| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00879/И |
| Дугаар | 08 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 08
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ67022861, Хольдог овогт Харнүдэнгийн Орлогын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Орлого, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Орлого шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1967 онд төрсөн, 49 настай. Би Увс аймгийн Тариалан суманд 1986 оноос эхлэн илгээлтээр хоньчноор ажиллаж эхэлсэн ба 1989 оны 12 дугаар сар хүртэл хонь маллаж ажиллаж амьдарч байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оноос 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Г.Нямжав, Ц.Намсрай нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Орлого нь 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Харнүдэнгийн Орлогын 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Намсрай, Г.Нямжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Намсрай “Миний бие нь 1981 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд няраваар ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад Х.Орлого нь 1986 оноос Туяа нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан юм. Х.Орлого нь голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Пүрэвээ, Баатар, Цэндсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Г.Нямжав “Миний бие нь 1973 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад Х.Орлого нь 1986 оноос Туяа нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан. Х.Орлого нь голдуу хонь маллаж байсан. Тухайн үед Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Маамуу гэх хүн ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Х.Орлого нь 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Намсрай, Г.Нямжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Орлогын хүсэлтийг хангаж, түүний 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 4 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хольдог овогт Харнүдэнгийн Орлогын 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар 4 /дөрөв/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Орлогын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ