Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 03

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн С.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 17-34 тоотод оршин суух, иргэн Ө.Н-ийн “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч С.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ С овогтой Э нь 2015 оны 02-р сарын 02 өдөр дээрх ажил албанд үүрэг гүйцэтгэгчээр анх орж, 2015 оны 11-р сард төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, 2015 оны 12-р сарын 28 -ны өдөр жинхлэн ажиллаж эхэлсэн билээ. Ажилд орсон өдрөөс халагдах хүртэлх хугацаанд С.Э нь өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу гүйцэтгэж ирсэн болно. Ингээд С.Э-ыг ажпаас халсан үндэслэл нь хууль бус, халсан шалтгаанууд нь дээрх ажил албан тушаалын эрхлэх чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар байсан тул С.Э-ыг халсан СЗД-ын захирамжийг хүчингүй болгуулахаар доорх тайлбарыг гарган хүргүүлж байна.

        Увс аймгийн Баруунтуруун сумын ЗД-ын 2017 оны 11-р сарын 06 өдрийн Б/10 тоот захирамж нь:

       1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэхь заалт ТЖАХ-г халах үндэслэлд удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн заалт нь С.Э-ны ажпаа хийж байсан байдалтай нийцэхгүй байна. Учир нь С.Э ажпын гүйцэтгэлийн талаар Төсөвт байгууллагын дарга эрхлэгч болон ажилтнууд, иргэдээс тайлбар судалгааг аваагүй байдаг. Дээрх хугацаанд С.Э ажил үүргээ хэвийн хэмжээнд хангалттай биелүүлж явсныг он онд хийгдэж байсан ажпын тайлан, сумын ажил аймагт хэрхэн үнэлэгдэж байр эзэлж байсан, СЗД-с ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн тул олгож байсан цалингийн урамшууллын санхүүгийн баримтуудаар нотлогдох болно. Өөрөөр хэлбэл С.Э сургалт уулзалт хуралд оролцох албан ажпаар явахаас өөрөөр ажпын цаг таслах, ажпын цаг хийдүүлэх зэргээр албан үүргээ биелүүлээгүй өдөр байхгүй бөгөөд ёс суртахууны хувьд архи тамхи хэрэглэх, ард иргэдтэй зүй бус харьцах, ажил албандаа хүнд суртал, чирэгдэл гаргаж байгаагүй юм. Иймд дээрх заалтаар С.Э-ыг ажпаас халсан нь хууль бус үндэслэл гэж үзэж байна.

        2.Дээрх захирамж нь мөн хуулийн 26-р дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэсэн байна. Энэ заалт ёсоор С.Э-нд төрийн албанд 1 жил эргэж орохгүй байх сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн байна. Энд С.Э-нд хариуцлага тооцож ажлаас халсан дээрээ сахилгын шийтгэлийг давхардуулан тооцсон нь хууль бус гэж үзэж байна. Энэ нь мөн хуулийн 26-р зүйлийн 26.5 дахь заалттай зөрчилдөхөөр байна. Мөн С.Э-ны гаргасан гэх зөрчил нь хэзээ, хэрхэн, ямар зөрчил юм гэдгээс шалтгаалан захирамж нь 26 -р зүйлийн 26.4 -г ч зөрчсөн гэж үзэх боломжтой.

        3.Дараагийн үндэслэсэн заалт бол Төсвийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.2 дахь заалт. Энэ заалт нь хэдийгээр урьд нь байсан байж болох хэдий ч хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон буюу одоо энэ хуулинд 70.2 гэдэг заалт байхгүй. /www.legalinfo.mn. Төсвийн тухай хууль. 70-р зүйл харна уу?/

     4.Мөн Увс аймгийн Дотоод Аудитын хорооны 2017 оны 06-р сарын 08 өдрийн 06- р тогтоолыг үндэслэсэн байдаг. С.Э-ны хувьд ийм хороо гэж байдаггүй хэлтэс байх гэж үзээд ажил хүлээлцэх үедээ дээрх тогтоолыг ажлын хэсгийн ахлагчаас өгөхийг хүссэн ч өгөөгүй тул танилцаж амжаагүй. Тэгээд ч хэлтэс газраас гаргасан ажил шалгасан тухай акт, шийдвэрүүд нь тухайн ажил болон ажилтны ёс зүйн хэм хэмжээ хуулийн хүрээнд байсан эсэхийг шалган тогтоогоод ажил сайжруулах үүгийг өгч албажуулж ирүүлсэн албан бичиг болохоос ажилтныг халахад үндэслэх эрх зүйн баримт бичиг болж чадахгүй, боломжгүй буюу хууль зүйн чадамжтай албан бичиг биш гэж үзэж байна. Ийм үндэслэлүүдээр дээрх захирамж нь С.Э-ны хэзээ ч гаргаж байгаагүй, нотлогдоогүй зөрчилдөө хуулийн тохирохгүй зүйл заалтыг С.Э-нд зориуд хамаатуулах гэж оролдсон, нэгэнт хариуцлага тооцсон дээрээ сахилгын шийтгэлийг давхардуулсан, хуулинд байхгүй заалт хэрэглэсэн, эрх зүйн чадамжгүй баримт бичиг үндэслэсэн гэж үзэн хууль бус шийдвэр, мөн хууль бус хүчингүй захирамж гэж үзэж байна. Мөн ажпаас халах шийдвэрийг 14 хоногийн өмнө чөлөө авахаар ороход амаар хэлсэн ба Захиргааны ерөнхий хууль бусад хуулийн дагуу холбогдох сонсох уулзалтыг \сонсгол\ албан ёсоор хийгээгүй гэж үзэж байна.

        Уг захирамжид дээрх хууль зүйн үндэслэлүүдээс гадна шалтаг, шалтгаануудыг дурдсан байдаг

     а\ 2016 оны Аймгийн ЗД-ын СЗД-тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт ирүүлээгүй гэсэн байдаг. Үүнд: Энэхүү гэрээ нь хэдийгээр СЗД -тай байгуулдаг боловч суманд ирэхээрээ ЗДТГ, Төсөвт бүх байгууллагуудыг бүгдийг нь хамарсан хийж хэрэгжүүлэх ажил ,үүрэг даалгавар болж хувирдаг. Энэ тайланг тухайн үед \2016 оны 12 сар\ Иргэний танхимын ажилтан дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Э.Соёлмаа хэмээх ажилтантай хамтран гаргасан хэдий ч явуулалгүй хугацаа хожимдуулсан буруутай үйлдэлдээ С.Э хариуцлагаа хүлээж болно. Гэхдээ явуулах тухай ярихад \хугацаанаас 2-4 хоног л өнгөрсөн байх\ авахгүй гэсэн хариулт өгсөн. Үүнийг зориуд аваагүй гэж боддог. Бүхэл бүтэн сумын жилийн ажпыг ул суурьтай, үнэн бодитой дүгнэе гэж бодсон бол нэхээд авч болох л байсан, ингэж авдаг, бас болдог тохиолдол сүүлд нь бусад мэргэжилтний ажил дээр харагдаж л байсан.Тэгэхээр С.Э-тай холбоотой учраас ажлыг нь муутгах, муу харагдуулах шалтгаан байгаа учраас ингэж байна гэх хардлага төрж байсан нь харагддаг юм.

       б\ Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууц хамгаалах журам зөрчсөн гэх шалтаг бичсэн байдаг. Энэ нь С.Э-ыг дөнгөж ажлаа аваад удаагүй байх үед \ 2015 оны 02 сард\ тухайн үеийн Сөрөх тагнуулын албаны суман дахь ажилтан нууцын бичиг баримттай танилцах гэхэд нь үндсэн бичиг баримтаас өөр бичиг баримт шалгуулсан бөгөөд \ нэгд тэр хүнийг С.Э танихгүй байсан, хоёрт ажил албаа албан ёсоор нотлох бичиг баримт үзүүлээгүй тул\ ийм учраас ямар ч нууцын холбогдолтой баримт үзэж чадаагүй болохоор нууцын бичиг баримт шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байх гэж үзэж байна. Дээрх шалгалтын мөрөөр албан бичиг ирсэн бөгөөд албан бичгийн дагуу шалгасан уг ажилтнаас үүрэг чиглэл авч хамтран тодорхой ажлуудыг хийж сайжруулсан болно.

       Жишээлбэл: Бүх бүртгэлийн дэвтрийг сольж, холбогдох журам, ерөнхийлөгчийн зарлигт нийцүүлэн, нууцын файлан мэдээлэл хадгалах зөөврийн хард авч нууцын материалыг комьютерт хадгалахаа больсон, ашигладаг комьютерийг нууц үгтэй болгосон г.м Тэгээд ч уг албан бичиг нь 2015 онд ирээд тодорхой ажил зохиогоод холбогдох хариуцлага тооцох, тооцуулахаар албан бичиг явуулсан талууд зөвшилцөн тооцох шаардлагагүй болж 1 жилийн хугацаанд алдаа дутагдал давтагдаагүй тул хэрэгсэхгүй болсон албан бичгийг үндэслэсэн байна. Ер нь энэ бүх шалтгаануудын талаар үзүүлэх албан бичиг одоогийн СЗД -д байгаа \ угаасаа халахын тулд баримт их цуглуулсан санхүүгийн албаны даргаар хүртэл худал хэлүүлж албан бичиг хийлгүүлж хавсаргасан байсан\ боловч та бүхэн хугацаа хийгээд эрх зүйн чадамжтай эсэх, ажилтныг ажлаас халах үндэслэл болох эсэхэд хяналт тавихыг хичээнгүйлэн хүсье.

       в\Дараа нь Байгаль хамгаалах сан, Мал хамгаалах сангуудад хяналт тавиагүй гэх шалтаг байна. Тус ажпын байрны ажил үүргийн чиглэлд сангуудад хяналт тавих ямарч боломж байхгүй. Төсвийн шууд захирагчийн хувьд зөвхөн өөрийн захиран зарцуулах төсөвтөө л хяналт тавих боломжтой, бас хуулийн заалттай. Тэгээд ч сан нь хариуцсан тодорхой ажилтантай, ашиглах ,хэрэглэх , тайлагнах журамтай энэ ч утгаараа хариуцсан ажилтан нь СЗД-д ажлаа танилцуулан, хийж хэрэгжүүлэн, тайлагнаж, хийсэн ажлынхаа хариуцлагыг хүлээгээд явдаг. Гаргаж буй санхүүжилт нь шууд СЗД зөвшөөрч Санхүүгийн албаны даргаар дамжин хийгддэг гүйлгээ тул миний хувьд хянах ч боломжгүй гүйлгээ юм. Тэгэхээр энэ шалтгаан С.Э-ыг халах шалтгаан болох үндэслэлгүй юм.

        г\ Төсвийн гадуур өр үүсгэсэн гэсэн шалтгаан байна. Төсвийн байгууллага бүр улс орон санхүүгийн хувьд хүнд, хэмнэлтийн горимд ажиллаж байгаа өнөө үед зарим нэг зардлууд дээр төсөв угаасаа хүрдэггүй. Тэдгээр нь санхүүгийн тайлан дээр байгаа тул харж болох байх. Шалтгааныг нь ажил хариуцсан санхүүгийн мэргэжилтэн хэлэх биз. С.Э-ны хувьд орж ирсэн санхүүжилтээ л тус тусын нэхэмжпэлийн дагуу шилжүүлж гарын үсэг зурахаас хэд ирэх ёстой, хэд ирсэнийг нь тухайн үеийн холбогдох санхүүгийн мэргэжилтнүүд тайлбарлаад өгөх байхаа. Гадуур өр гэдэг бас л төсөв хүрэлцэхгүй болохоор саван вок авсан ч үе байгаа бас дарга нарын ам тушаалаар угтах үдэхтэй холбоотой мөн бүсчилж хийгддэг янз бүрийн уулзалт цуглаанд хэрэглэсэн эд материалын өр ч хүртэл байгаа байх. Ахмад настны болон хүүхэд хамгаалалын чиглэлийн хуулиуд, Байгууллагын дотоод журамд заачихсан зарим заалтуудыг хэрэгжүүлэх шаардлагаар бий болсон өр ч бий. С.Э-ны хувьд хувьдаа ашигласан ямар ч эд материал байхгүй.

      д\ Дараагийн шалтгаан хамт олон байгууллагын удирдлагыг хангалтгœй хэрэгжүүлж байгаа. Мэдээж аливаа ажпыг хариуцах чиг үүргийн дагуу ажилтнуудад хувиарлан хийлгүүлэх төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах нь С.Э-ны үүрэг хэдий ч С.Э-аас шалтгаалахгүй санхүүгийн болон цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөгөөр ажил саатах удаашрах тохиолдол нэг биш удаа гардаг. Ер нь ажил хариуцсан ямарч хүнд гардаг байх гэж би бодож байна.

        Дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байгаа болно.

         Дээрх тайлбарыг хүлээн авч танилцан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгож, С.Э-ыг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н тус шүүхэд “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь хуульд харшлаагүй байна.

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

      Ийнхүү хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулаад  үүсэх үр дагаврыг хэргийн ороцогчдод танилцуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн С.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н-аас ирүүлсэн “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн С.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох 124/2018/0002/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ОЮУНГЭРЭЛ