| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0343/И |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 07
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 157-03 тоотод байрлах “Тэсо” ХХК /утас 75756161, 99108686/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 64 дүгээр байрны 22 тоотод оршин суух Шилтэйд овогт Чулуунбатын Уранцэцэг /ЕЮ74011009, утас 91960600/-т холбогдох
“Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл, алданги нийт 12,865,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тесо” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ч.Уранцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Тесо” ХХК-тай №12SA-GH-HU гэрээт харилцагчийн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан манай компаниас Замын-Үүд рүү зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэрээт харилцагч нь сард 90,000,000 төгрөгний бараа бүтээгдэхүүн авч сар бүрийн эцэст бараа бүтээгдэхүүний төлбөрийг буцаан шилжүүлэх замаар төлбөр тооцоог хийх гэрээний үүргийг хүлээсэн байдаг. Ч.Уранцэцэг нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийт 69,600,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авсан бөгөөд тус төлбөрөөс 18,302,691 төгрөгийг өнөөдрийг болтол төлөлгүй манай компанид их хэмжээний хохирол учруулаад байна. Бид өр төлбөрийг төлүүлэх арга хэмжээг утсаар болон зардал гарган Замын-Үүдэд 3 удаа ирж тооцоог нэхэмжлэн мөн тооцоог нийлсэн актыг болон өр төлбөрийг барагдуулах баталгаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно. Ч.Уранцэцэг манай компаниас авсан барааг зарсан гэх түүний дүү Н.Ганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18,302,691 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-нд бүрэн төлнө гэсэн нотариатаар гэрчлүүлсэн баталгааг гаргаж өгсөн боловч төлбөрөөс 8,577,000 төгрөгийг шилжүүлэхгүй манай компанийн үйл ажиллагаанд их хэмжээний хохирол учруулаад байна. Иймээс Ч.Уранцэцэгээс үлдэгдэл төлбөр 18,302,691 төгрөг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын гэрээний 3.7 дахь хэсэгт заасан хоног тутам 0,5 хувийн алдангийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 261 хоногийн алданги 11,192,986 төгрөгнөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хөнгөлөлтийг хасаад үлдсэн дүн 4,288,500 төгрөг нийт 12,865,500 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхдуулал шүүхэд гаргасан тайлбартаа: “...12,865,500 төгрөгийг нэхэмжилсэн билээ. Шүүхийн шатны хугацаанд үндсэн төлбөрийг хариуцагч тал бүрэн төлөн талууд хоорондоо эвлэрэн 900,000 төгрөгийг барагдуулах болсон тул хялбаршуулан шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаяр шүүх хуралдаанд: “... Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бараа бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 8,577,000 төгрөгийг төлж барагдуулсан. “Тэсо” ХХК алданги 4,288,500 төгрөг нэхэмжилсэн ба бид хоорондоо харилцан эвлэрч 900,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэсо” ХХК нь хариуцагч Ч.Уранцэцэгээс зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 8,577,000, алданги 4,288,500 төгрөг нийт 12,865,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 8,577,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч байгууллага алданги 4,288,500 төгрөг нэхэмжилснээ бууруулж зохигчид 900,000 төгрөгөнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Тэсо” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 8,577,000 төгрөгийг хариуцагч Ч.Уранцэцэг төлж барагдуулсан ба зохигчид алданги 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Уранцэцэгээс 166,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэсо” ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ