Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 04

 

 

Зохигчдын  эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багт оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОМ74100608, Хольдог овогт Пүрэвийн Долгорын нэхэмжлэлтэй,  

          Хариуцагч: “Ариун шар бүрд” ХХК-д холбогдох,

        Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.564.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв. 

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч П.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын Дэнж хорооллын 6-7 тоотод оршин суудаг бөгөөд энэ хашаандаа 2012 оны 5 дугаар сард Жанчиг овогтой Отгоо захиралтай “Ариун шар бүрд” ХХК-аар 7*8 хэмжээтэй хувийн орон сууц бариулахаар тохирч 15.000.000 төгрөг өгч бариулсан. Гэтэл барилга барьж дуусаад хүлээж авахад 6*7 харьцаатай, хэмжээ дутуу барьсан байсан. Мөн байшиндаа орж амжаагүй байхад шал өргөх, обой хууларах, цонхны тавцан хөөж шавар нь унах, хаалга нь эвдрэх, үүдний амбаараар ус орох, гадна тоосго нурж унах зэрэг эвдрэл гарсан. Мөн цууралт үүсч пийшин халаагүйгээс болж байрандаа өвөлжих боломжгүй болсон учраас гэртээ өвөлжсөн. Тухайн үед засвар хийж өгөөч гэж Ж.Отгоод хэлж шаардлага тавихад за гэсэн хэдий ч одоо болтол засвар хийж өгөхгүй байна. Би өөрийн мөнгөөр уг байрандаа өнөөдрийн байдлаар 564.000 төгрөгийн засвар хийсэн. Үүнд: лист 240.000 төгрөг, гагнуур 200.000 төгрөг, дээврийн төмөр 24.000 төгрөг, банз 40.000 төгрөг, барилгын засвар 60.000 төгрөг, нийт 564.000 төгрөг болсон. Одоогийн байдлаар дахин хийх засвар байгаа тул ойрын хугацаанд хийх засварын 1.000.000 төгрөг, мөн өөрийн хөрөнгөөр засвар хийсэн 564.000 төгрөг, нийт 1.564.000 төгрөгийг “Ариун шар бүрд” ХХК-ийн захирал Ж.Отгоогоос гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-ийн захирал Ж.Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.Долгорын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 5 дугаар сарын эхээр миний найз Тогтохсайхан 8х7 хэмжээтэй барилгын тооцоо гаргуулж авсан бөгөөд тухайн барилгын материалын тооцоо нь 12.800.000 төгрөг болсон. Удалгүй найз маань гуйсны улмаас тухайн барилгын ажил эхэлсэн. Тухайн барилга нь 15.000.000 төгрөгийн төсөвт багтаагүй ба байшин барих үед цаг агаар маш муу салхи шуургатай байсан. Долгорын аав Пүрэв гуайтай гэрээ хийгээгүй учир ажилчдын цалин бусад зүйлээр хохирч үлдсэн. Ингээд барилгаа 2012 оны 5 дугаар сард Пүрэв гуайд хүлээлгэж өгсөн. Шал өргөх, обой хууларах, хаалга хөөх явц нь өөрсдийн буруу үйлдлээс болсон гэж үзэж байна. Зуслан гарахдаа байшингийн бүх цонх, салхивчаа хаагаад агааржуулалт оруулаагүйн улмаас тухайн байшинд маш их хэмжээний чийг хуримтлагдаж ийм зүйл болсон. 2012 оны намар манай 3 ажилтан очиж хөөсөн паркет болон обойг сольж, хаалгыг харуулдаж янзалж өгсөн. Өөрсдийнх нь хүсэлтээр ханан пийшин өрүүлсэн боловч хүлээж авах үед сайн халж байсан. Тэгээд ч барилгын тендерийн хуулиндаа барилга барьсан компани 3 жилийн дотор засвар үйлчилгээг хариуцдаг. Энэ барилгад ашиглалтад ороод 4 жил болж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Ж.Отгон нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Бид хоёр харилцан тохиролцож ярилцсаны үндсэн дээр хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-ийн захирал Ж.Отгон нь нэхэмжлэгч П.Долгорт 120.000 төгрөг өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч П.Долгор нь хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.564.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

       Шүүх хуралдаанд зохигчид нь эвлэрсэн болохоо илэрхийлж “хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-ийн захирал Ж.Отгон нь нэхэмжлэгч П.Долгорт 120.000 төгрөг өгөхөөр тохиролцов” гэх эвлэрлийн гэрээ ирүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

        Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

             Зохигчид нь эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж               хариуцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан байх тул хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-аас 120.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 2275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Долгорт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажид төлсөн 39975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-ийн захирал Ж.Отгон нь нэхэмжлэгч П.Долгорт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг өгөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч “Ариун шар бүрд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Долгорт олгож, 39975 /гучин есөн мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ