Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 738

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, 

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн 2006000000762 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Г.С,

Шүүгдэгч Г.С нь Чех улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Доос Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5075196920 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэг Г.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нөхөн төлсөн”  гэв.

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 32/,

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Яллагдагч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Хохирогч Д.Дын 574000209 дугаартай дансны хуулга /хх-ийн 5/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.С нь Чех улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Доос Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5075196920 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан болох нь

Хохирогч Д.Дын: “...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Сг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй

 

 

бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Сг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Сд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.