| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0148/Э |
| Дугаар | 750 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 750
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч П.Ө, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Нямсүрэн
хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал /эрүүгийн хариуцлагын хуралдаанд оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, П.Ө нарт холбогдох эрүүгийн 1906 05331 0084 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Н,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн П.Ө,
Шүүгдэгч П.Ө, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны хашаан дотор иргэн Б.Гтэй маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрт дундаасаа 970.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирол төлөхөөр завсарлага авч хохирогчид 513.000 төгрөгийг дундаасаа төлсөн” гэв.
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрт дундаасаа 970.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирол төлөхөөр завсарлага авч хохирогчид 513.000 төгрөгийг дундаасаа төлсөн” гэв.
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “......” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10540 тоот дүгнэлтэд:
1. Б.Гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн мөр, баруун тохойн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49, 57/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48, 54/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 53/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч П.Ө, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны хашаан дотор иргэн Б.Гтэй маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Гийн: “...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Н, П.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Ө, Б.Н нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь хохирогч Б.Гт нийт 1.483.000 төгрөгийг төлж барагдуулсан бө хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь хохирогчийн урьд БНСУ-д хийлгэсэн хагалгааны зардлыг нэхэмжилсэн ба шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж үзсэн тул шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Харин хохирогч Б.Г нь цаашид өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардал буюу гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч П.Ө, Б.Н нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч П.Ө, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэдгээрийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь тэднийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Н, П.Ө нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгй ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас П.Ө, Б.Н нарыг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Ө, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Ө, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.