Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 104

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Улсын яллагч А.Т,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А, Х.Т,

Шүүгдэгч М.М, М.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013000410088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын харьяат, И овогт М-ы М, 1989 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Н сумын 2 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар БЗ.................

2. Монгол Улсын харьяат, Ж.т овогт М-н Ж, 1982 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Н сумын 3-р багт оршин суух үндсэн хаягтай улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байаагүй, регистрийн дугаар БЗ....................

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М, М.Ж нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ихэр” гэх газраас бэлчээрт байсан иргэн С.М, А.Х, С.О, С.Ж, Х.Б нарын адуун сүргээс 5 тоонь адуу хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулж өгсөн.” гэв.

2. Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулж өгсөн.” гэв.

Эрүүгийн 2013000410088 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн хуудас/,

4. Н сумын 2 дугаар багийн шүүгдэгч М.М-аас хураан авсан 5 тооны адууны сүүл, адууны зарим мах,

5. Шүүгдэгч М.М-аас хураан авсан адууны мах, 5 тооны адууны сүүл зэрэг эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,

6. Тээврийн хэрэгсэл болон адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-30-р хуудас/,

7.Адууны мах хүлээлгэн өгсөн тэмдэлэл /4-р хуудас/,

8. Хохирогч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 49-54-р хуудас/

“....2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө адуун дотроос миний цагаан саарал зүсмийн зөв талын гуянд “Т" тамгатай 2 чихний араас ухмал имтэй 6 настай гүү, төрөл ах А.Х-ийн хар хул зүсмийн зөв гунд “Т” тамгатай 2 чихний араас ухмал имтэй 8 насны морь, С.О-ийн хээр зүсмийн зөв тал гуянд “Т” тамгатай нэмж “X” тамгатай, 2 чих нь цуулбар имтэй дөнөн морь, С.Ж-ийн хар хээр зүсмийн зөв талын гуянд “Т” тамгатай 2 чихний араас ухмал имтэй 6 настай гүү, Б.Б-ийн хар хээр зүсмийн зөв талын гуянд “Т” тамгатай 2 чихний араас ухмал имтэй 7 настай морь тус тус хулгайд алдагдсан гэх мэдүүлэг,

9. Хохирогч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 56-57-р хуудас/,

“...2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Б сумын Ихэр гэх газарт бэлчээрт байсан манай хамаатан дүү болох С.М-гийн адуун сүрэг дотор байсан миний нэг тооны адуу хулгайд алдсан...” гэх мэдүүлэг

10. Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 67-70-р хуудас/,

 “... Би С.М-гийн төрсөн ах нь байгаа юм. Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт манай ах, дүүгийн адуун сүрэг байдаг ба ерөнхийд нь манай дүү С.М хариулдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Б сумын Ихэр гэх газарт бэлчээрт байсан манай айлын адуун сүргээс 5 адуу хулгайд алдсан ба тэр 5 адууны хээр зүсмийн дөнөн морь миний морь байсан...” гэх мэдүүлэг,

11. Хохирогч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 61-63-р хуудас/

 "... С.М миний төрсөн ах байгаа юм. 2019 оны 12 дугара сарын 15-наас 16-нд шилжих шөнө Б сумын Ихэр гэх газарт бэлчээрт байсан адуун сүргээс хулгайд алдсан 5 адууны 6 насны хар хээр зүсмийн гүү миний гүү байсан...” гэх мэдүүлэг,

12. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 74-79-р хуудас/

“...2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Б сумын Ихэр гэх газарт бэлчээрт байсан адуун сүргээс хулгайд алдсан 5 адууны нэг нь буюу 7 насны хар хээр зүсмийн адуу миний адуу байсан.” гэх мэдүүлэг,

13. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 92-93-р хуудас/

“....2019 оны 12 дугаар сарын дундуур хадам дүү М.Б, М.М нар миний нөхөр М.Ж-ийн утас руу залгаж адуу нядлахад туслаадах гэж дуудсаны дагуу нөхөр бид хоёр өөрсдийн Мазда маркийн тээврийн хэрэгслээр БӨ аймгийн Н сумын Чихтэй багийн Саарал даваа гэх газарт өвөлжиж байсан М.М-ы гэрт очиход тэднийд М.М, түүний эхнэр Б.Т, М.С, М.Ж нар байсан. Тэд нар тухайн өдөр М.М-ы гэрт нийт 5 тооны адуу нядалж Б.Т бид хоёр тухайн адуунуудын гэдэс доторхыг цэвэрлэж өгсөн. Тус өдөр бид нар М.М-ы гэрт хонож маргааш өдөр нь манай машины хойд талын суудлыг урагшаа болгоод багажид 2 адууны махыг ачаад махны хажууд М.С-ыг суулгаад бид урьд суудалд суугаад нөхөр маань машин жолоодож аймгийн төвд ирсэн...гэх мэдүүлэг,

14. Гэрч М.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 90-91-р хуудас/

“... Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. 2019 оны буюу 12 дугаар сарын дундуур байх Н сумын Чихтэй багт оршин суудаг ах болох М.М-ы хонийг хэд хоног хариулж өгсөн юм. Тэр үед М.М нь З гэдэг хүний тэмээг авч ирнэ гэж морьтой явсан бөгөөд шөнө М.Ж-тэй Б сумын чиглэлээс 5 тооны адуу хулгайлан авч ирээд ууланд нэг газар нуугаад тавьсан байна лээ. Маргааш нь М.М-ы гэрт Алтанцөгц сумын чиглэлээс М.Ж мотоциклээр, аймгаас М.Ж-ийн эхнэр Б.Ж /хоч нэр нь С/ өөрсдийн машинаар, Н сумын Ховд багийн чиглэлээс М.Б мотоциклээр тус тус ирж шөнө бид нар М.М-ы амбаарт тухайн 5 тооны адууг нядалж, Б.Ж, М.М-ы эхнэр болох Б.Т нар гэдэс доторхыг цэвэрлэсэн юм. Маргааш өдөр нь М.Ж-ийн машины хойд талын суудлыг урагшаа болгоод багаажинд 2 адууны махыг ачаад, махны хажууд би суугаад, урд суудалд Б.Ж сууж, М.Ж машин жолоодоод аймгийн төвд ирсэн юм. Аймгийн төвд орж ирэх замдаа намайг гэртээ буулгасан бөгөөд дараа нь сонсоход М.Ж машинтай М.М-ы гэрт дахиж очоод үлдсэн 3 тооны адууны махыг авч ирсэн байна лээ. Миний харсан үзсэн зүйл энэ болно... “ гэх мэдүүлэг,

15. Б сумын ЗДТГ-ын МЭ-ийн улсын байцаагч Х.Ө-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт,

16. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 57/59 дугаар шийтгэх тогтоол, БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /158-166/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/417 дугаартай “М.Ж /БЗ............./, М.М /БЗ............/ нарын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 146/,

-  2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЗ........, овог:Ж.т, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:Ж, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Н , төрсөн огноо:1982/12/18, хаяг:БӨ , Н , 3-р баг, Ховд, хүчинтэй хугацаа:2027/12/18, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 148/,

-  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон “РД:Б*********, овог:И, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:М, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Н , төрсөн огноо:1989/02/11, хаяг:БӨ , Н , 2-р баг, Чихтэй, хүчинтэй хугацаа:2034/02/11, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 149/,

- БӨ аймгийн Н сумын 3-р багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/55 дугаартай “М овогтой Ж нь БЗ.......... тоот регистрийн дугаартай, 38 настай, ам бүл 5. Иргэн М.Ж- нь 2019 оны мал тооллогоор адуу 2, ямаа 10, бүгд 12 толгой мал тоолуулсан. М.Ж нь зан байдлаараа урд нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Архи тамхи хэрэглэдэг болох нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 150/,

- Шүүгдэгч  М.М нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155/,

- Шүүгдэгч  М.Ж нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна.

Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, малын ченж нар мал худалдан авахдаа малын гарал үүслийн бичгийг нарийн шалгаж нягталдаггүй, хямд үнээр хулгайн мал байж болох магадлал өндөр малыг худалдан авдаг байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн бичгийг хууль журмын дагуу олгодоггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч М.М, М.Ж нар нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг  ойлгодог юм.

Шүүгдэгч нар нь 5 тооны адуу хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нар нь хууль бусаар олсон эд зүйлийг өөрийн дураар захиран зарцуулж бусдад худалдан борлуулсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч М.М, М.Ж нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаарт нийтлэгдснээр мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар сарын 1 дэх хэсэгт байсан “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял...” гэснийг хассан байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.М, М.Ж нарын холбогдож байгаа дээрх хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн бөгөөд уг хуулиар зүйлчилвэл оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах тул прокуророос тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зүйлчлиж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нар нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.М, М.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.Ж нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч М.М нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамааруулаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан,  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, М.Ж нарын тус бүрт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Ногоооннуур сумын Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.М-, М.Ж- нарын хувийн бичиг баримт шилжиж ирээгүй байна.  

Шүүгдэгч М.М, М.Ж нар нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 31 хоног баривчлагдаж цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, М.Ж нарын баривчлагдаж, цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, эдлэх ялаас хасаж тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж, М.М нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан цэнхэр алаг зүсмийн болон хар зүсмийн нэг бүрийн үнэ 800000 төгрөгийн үнэтэй 2 тооны морийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн “Мазда демио” маркийн 4803 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М, М.Ж нарт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дах хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ж.т овогт М-н Ж, И овогт М-ы М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүлйийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, М.М нарын тус бүрийг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг БӨ аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газарт газар шорооны ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, М.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, М.Ж нарын баривчлагдаж, цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг 472 /дөрвөн зуун далан хоёр/ цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, М.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч М.Ж, М.М нар нь бусдад төлөх төлбөргүй, тэндээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Ж, М.М нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж, М.М нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан цэнхэр алаг зүсмийн болон хар зүсмийн нэг бүрийн үнэ 800000 төгрөгийн үнэтэй 2 тооны морьдийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн “Мазда демио” маркийн 4803 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч М.Ж, М.М нарт урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК