Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е

Улсын яллагч Х.Ө,

Иргэний нэхэмжлэгч Ж.А,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.д овогт С-ын А-д холбогдох 2013001380103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БӨ аймгийн Алтай сумд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Хотгор хүүхдийн цэцэрлэгт багш ажилтай, БӨ аймгийн Ө сумын 7 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И.д овогт С-ын А, регистрийн дугаар БА..............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.А нь өөрийнхөө Х банкны ***** тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын ********* тоот данснаас жирэмсний тэтгэмж болох 1884872 төгрөгийн гүйлгээ хийх явцад давхар таск бий болсноос /техникийн алдаа/ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж илүү орж ирсэн 1884872 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу 5 дахь өдөр миний дансанд мөнгө орж ирсэн. Надад 5 хоногийн дараа 2 удаа мөнгө шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тухайн өдөр хэлсэн байсан бол би буцааж өгөх байсан. Надад хугацаа олгох юм бол би мөнгийг нь төлж өгнө. Хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.

2. Иргэний нэхэмжлэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу 5 дахь өдөр 14 цаг 45 минутын үед 10 секунтын зайтай 2 удаа гүйлгээ хийгдэж, С.А-ийн дансанд мөнгө орсон байна. Тухайн мөчид техникийн алдаа гарсан байсан. Тухайн өдрийн маргааш нь амралтын өдөр байсан учраас хөдөө яваад ирсэн. Тэгээд 2 дахь өдөр ня-бог дуудаж, энэ асуудлын талаар хэлсэн. Тэгээд С.А-ийн утас руу холбогдож хэлэхэд үлдсэн мөнгийг өөр хүний данс руу шилжүүлсэн байгаа гэсэн. Би үлдсэн мөнгийг эргүүлээд шилжүүлээд өгчих, үлдсэн мөнгийг боломжтой үедээ надад төлж өгөөрэй гэж хэлсэн боловч надтай тохиролцоогүй. Иймд намайг хохиролгүй болгож уг хохирлын мөнгийг гаргуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2013001380103 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

3. Хохирогч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 23-25/

“...2020 оны 03 дугаар сарын 20-нд Нийгмийн даатгалын нягтлан Т.Б-ийн хамт нийгмийн даатгалын хэлтсийн ********* тоот данснаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах 12 хүний данс руу гүйлгээ хийх явцад харилцагч С.А-ийн ***** тоот данс руу 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянган найман зуун далан хоёр/ төгрөгийн тэтгэмж орох ёстойгоос тухайн үед техникийн алдаа гараад С.А-ийн ***** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 3769744 /гурван сая долоон зуун жаран есөн мянган долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсныг тухайн үед Т.Б бид хоёр мэдээгүй юм. Тэр үед би амарч байсан болохоор ажил дээр очиж гүйлгээ хийсэн харилцагч нарын дансны хуулгыг харахад нийгмийн даатгалын ********* тоот данснаас С.А-ийн ***** тоот данс руу 3769744 /гурван сая долоон зуун жаран есөн мянган долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсныг мэдээд тэр даруй С.А руу холбогдоход дансанд 3769744 /гурван сая долоон зуун жаран есөн мянган долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь үнэн, одоо эргүүлж төлөх мөнгөний боломж байхгүй. Тэр үед нь таны ***** тоот дансанд байсан мөнгө ********* тоот данс руу хийгдсэн байна гэж хэлэхэд тэр бол өөр мөнгө, миний тэтгэмжийн мөнгө биш гэдэг байр суурийг надад худал хэлж байсан. Эсвэл мөнгийг бэлэн болгочхоод надтай холбогдоорой гэдгийг хэлсэн боловч нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид нягтлан бодогч нарт очиж хэлсэн байсан. Та нар өөрсдөө андуурч хийсэн мөнгө, Х банкны ажилчдтайгаа хамт төлөөрэй гэдгийг тэр үед нийгмийн даатгалын нягтлан бодогч Т.Б таны авах тэтгэмж /лист/-ийн мөнгө 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянган найман зуун далан хоёр/ төгрөг бодогдсон тул та тэрнээс илүү мөнгө авах учиргүй, буцааж банканд олгох болно гэж хүртэл хэлсэн байхад тухайн андуурч техникийн алдаанаас үүдэлтэй шилжүүлгийн гүйлгээг хувьдаа завшиж, нөхрийнхөө данс, хадам аавынхаа данс руу хийж байгаа үйлдэл нь гэмт хэрэг болох байлгүй дээ. Би сүүлдээ аргаа бараад С.А-д танд мөнгөний боломж олдохгүй бол би таны мөнгийг гаргаад өгье, та талын гаргаад нийгмийн даатгалын данс руу буцаагаад хийчих үү, та мөнгөний боломжтой үедээ миний гаргасан мөнгийг надад буцаагаад өгчих үү гэж хүртэл гуйж үзлээ. Шинэхэн амаржсан болохоор миний даралт ихсээд бие өвдөөд байна, чи цагдаа, хуулийн байгууллагадаа хандаад надаас юу олох юм бэ гэж хэлсэн. Сүүлдээ бүүр тэдний эгч гэх хүн над руу залгаж чи хууль, шүүхийн байгууллагадаа хандаарай. Чи эхнэр нөхрийн хооронд хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн уур амьсгал эвдэж байна гэх мэтээр хэл амаар доромжлох боллоо. Миний гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шалгаж манай байгууллагын хохирлыг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

4. Гэрч И.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 27/

“... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ж.А над руу залгаж Нийгмийн даатгалын хэлтсийн данснаас гүйлгээ хийсэн листний мөнгө техникийн алдаанаас болж андуурч хийгдсэн байна гэж хэлсэн. Тэр үед хэний данс руу хэдэн төгрөг орсон талаар тодруулахад С.А-ийн данс руу 2 удаагийн гүйлгээ хийгдсэн байна энийг яах уу гэж асуухаар нь 03 дугаар сарын 25-ны өдөр харилцагч С.А-ийг банканд өөрийн биеэр ирүүлж болсон үйл явдал, данс руу нь техникийн алдаанаас болж төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн талаар учирлаж хэлэх үед миний данс руу орсон гүйлгээний мөнгийг бүгдийг нь зарцуулсан гэж хэлсэн. Ямар шалтгаанаар юунд зарцуулсан талаар асуухад гэрийн эд зүйлс, нүүрс түлээ, бусад зүйл авсан гэж хэлсэн. С.А-ийг би банк руу дуудаж уулзах үед манай байгууллагын мэргэжилтэн, ерөнхий нягтлан бид гурав наадах чинь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ шүү, захиран зарцуулах эрх танд одоогоор байхгүй гэж хэлсэн боловч ойлгоогүй.” гэх мэдүүлэг,

5.  Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 26/

“... 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х банканд өөрийн биеэр очиж хэд хэдэн байгууллага, хувь хүний жирэмсний болон амаржсаны тэтгэмжүүдийн мөнгийг нэхэмжилсэн данс руу банкаар дамжуулж шилжүүлэг хийлгэсэн юм. Тэр үед С.А-ийн тэтгэмжийг данс руу нь шилжүүлэг хийлгээд явсан. Тэр өдөр баасан гариг буюу 5 дахь өдөр байсан. Улмаар 03 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын данснаас шилжүүлсэн гүйлгээг хянаж боловсруулахдаа С.А-ийн данс руу тэтгэмжийн мөнгө нь 2 удаагийн гүйлгээгээр андуурч шилжсэн байсныг илрүүлж Х банкны ахлах теллерт нь мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй. Иргэн С.А-ийн ажилладаг байгууллага болох “Хотгор” хүүхдийн цэцэрлэгийн байгууллагаас нэхэмжилсэн дансанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг бодогдсон тул Х банкаар дамжин шилжүүлэг хийгдэх байтал тухайн үеийн техникийн алдаанаас болж 2 удаагийн гүйлгээ хийгдсэн байсныг С.А-д олгогдох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгөн дүнтэй тулгаж үзэхэд 2 удаагийн шилжүүлэг данс хооронд хийгдсэн нь яах аргагүй тогтоогдсон. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С.А нь надтай ирж уулзахдаа банкнаас над руу залгаад миний тэтгэмж техникийн алдаанаас болж 2 удаа орсон тул сүүлийн гүйлгээний мөнгийг буцаагаад өгөх шаардлагатай гэж хэлсэн.

;ар

 Энэ ямар учиртай юм бэ гэж надаас лавласан тэр үед таны жирэмсний амралтын тэтгэмж 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг орох байтал энэ мөнгөн дүнтэй шилжүүлэг манай байгууллагын данснаас 2 удаа хийгдсэн байсан талаар ойлгуулж, та төлбөр тооцооны алдаатай гүйлгээг буцааж банканд өгөх ёстой, та өөрийнхөө авах жирэмсний амралтын тэтгэмжийн хэмжээгээ ойролцоогоор мэдэж байгаа байлгүй дээ, тийм болохоор илүү орсон мөнгийг яг одоо банканд очиж тушаагаарай гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг,

 

6. Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 34-35/

“Манай эхнэр С.А-ийн ***** тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орон нутгийн цагаар 13 цаг 30 минутын орчимд миний ********* тоот данс руу 1500000 /нэг сая таван зуун / төгрөг, 1000000 /нэг сая/ төгрөгийг утга хэсэгт нь “Айка” гэж бичээд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж, гэр орондоо тавилга, эд зүйл, хоол хүнс, хүнээс зээлсэн мөнгө төгрөгөө өгч зарцуулсан. Манай эхнэрийн тэтгэмжийн мөнгө гэж ойлгоод над руу шилжүүлсэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхнэр С.А-ийн данснаас “Айка” гэсэн утгатай 500000 /таван зуун мянга/ төгрөгийг өглөөний 08 цагийн орчимд дахин шилжүүлсэн ба нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр манай эхнэрийн данснаас миний данс руу нийт 3000000 /гурван сая/ төгрөг орсон ба уг мөнгийг бүгдийг нь гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Харин миний дансанд орсон 3 сая төгрөгөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20-21 цагийн хооронд аав Хрисханы данс руу 1150000 /нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн шилжүүлгийг хөдөө байгаа аав, ээж хоёр мал зутрангуй байна малд өгөх хивэг бусад зүйл авах шаардлагатай, мөнгөтэй бол мөнгө шилжүүлээрэй гэж хэлэхээр шилжүүлсэн. Эхнэр С.А-ийн данс руу ямар ч мөнгө орж ирсэн над руу шилжүүлдэг. Тэгээд хамтдаа захиран зарцуулдаг юм. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг эхнэр надад хэлээгүй. Алдаатай гүйлгээг хувьдаа завшсан бидний буруу байх. Миний данс руу шилжүүлснээр бид гэр бүлийн хэрэгцээндээ захиран зарцуулсан.” гэх мэдүүлэг,

7. Гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 31-32, 33/

“... С.А нь “Хотгор” хүүхдийн цэцэрлэгт, цэцэрлэгийн үндсэн багш ажилтай, манай байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байгаа ажилтан юм. 2020 оны 01 дүгээр сараас хойш одоогоор жирэмсний /дикрит/ амралтанд байгаа. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.А-ийн жирэмсний амралтын мөнгө олгоход 1 сая 700000-гаад төгрөг бодогдсон байх. Үүнээс Нийгмийн даатгалын хэлтэс рүү хүргүүлдэг. Уг байгууллагаас жирэмсний амралтын тэтгэмжийн мөнгөнд өөрчлөлт оруулж болно. Одоогоор С.А-ийн жирэмсний амралтын тэтгэмж бодогдсон талаар баримтыг манай байгууллага аваагүй байна. Манай байгууллагаас ажилтан С.А-ийн ажилласан хоног, цалингийн тооцоог гаргаж өгдөг. С.А-д 3 сая гаруй мянган төгрөг тооцогдох учиргүй. Банкны алдаатай гүйлгээнээс болж, илүү мөнгө нийгмийн даатгалын данснаас С.А-ийн данс руу шилжсэн байх. ...С.А надад 5 дугаар сарын цаингаа урьдчилж авах талаар санал, хүсэлт болон амаар мэдэгдэж байгаагүй." гэх мэдүүлэг

8. Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 39-40/

“... Би Хотгор хүүхдийн цэцэрлэгт ажилладаг ба 2020 оны 01 дүгээр сараас эхлэн жирэмсний амралтаа авсан ю/ 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр миний жирэмсний амралтын тэтгэмжийн мөнгө ***** тоот дансанд Х банкаар дамжиж лист хотгор гэсэн утгатай 1,884,872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянган найман зуун далан хоёр/ төгрөг миний данс руу орсон талаарх гүйлгээний мэдээлэл миний 95919017 дугаартай- утсанд мессежээр ирсэн. Харин 1-3 минутын дотор дахин 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянган найман зуун далан хоёр/ төгрөгийн мөнгөн дүнтэй гүйлгээ миний данс руу орсон гүйлгээний мэдээлэл ирсэн тэгээд би гайхаад цаанаас олгож байгаа мөнгө юм байх гэж бодсон. Тэгээд 5 өдрийн дараа Х банкнаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Х банкны ажилтан Ж.А гэж хүн ******* дугаараас залгаж таны ***** тоот дансанд тэтгэмжийн мөнгө техникийн алдаанаас болж 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянга найман зуун далан хоёр/ мөнгөн дүнтэй гүйлгээ 2 удаа орсон байна. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ орсон тул алдаатай гүйлгээний мөнгийг таны данснаас буцааж суутгах байтал таны дансанд ямар ч мөнгө байхгүй байна. Та мөнгө хийгээрэй гэхээр би нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн, ня-бо Т.Б-тэй 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд уулзаж тодруулахад та төлбөр тооцооны алдаатай гүйлгээг захиран зарцуулсан байна, одоо буцааж төлөх шаардлагатай, жирэмсний амралтын тэтгэмжийн мөнгийг ямар хэмжээтэй авахаа барагцаагаар мэдэж байгаа байлгүй дээ, 2 удаа нэг утгатай гүйлгээ хийгдээд байхад мэдмээр юм аа гэж хэлсэн. Өөр надад тайлбар хэлээгүй. Би тэтгэмжийн мөнгийг орсон даруйд өөрийнхөө нөхөр Х.Т-ийн данс руу 1 сая 500 мянга, дахин 1 сая төгрөг шилжүүлсэн нийт 2500000 /хоёр сая таван зуу/ төргөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөн нөхрийнхөө данс руу 500000 /таван зуун мянга/ төгрөг шилжүүлээд өөрийнхөө данснаас нийтдээ 3000000 /гурван сая/ төгрөгийг шилжүүлээд уг мөнгийг өөрийнхөө данснаас гаргасан үнэн. Тэгээд би банкны ажилтанд зарцуулсан мөнгөө төлж барагдуулахаа илэрхийлсэн.” гэх мэдүүлэг,

9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

 - БӨ аймгийн Ө сумын “Хотгор” багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар “С овогтой А нь Хотгор хүүхдийн цэцэрлэгт үндсэн багш ажилтай, тус цэцэрлэгт 3 дахь жилдээ ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-ийн 45/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/465 дугаартай “С.А- /БА............./-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 47/,

-  2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БА............., овог:И.д, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:А, яс үндэс:Буриад, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Алтай, төрсөн огноо:1993/03/23, хаяг:БӨ , Алтай, 1-р баг, Хар нуур, хүчинтэй хугацаа:2018/03/23, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/,

- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 49/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.А нь өөрийнхөө Х банкны ***** тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын ********* тоот данснаас жирэмсний тэтгэмж болох 1884872 төгрөгийн гүйлгээ хийх явцад давхар таск бий болсноос /техникийн алдаа/ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж илүү орж ирсэн 1884872 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-25, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч И.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 33/, шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн 2 удаа хийгдсэн төлбөр тооцооны гүйлгээний баримт, С.А-ийн ***** тоот дансны 2020 оны 03 дугаар сарын 20-21-ний хоорондох депозит дансны хуулга, К.Т-ийн ********* дугаартай дансны 2020 оны 03 дугаар сарын 20-21-ний хоорондох депозит дансны хуулга зэргээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч С.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ж.А-д 1884872 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хохирлоо төлөөгүй тул шүүгдэгч С.А-ээс 1884872 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.А-д олгох нь зүйтэй байна.  Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.А-иийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болно.

Шүүгдэгч С.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч И.д овогт С-ын А-ийг Төлбөр тооцоооны алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-ийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.А-ээс 1884872 /нэг сая найман зуун наян дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийн гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК