| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00877/И |
| Дугаар | 07 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 07
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО56011077, Борлууд овогт Луваагийн Магсаржавын,
Б.Оюунчимэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Магсаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1956 онд төрсөн. Би 1980 онд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Батнасангийн Оюунчимэгтэй гэр бүл болсон. Энэ хугацаанд 1982 оноос 1995 он хүртэл хугацаанд 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо бүгд эрүүл саруул амьдарч байна. Анх гэр бүл болоод гэрлэлтийн баталгаа хийлгээгүй байж байтал 2016 онд эхнэр Б.Оюунчимэг нас барсан юм. Миний хүү Цогт-Очир төрөлхийн сэтгэл мэдрэлийн өвчтэй асаргаанд байдаг. Эхнэр маань нас барсан тул хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэхэд эхнэр бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй учир нотолгоо баримтгүй гээд тэтгэвэр тогтоолгож боломжгүй болоод байна. Иймд Магсаржав, Оюунчимэг бидний хамт 36 жил гэр бүл болон амьдарч байсныг хүүхдүүдийн бичиг баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн тогтоож тогтоож өгнө үү. Б.Оюунчимэг бид хоёрыг хамтын амьдралтай байсныг сайн мэдэх айл хошой амьдарч байсан Ш.Басанжав, Ч.Ядамцоо нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Магсаржав нь Д.Оюунчимэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/991 дүгээр тодорхойлолтод: “Луваа овогтой Магсаржав, Батнасан овогтой Оюунчимэг нар нь Увс аймгийн Тэс суманд 1980 онд гэрлэсэн гэх бөгөөд Тэс сумын 1979-1985 оны гэрлэлтийн бүртгэлээс шүүж үзэхэд гэрлэлтийн бүртгэл олдоогүй болно” гэжээ.
Б.Оюунчимэгийн нас барсны бүртгэлийн 147342 дугаар гэрчилгээний хуулбарт: “Батнасангийн Оюунчимэг нь 54 настайдаа 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өвчнөөр нас барсныг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нас барсны бүртгэлийн 24-рт бүртгэж, гэрчилгээ олгов” гэжээ.
Түүнчлэн Л.Магсаржав, Б.Оюунчимэг нарын хүүхдүүд болох М.Ганболд, М.Сэргэлэн, М.Цогт-Очир, М.Отгонбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбарт: “Төрүүлсэн эцэг, эх Луваа овогтой Магсаржав, Батнасан овогтой Оюунчимэг” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Басанжав, Ч.Ядамцоо нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ш.Басанжавын “Л.Магсаржав нь манай нөхрийн төрсөн дүү бөгөөд гэр бүлтэй болохоосоо өмнө Увс аймгийн Тэс суманд манайхтай хамт ээжийндээ айл хошой амьдарч байсан. Л.Магсаржав нь 1980 онд Зүүнговь сумын харьяат Б.Оюунчимэгтэй гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгөн Тэс сумандаа амьдарч байсан. Л.Магсаржав, Б.Оюунчимэг нар нь 40-өөд жил хамт амьдарсан ба тэднийг гэрлэлтээ батлуулсан байх гэж бодож байсан. Б.Оюунчимэг нь 2016 оны 8 дугаар сард даралт харвасны улмаас нас барсан. Л.Магсаржав, Б.Оюунчимэг нарын 3 хүүхэд нь гэр бүл болон тусдаа гарсан ба одоо Л.Магсаржав нь 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ядамцоогийн “Л.Магсаржавын гэр манайх 2 айл хошой Тэс суманд амьдардаг байсан. Л.Магсаржав нь надаас 6, 7-н ах бөгөөд Л.Магсаржав нь 1980 онд Зүүнговь сумын харьяат Батнасангийн Оюунчимэгтэй гэр бүл болж байсан. Л.Магсаржав, Б.Оюунчимэг нар нь 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тухайн үед тэд нарыг гэрлэлтээ батлуулаад хуримаа хийсэн байх гэж бодож байсан. Саяхан буюу 2016 оны намар Б.Оюунчимэг нь өвчний умаас нас барсан гэж ах дүү нараасаа сонссон. Одоо ч манай аавынх Тэс сумын 10 дугаар багт Л.Магсаржавынхтай айл хошой амьдарч байгаа” гэх мэдүүлгийг тус тус шүүхэд өгчээ.
Нэхэмжлэгч Л.Магсаржав, Б.Оюунчимэг нарын гэрлэлт бүртгэгдээгүй болох нь Улсын бүртглийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/991 дүгээр тодорхойлолтоор нотлогдож байна.
Батнасангийн Оюунчимэг нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн 147342 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л.Магсаржавын шүүхэд гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/991 дүгээр тодорхойлолт, Б.Оюунчимэгийн нас барсны бүртгэлийн 147342 дугаар гэрчилгээний хуулбар, М.Ганболд, М.Сэргэлэн, М.Цогт-Очир, М.Отгонбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч Ш.Басанжав, Ч.Ядамцоо нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 1956 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ОО56011077, Борлууд овогт Луваагийн Магсаржавыг 1962 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, Борлууд овогт Батнасангийн Оюунчимэгтэй 1980 оноос 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1956 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ОО56011077, Борлууд овогт Луваагийн Магсаржавыг 1962 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, Борлууд овогт Батнасангийн Оюунчимэгтэй 1980 оноос 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Магсаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ