч Ж.А,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.ө овогт Ж-ы Б-д холбогдох 2013001510115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдөр БӨ аймгийн Баяннуур сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У.ө овогт Ж-ы Б, регистрийн дугаар БВ................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Г-ыг Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “Эхнэр болох Б.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи ууснаас болж гэмт хэрэг үйлдсэн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний бие өсвөр насны хүүхдүүдтэй. Тийм учраас эдгээр байдлыг харгалзаж, хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.”  гэв.

Эрүүгийн 2013001510115 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21-24/

“ 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө босож нөхөр Ж.Б хүүхдүүдийн хамт өглөөний цайгаа ууж дуусаад Ховд аймаг руу явах таксиний жолоочтой уулзана гэж хэлээд өглөөний 09 цагийн үед гэрээсээ гараад явсан юм. Тэрээр миний бие 3 хүүхдүүдийн хамт өдөржингөө гэртээ байсан ба учир нь орой 17 цагаас ээлжтэй байсан болохоор хүүхдүүдийн хоол ундыг нь хийж өгөөд байж байсан юм. Тэрээр өдөр 14 цагийн үед 3 хүүхдүүдийн хамт гэртээ байх үед нөхөр Ж.Б нь согтуу байдалтай гэртээ орж ирээд сууж байгаад архи авч өг гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь нөхөр Ж.Б зээлээр авч өг гэж хэлсэн. Би чадахгүй гэж хэлсэн чинь нөхөр Ж.Б босож ирээд намайг хөлөөрөө өшиглөсөн бөгөөд энэ үед нь би унахдаа хаалганы рамны ирмэгийг толгойгоороо мөргөсөн юм. Тухайн үед миний толгойноос цус гарч байхаар нь би цагдаа дуудлаа гэж хэлэх үед гараад яваад өгсөн юм. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Нөхөр Ж.Б миний нуруу хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд энэ үед миний бие унахдаа толгойгоороо хаалганы рамны ирмэгийг мөргөж миний толгой задарсан бололтой маш их цус гарсан юм.” гэх мэдүүлэг,      

3. Шүүгдэгч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 40-41/

“2020 оны 03 дугаар 31-ний өдөр өглөөний 11 цагийн үед Ховд аймаг руу явах гэж байсан тул Ховд аймаг руу явах таксиний жолоочтой уулзахаар гарсан юм. Тэрээр Ховд аймаг руу явах таксиний жолоочтой уулзаад тухайн өдрийн 15 цагаас явахаар болоод тохирсон юм. Тэрээр Ө сумын 3 дугаар багт миний танил болох Д, М нарын хамт Ерөөл нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архинаас 2 шилийг ууж дуусгаад 13 цагийн үед Ө сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ ирэхэд эхнэр Б.Г 3 хүүхдүүдийн хамт гэрт байсан юм. Миний бие эхнэр Б.Г-д хандаж надад 1 шил архи аваад өгөөч, Ховд аймагт байдаг найздаа хүргэж өгөх гэсэн юм гэж хэлэхэд эхнэр Б.Г надад мөнгө байхгүй архичин гэх мэтээр хэл амаар доромжилсон юм. Тэгээд өөрийн унтлагын өрөөний орон дээр сууж байгаад босож эхнэр Б.Г-ийг түлхчихсэн. Энэ үед Б.Г нь унахдаа унтлагын өрөөний хаалганы раамны ирмэгийг мөргөчихсөн бөгөөд түүний толгойноос цус гарч байсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Б.Г-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Б.Г-ыг санаатай цохиж зодоогүй, уур хүрээд түлхчихсэн юм. Би эхнэр Б.Г-аас уучлалт гуйсан, намайг архи уухаа болих юм бол уучилна гэж хэлсэн. Миний бие эхнэр Б.Г-д дахиж архи уухгүй гэж амлалт өгсөн юм.” гэх мэдүүлэг,

4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-26/

 “ 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед миний бие Ө сумын 3 дугаар багт байрлах гэртээ 2 хүүхдийн хамт байсан бөгөөд энэ үед миний төрсөн дүүгийн том охин болох Б.А манай гэрт гүйж орж ирээд аав Ж.Б ээж Б.Г-ы толгойг хагалчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би Б.А-тай хамт манай гэрийн доод талд байрлах хүргэн Ж.Б-ы гэрт ороход унтлагын өрөөний орон дээр Ж.Б сууж байсан. Түүний хажууд миний төрсөн дүү болох Б.Г нь зогсож байсан ба түүний толгойноос маш их хэмжээний цус гарсан толгойгоо дарчихсан зогсож байсан юм. Би өөрийн гар утсаараа Цагдаагийн газрын 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн бөгөөд энэ үед хүргэн дүү Ж.Б гараад яваад өгсөн юм. Намайг цагдаад дуудлага өгсний дараа дүү Б.Г надад болсон асуудлын талаар хэлсэн. Дүү Б.Г надад хэлэхдээ нөхөр Ж.Б согтуу орж ирээд надад архи авч өг гэж хэлсэн. Энэ үед би мөнгө байхгүй гэж хэлэх үед зээлээр авч өг гэж хэлэхэд нь чадахгүй гэж хэлсэн чинь өшиглөсөн ба тэрээр унахдаа хаалганы рам мөргөж толгойгоо хагалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

5. Насанд хүрээгүй гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 29/

“ ээж Б.Г 2 дүүгийн хамт гэртээ байж байх үед аав Ж.Б гаднаас согтуу орж ирээд ээжид архи авч өг гэж хэлсэн. Энэ үед ээж чадахгүй гэж хэлсэн юм. Тэрээр аав унтлагын өрөөний орон дээр сууж байсан юм. Тухайн үед ээж Б.Г унтлагын өрөө лүү ороод буцаад наашаа гарах гэхэд ээжийн ар талаас хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед ээж унасан ба унах үедээ толгойгоороо хаалганы рамны ирмэгийг мөргөж толгойноос нь цус гарсан юм. Тэрээр миний бие айгаад гэрээсээ гарч гүйгээд манай гэрийн дээд талд байрлах миний нагац эгч Б.Б-ийн гэрт очиход нагац эгч Б.Б 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд би аав, ээжийн толгойг хагалчихлаа гэж хэлсэн юм. Тэрээр нагац эгчтэй хамт буцаж гэртээ очиж цагдаа дуудсан. Энэ үед аав гараад явчихсан юм. Аав Ж.Б ээж Б.Г-ийг унтлагын өрөөнөөс гал тогооны өрөө лүү орох гэхэд ар талаас нь өшиглөсөн, аль хөлөөрөө өшиглөснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

6. Хохирогч Б.Г-ий эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн №167 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/

7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/503 дугаартай “Танай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29/1388 тоот албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Ж.Б /БВ.............../-ы нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд Ө сумын 3 дугаар багт байрлах 90 м.кв талбайтай, *********** улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн өмчлөгч, мөн тус багт байрлах 844 м.кв талбайтай, *********** улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /хх-ийн 43/

- БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3/21 дугаартай “Монгол Улсын иргэн,  БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багийн “Бөхөн уул” оршин суугч У.ө овогт Ж-ы Б нь 1987 онд төрсөн, БВ............... тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй иргэн болно. Ж.Б нь төлөв даруу зантай, урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 42/,

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БВ..............., овог:У.ө, эцэг/эх/-ийн нэр:Ж, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Б төрсөн огноо:1987-06-17, хаяг:БӨ , Б 3-р баг, Цагаан арал, хүчинтэй хугацаа:2032-06-17, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/,

- Шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-24/, шүүгдэгч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, насанд хүрээгүй гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29/, шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн №167 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Г-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн №167 дугаартай дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч Ж.Б-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Г нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгч Ж.Б нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460 000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Б нь баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Ж.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч У.ө овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-ыг 460 “дөрвөн зуун жар” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК