Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00338

 

           “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар магадлалтай,

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“У” ХХК-д холбогдох,

Төлбөр, алданги 31.500.000 төгрөг гаргуулах үндсэн,

хохиролд 38.250.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн төлөөлөгч Б.Бээжин, өмгөөлөгч Д.Оюунчимэг,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани  нь хариуцагчид 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нийт 30.115.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдсан бөгөөд үнийн 30 хувь буюу 9.115.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 70 хувь буюу 21.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцож 17 тоот гэрээг байгуулсан. Худалдан авагч нь гэрээнд заасан 30 хувьтай тэнцэх төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд “У” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10.500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан Спрут Экстра 1350 л, Форвард 45 л, Лорнет 40 литрийг авсан. Форвардыг  50 га газарт цацсан боловч мөлхөө хиаг устаагүй.  Ш ХХК-ны Ургамал хамгааллын шинэ бодисын жагсаалт, Арвин ургацын төлөө хамтдаа зэрэг гарын авлагад дээрх хорны талаар тодорхой тусгасан байсан тул харж байгаад авсан. Мөлхөө хиаг ургаж байгаа тохиолдолд тарьмал ургамал ургадаггүй. Ургац 100 хувь алдсан. Иймд Спрут Экстра 1350 л, Лорнет 40 литрийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Спрут Экстраг цацсан боловч огт үйлчлэл үзүүлээгүй талаар утсаар хэлсэн. Буцаах боломжгүй гэсэн тул найз нөхдөдөө өгөөд дуусгасан. Спрут Экстра 1350 л, Лорнет 40 литрийн үнэ 27.585.000 төгрөгөөс урьдчилгаанд 9.115.000 төгрөгийг хасч үлдэх 18.470.000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Форвард хорыг 50 га-д цацсан боловч мөлхөө хиаг устаагүй ургац алдсан. Олон жилийн дунджаас үзэхэд 1 га-гаас 10 цн ургац авч байсан тул тухайн үеийн дундаж үнэ 850.000 төгрөгөөр үржүүлэхэд 42.500.000 төгрөг болж байсан. Үүн дээр хорны үнэ 2.430.000 төгрөг нийт 44.930.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл цугларсан нотлох баримтад тухайн үеийн дундаж хэмжээ 1 га-д 9 цн гэдэг нь тогтоогдож байгаа тул хорны үнэ ороод нийт 38.250.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хорыг  2015 оны 5 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгсөн. Техникийн зааварчилга өгсөн. Ургамлын хорын талаар ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй тул доголдол байсан гэж үзэхгүй. Форвард хорноос болж ургац алдсан нь тогтоогдохгүй, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У ХХК-иас 31.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, 38.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас 315.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар магадлалаар:  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У ХХК-аас 21.355.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, 10.144.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 35.820.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас 264.727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ш ХХК-аас 53.830 төгрөг гаргуулж хариуцагчид олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, хариуцагчид буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155 тоот магадлалыг зөвшөөрөхгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодитой байх талаас нь үнэлэлгүй шийдвэр гаргаж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн. Гэрээнд оролцогч талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж “Ш" ХХК нь гэрээнд заасан тоо, хэмжээнд таарсан ургамал хамгааллын бодисыг “У” ХХК-нд нийлүүлсэн бөгөөд гэрээ байгуулснаас хойш шүүхэд хандах хүртэл “У” ХХК-аас ургамал хамгааллын бодисын чанар, үйлчлэлийн талаар ямар нэг гомдол санал гаргаагүй хэрнээ шүүх маргааныг хянан шийдвэрлэх явцад ургамал хамгааллын бодисын үйлчлэлийн талаар маргасан нь үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагч нь гомдол гаргах боломжит хугацаа байсан нь ч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч “У” ХХК-ийн 21.000.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь болох 105.000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 381 хоногоор тооцож 40.005.000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 10.500.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасаар байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6.499.500 төгрөгийн алдангийг хассанаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасантай холбон тайлбарлахдаа МКЭ хорны үйлчлэх байдлаас тариа ургаагүй гэсэн дүгнэлтийг үндэслэл болгосон нь холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 932 тоот шийдвэрт өөрчлөлт оруулсан Дархан Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “У” ХХК-иас 31.500.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа худалдсан бодисын үлдэгдэл төлбөр 21.000.000 төгрөг, алданги 10.500.000 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, улмаар хохиролд 38.250.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 30.115.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис болох Спрут экстра 1350 л, Форвард 45 л, Лорнет 40 литрийг тус тус нийлүүлэх, хариуцагч  урьдчилгаанд 9.115.000 төгрөгийг төлж, үлдэх 21.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 5-7 дугаар тал/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүйгээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч худалдан авсан бодисын үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй шалтгаанаа худалдан авсан форвард хор шаардлага хангаагүйгээс мөлхөө хиаг устаагүй... гэсэн тайлбар гаргаж, татгалзлаа нотолж,  2015 оны ургац тогтоолтын ажлын хэсгийн дүгнэлт, Зэлтэр хүрхрээ хоршооны тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлжээ /хэргийн 39-40 дүгээр тал/.

Дээрх баримтад “...форвард хорыг зааврын дагуу цацсан боловч мөхөө хиаг үхээгүйгээс ургац 10 хувь алдах шалтгаан болсон...” талаар дүгнэсэн, нэхэмжлэгч уг баримтыг  үгүйсгэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үнэлж, “...форвард нь шаардлага хангаагүй...” тул хариуцагчаас уг бодисын үнэ 2.430.000 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзсэнийг  буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасан. Хариуцагч  худалдан авсан бусад бодисын үнийн үлдэгдэл  18.570.000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй, энэ тохиолдолд гэрээнд зааснаар алданги төлөх үүрэгтэй боловч давж заалдах шатны шүүх ургац алдсан нөхцөл байдлын харгалзан алдангийн зарим хэсгийг хасч,  нэхэмжлэлээс 21.355.500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч магадлалын тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй нь хууль хэрэглээний алдаа болсноос гадна магадлалд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буруу бичжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.6...” гэсний дараа “232.8, 219 дүгээр зүйлийн 219.1...” гэснийг нэмж, “35.820.00” гэснийг “38.250.000” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 177.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ