| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/058 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Хохирогч: П.Д
Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Дд холбогдох эрүүгийн 1914006400007 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Х.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Х.Д нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ю дайрч амь насыг хохироон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Х.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Санамсар болгоомжгүй үйлдлээс минь болоод ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Дахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Х.Дгийн мөдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөдөө гэрээсээ эхнэрийн хамт сумын клонкоос бензинээ авчихаад хөдөө гэр лүүгээ явах гээд дэлгүүр орж ойр зуурын юм аваад дэлгүүрээс гарч байтал найз Г.Базарсад таараад хөдөө явах гэж байгаа бол цуг явъя гэхээр нь би айлаас утасны таг авна тэрийг аваад цуг гаръя гээд би түрүүлээд эхнэрийн хамт өөрийн мотоциклоор хөдлөөд уруудаад гудамжны дундуур явж байтал зүүн талын гудамжны булангаас 3 хүүхэд гарч ирээд 2 жижиг хүүхэд нь хашааны хажуугаар хойшоо явсан, цуг явсан хамгийн том хүүхэд нь зам хөндлөн гарч гүйгээд баруун талын хашааны хажуугаар явж байгаад намайг ойртоод очтол гэнэт миний урдуур гүйж орж ирэхээр нь би тоормоз гишгээд хажуу тийшээ мотоцикльтойгоо унаад би босож ирэхэд миний мотоциклийн урд дугуйны хажууд хүүхэд байсан, хүүхэд ухаан алдсан байсан, би хүүхдийг азаад Г.Базарсадын мотоциклын араар суугаад эмнэлэг дээр ирээд эмнэлэгт хэвтүүлсэн, талийгаач хүүхэд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад маргааш буюу 2019 оны 09 дүгээр сарын 13-нд нас барсан. Хүүхдийг мотоциклын дугуй болон хамгаалалтын төмөр хэсгээр мөргөсөн, би тухайн үед мотоциклийн милийг хараагүй, багцаагаар 20 км цагийн хурдтай явсан. Миний хувьд гэмт хэрэг үйлдэж, бага насны хүүхдийн амь насыг хохироосондоо харамсаж байна, бүх хохирлыг нөхөн төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/
Хохирогч П.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би тухайн үед хөдөө байсан. Хавтаст хэрэгт болсон зүйлийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Х.Дгаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Оршуулгын зардалд 4.000.000 төгрөг авсан. Иймд шүүгдэгчид хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч П.Дийн мөрдөн байцаалтад өгсөн
... Талийгаач Д.Ю нь манай хамгийн том хүүхэд байгаа, тухайн осол болсон 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөдөө мал дээрээ байж байтал эхнэр хүүхэд осолд орчихлоо гэхээр нь сумын төвд ирэхэд охин ухаан ороод унтчихлаа гээд эхнэр байж байсан, намайг орсноос хойш удаагүй байж байгаад сэрээд надтай юм яриад байсан тэр шөнөдөө унтаж сэрээд байж байгаад өглөө нь аймгаас эмч нар ирээд хүүхдийн уушгинд шингэн байна гээд шингэнийг соруулж авна гээд шингэнийг соруулж аваад дахиж нэг соруулж авсны дараа бие нь муудаад нас барсан, миний охин энэ жил 9 настай, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид сурч байсан. Манай талийгаач охин ослын талаар надад бол ямар нэг зүйл хэлээгүй, зүүн хавирганы доод талаар өвдөөд байна гэж хэлж байсан. Талийгаач охин хичээлээсээ ирээд эгчийнхээсээ юм авчирна гээд явсан гэсэн, би тухайн үед хөдөө гэртээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-43/
Гэрч Н.Эрчулууны мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 12-нд Нэгдсэн эмнэлэгт Баян-Өндөр сумын эмнэлэгт мотоцикльд мөргүүлсэн хүүхэд байна, биеийн байдал маш хүнд ухаангүй байгаа, амьсгалын дутагдал, цээжний цус алдалттай байж магадгүй гэж дуудлага өгөгдсөн байсан, тэгээд гэмтлийн эмчээс зөвлөгөө авч цээжний хөндийд зүүн талд хатгалд хийж цус авсан гэж байсан. Аймгаас мэс заслын бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагт гарч 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим очоод хүүхдийн биед үзлэг хийхэд цээжээр өвдөнө, амьсгаадна, хэвлийн зүүн тал, цээжний зүүн талаар өвдөж байсан, өөрөөс нь болсон зүйлийн талаар асуухад мотоциклд мөргүүлсэн гэж хэлж байсан, ухаан санаа бүдгэрсэн, асуултад хариулна, орчиндоо харьцаатай, байрлал албадмал хэвтрийн, өндийж сууж, босож чадахгүй, 4-н мөч чөлөөтэй, арьс салст цэвэр, цонхигор цайвар өнгөтэй байсан. Уушги зүүн талдаа доогуур амьсгал сонсогдохгүй, дээд хэсэгтээ гуурсан хоолойн амьсгалтай, зүрхний авиа тод, хэм жигд, пүлс амьсгалын цохилтын тоо 126 захын цусан хангамж 90, амьсгалын тоо 28, хэвлий тайван зөөлөн, эмзэглэлгүй, элэг, дэлүү, тэмтрэгдэхгүй, булчин чангаралгүй, гялтан цочролын шинжгүй, захад хавангүй, давсагт гуурс тавьсан байдалтай байсан. Хэсэг газрын үзлэгт цээжний хэлбэр 2 талд ижил, зүүн талд хөхрөлт хавангүй, хавирганы хугарал гэхээр өөрчлөлт тэмтрэгдээгүй, тогшиход зүүн талдаа дүлий чимээтэй байсан, энэ үзлэгийг мэс заслын бүрэлдэхүүн хийсэн. Бүрэлдэхүүний эмч нарын зүгээс үзээд дараах оношийг тавьсан: Зүүн уушгины гэмтэл байж болзошгүй, цээжний хөндийн цус хуралттай, цус алдалтын дараах хүнд хэлбэрийн цус багадалттай, цус алдалтын шоктой байсан, тэгээд эмч нараас дараах шийдвэрийг гаргасан цээжний хөндийд ерөнхий унтуулгатай гуурс тавих, уг ажилбар нь амь насны заалтын шаардлагаар хийж буйг ар гэрт нь танилцуулсан, тэгээд уушги сэргэхгүй бол мэс засалд бэлтгэхээр төлөвлөнө гэж шийдвэрлээд унтлагын эмч ажилбарын өмнөх эмчилгээ болон хүүхдийн аав, ээжээс цус цусан бүтээгдэхүүн авах зөвшөөрөл мөн амь насны заалтыг танилцуулаад эмчилгээ хийгээд, цус цусан бүтээгдэхүүн бэлдэх, нөөцийг давхар бэлтгэсэн. Мэс ажилбарыг унтуулгатай цээжний зүүн талд суганы дунд шугамаар 7, 8 дугаар хавирганы завсраар 0.5 см зүслэг хийж, багажаар тэлэн, хавирганы завсраар тэлж цээжний хөндийд хатган нээхэд даралттай өтгөн хүрэн цус гарсан, уг шархаар цээжний хөндийд гуурс байрлуулан, оёж бэхлэн 400мл орчим цус аажим урсгаж авсан, чагналтаар зүүн уушги бага зэрэг сэргэлттэй, голтын хазайлт засарч байсан, иймээс зүүн уушгины шахалтыг арилгахын тулд давтан 500мл цус аажим урсгаж авч, гуурсыг хаагаад зүүн уушгийг чагнахад уушги нэлээд сэргэж, голтын хазайлт сайжирч тэгширсэн байж байгаад хүүхдийн царай, бүх бие цонхийж цайгаад, зүрхний цохилт бүдгэрч зогсохоор нь сэхээн амьдруулах арга хэмжээг 38 минут тасралтгүй өгөхөд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сэргэхгүй байсаар байгаад нас барсан юм. Үзлэгийн оношоор зүүн уушгины гэмтэл, цээжний хөндийн цус алдалд, цээжний хөндийн цус хуралт, цээжний зүүн талд хурсан цус хуралтаас зүрх баруун тийш шахагдаж, баруун уушгийг давхар шахсан байгаа цээжний зүүн талд хатгалт хийх үндсэн заалт буюу өөр эмчилгээ хийх боломжгүй байдаг, тухайн хатгалт нь амь насны заалт учраас ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авдаг юм, цээжний хөндийд их хэмжээний цус алдалттай, амьсгал, зүрх судасны дутагдал мөн цээжний хөндийн цус алдалтын дараах цус багадалт, цус багадалтын хүнд хэлбэр, цус алдалт болон даралт багадалтын шокийн 2-3 дугаар зэрэг нь амь насны заалт буюу цээжний хөндийд хатгалт хийхгүй бол амьсгал зүрх судасны дутагдал, цус алдалт, багадалтын шокоор нас бардаг, талийгаачийн нас барсан онош болохоор их хэмжээний цээжний хөндийд цус алдалтаас болж амьсгал зүрх судасны дутагдал, цус алдалд, цус алдалтын шок, цус багадалт, олон эрхтний цусан хангамжийн дутагдлаар нас барсан байх боломжтой, аймгаас очсон бүрэлдэхүүний хувьд байж болох тусламж үйлчилгээг, тухайн орон нутгийн нөхцөлд тохируулан үзүүлсэн болно... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 50 дугаар шинжээчийн
1. Тухайн зам тээврийн осол нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Х.Дгийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.
Үүнд : Явган зорчигч Д.Ю 2010 оны 08 дугаар сарын 21-ны өдөр төрсөн ба одоо 9 настай тул энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчдоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 27.2 а. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх.
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 105 дугаар шинжээчийн
1. Талийгаач Д.Юийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой байна
3. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно
4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ.
5. Талийгаачийн цус нь АВ (IV) бүлгийн харьяалалтай байна.
6. Талийгаач Д.Юд орон нутгийн нөхцөлд эмнэлгийн зохих тусламжийг үзүүлсэн байна… гэх дүгнэлт /хх-ийн 78-80/
Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19/07 дугаар шинжээчийн
1. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльд ерөнхий үзлэг хийхэд гинжний хамгаалалтгүй, түлшний бак нь зүүн талдаа цөмөрсөн байсан нь зам тээврийн осол болохоос өмнө бий болсон, тормос, жолоодлогын системийн ажиллагааг жолоодож замын хөдөлгөөнд оролцуулж шалгахад, урд болон хойд тормос, жолоодлого нь бүрэн ажиллагаатай, тормосны гэрлээс бусад урд болон ар талын гэрэлтүүлэх хэрэгслүүд, эргэх чиг заадаг гэрэл дохио нь бүрэн, харин урд дугуйн хээ нь их хэмжээгээр элэгдсэн байлаа. Мотоциклийн ерөнхий байдал, тормос, жолоодлогын механизмын ажиллагааг шалгасан байдлаас дүгнэхэд, зам тээврийн осол болох үед уг мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй болохыг тогтоов…гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 537 дугаар шинжээчийн
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн
1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3-р багт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ю нь мотоцикльд мөргүүлж, тухайн өдрөө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын эрүүл мэндиийн төвд хүргэгдэн ирж эмчлүүлэхэд тухайн үед хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилчид нь шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн оношлогоо,эмчилгээ хийн Нарийн мэргэжпийн эмч нарын багийг дуудан эмчилгээ хийлгүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Сум тосгоны эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа М1М55081:2013 стандарт мөн Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн болон сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж заавар журмуудыг мөрдөж ажилласан байна.
2. Тухайн үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс дуудагдаж очин Д.Юд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн оношлогоо эмчилгээ хийсэн Эмч эмнэлгийн ажилчид нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Сэхээн амьдруулах яаралтай тусламжын болон Мэдээгүйжүүлэг, унтуулгын мөн сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж заавар журмуудыг мөрдөж ажилласан байна.Цээжний хөндийд гуурс тавих мэс ажилбарыг амь насны заалтаар стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 102/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 01-03/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 15-16/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-31/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 105-111/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 45-48/, мэдээлэл гаргуулан авах тухай прокурорын тогтоол, баримт /хх-ийн 30-41/, шүүгдэгч Х.Дгийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хх-ийн 135/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 121/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 122/, депозит дансны хуулгууд /хх-ийн 124-129/, шүүгдэгч Х.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116/, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуулбар /хх-ийн 142-169/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Д нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ю дайрч амь насыг хохироон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Х.Дгийн,... би мотоциклоор хөдлөөд уруудаад гудамжны дундуур явж байтал зүүн талын гудамжны булангаас 3 хүүхэд гарч ирээд 2 жижиг хүүхэд нь хашааны хажуугаар хойшоо явсан, цуг явсан хамгийн том хүүхэд нь зам хөндлөн гарч гүйгээд баруун талын хашааны хажуугаар явж байгаад намайг ойртоод очтол гэнэт миний урдуур гүйж орж ирэхээр нь би тоормоз гишгээд хажуу тийшээ мотоцикльтойгоо унаад би босож ирэхэд миний мотоциклийн урд дугуйны хажууд хүүхэд байсан,…талийгаач хүүхэд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, хүүхдийг мотоциклийн дугуй болон хамгаалалтын төмөр хэсгээр мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/
Хохирогч П.Дийн... талийгаач охин ослын талаар надад бол ямар нэг зүйл хэлээгүй, зүүн хавирганы доод талаар өвдөөд байна гэж хэлж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 39-43/
Гэрч Н.Эрчулууны...талийгаачийн нас барсан онош болохоор их хэмжээний цээжний хөндийд цус алдалтаас болж амьсгал зүрх судасны дутагдал, цус алдалд, цус алдалтын шок, цус багадалт, олон эрхтний цусан хангамжийн дутагдлаар нас барсан байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 50 дугаар шинжээчийн...жолооч Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,... мөн хуулийн 3.76 тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ гэсэн заалтыг , .... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.76 тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн ба жолооч Х.Д нь А ангилалын жолоочийн эрхийн үнэмлэхгүй бөгөөд энэ нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоочийн ур чадвар дутах зэргээс шалтгаалан тухайн зам тээврийн осол анх гарсан байх үндэслэлтэй байна.
...Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Х.Д нь В ангилалын жолоочийн үнэмлэхтэй ба А ангилал тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.,... гэх дүгнэлт /хх-ийн 85/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 105 дугаар шинжээчийн ...талийгаач Д.Юийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо,…талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 78-80/
Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19/07 дугаар шинжээчийн....мотоциклийн ерөнхий байдал, тормос, жолоодлогын механизмын ажиллагааг шалгасан байдлаас дүгнэхэд, зам тээврийн осол болох үед уг мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй болохыг тогтоов…гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилчид нь шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн оношлогоо,эмчилгээ хийн Нарийн мэргэжпийн эмч нарын багийг дуудан эмчилгээ хийлгүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Сум тосгоны эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа М1М55081:2013 стандарт мөн Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн болон сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж заавар журмуудыг мөрдөж ажилласан байна...гэх дүгнэлт /хх-ийн 102-103/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шинжээчийн ... Талийгаачийн гавлын зүүн чамархай, зулай, дагз, суурь ясны баруун, зүүн урд хонхор, турк эмээлийн хугарал, их, бага тархины орой болон суурийн хэсгийг хамарсан тархмал аалзан хальсны доорх цус харвал, зүүн бөөрний эдийн няцрал, уушги, бөөр, хуйханд цус хуралт, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,..гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ … гэх дүгнэлт /хх-ийн 100-101/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Х.Дг автотээврийн хэргэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч П.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаачийн оршуулгын зардалд 4000000 төгрөг авсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлт, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М Х.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч Х.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч Х.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн ... улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ...битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Х.Дд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг хийсэн СиДи нэг ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Х.Дгийн 1027579 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Дг автотээврийн хэргэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.Д нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Д нь тэнссэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг хийсэн СиДи нэг ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Х.Дгийн 1027579 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн ... улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ...битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Х.Дд буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7 -д зааснаар шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА