| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 222/2017/0006/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.С№ |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 06
Т.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: С.Бат-Очир,
Прокурор: С.Сугар нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Т.Н-д холбогдох эрүүгийн 1730000040024 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат суманд 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжил, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 702500 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан гэх Т.Н,
Т.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нар” дэлгүүрт 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө нэвтрэн орж 270000 төгрөг бэлнээр, архи 3 шил, 2.5 литрийн пиво 1 ширхэг, шпрот загасны консерв 4 ширхэг, хятад асаагуур 24 ширхэг, ууттай кофе 30 ширхэг, сахлын татуурга 4 ширхэг, I phone маркийн гар утас 1 ширхэг, “mentos” бохь 3 боодол, шил арчигч шингэн 1 ширхэг, үүргэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 480100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тус аймгийн Прокурорын газраас Т.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т.Н-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.А-т 366.000 төгрөг, бусад эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд ... хорих ял оногдуулахгүйгээр ... тэнсэж болохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” болохыг тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Т.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Тухайлбал: Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдож, энэ зүйл, хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тусгажээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан ... хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ... хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг баримтлан Т.Н-д хорих ял оногдуулахгүйгээр, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Тиймээс энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэлээ.
Мөн шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах шаардлагыг хангаагүй учраас нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч Т.Н-д холбогдох эрүүгийн 1730000040024 дугаартай хэргийг тус шүүхэд буцаасугай.
2. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
С.ОЮУНТУНГАЛАГ