| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0072/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2036000000062 дугаартай, 178/2020/0072/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Акума “ автомашин засварын газарт засвар үйлчилгээ хийлгэхээр өгсөн иргэн Ц.*******ын өмчлөлийн ******* ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс нүүрсэн янданг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ц.*******од 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч Шарынхан овогт Цовоогийн *******ын / 1989 оны 5 сарын 10-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,Ховд аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Акума авто засварын газарт өөрийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай, Приус-20 маркийн машинаа аваачиж үзүүлсэн. Бек гэх засварчин залуу миний машиныг үзээд “ засаж болно, урьдчилгаа өгөөд машинаа үлдээгээд яв, 7 хоногийн дараа бэлэн болно” гэхээр нь урьдчилгаа 400000 төгрөг төлөөд машинаа үлдээгээд явсан.2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр засварын газарт ирээд үлдсэн мөнгөө төлөөд машинаа авч болно гэхээр машиндаа орж суугаад асаатал миний машин яндангүй юм шиг том дуу гарч ассан.Тэгээд машинаа засварын газраас гаргатал хянах самбар дээр нь АВС тормозны гэрэл асахаар нь гайхаад Бекэд хэлэхэд “ би сайн мэдэхгүй байна, маргааш өглөө засварт үзүүлж байгаад шийдье” гэсэн. Би машинаа дулаан грашид тавьж хонуулчихаад өглөө нь ирээд Бектэй хамт Сод засварын газарт үзүүлэхэд засварчин нь “ таны машины нүүрсэн яндан байхгүй байна” гэсэн.Орой болчихсон байсан тул гэртээ амарчихаад өглөө нь Бектэй уулзахад “ таны машины нүүрсэн янданг авсан хүнийг оллоо” гэсэн. Тэдний засварын газар ажилладаг ******* авсан байсан тул би уулзахад “ би таны машины нүүрсэн янданг авсан, янзлаад өгнө” гэхээр нь итгээд явсан. 2 хоног хайж байгаад нэг засварчингаас сэлбэг авахаар боллоо гээд маргааш нь сэлбэгээ авч машинаа янзлах гээд *******ы утсанд залгахад утсаа авахгүй тэр өдрөөс хойш надаас зугтаад байхаар нь цагдаад хандсан.Миний машины нүүрсэн янданг авснаас болж тормозны АВС аппарад шатсан...гэх мэдүүлэг / хэргийн 4-5-р хуудас/
Эд зүйл хураан авсан... бараан өнгийн цилиндр хэлбэртэй эд зүйлийг хураан авав. Хохирогчийн мэдүүлснээр Приус-20 маркийн автомашины цаасан яндан ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 16-17-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн.... ******* ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаас хулгайлсан гэх нүүрсэн янданд үзлэг хийхэд 10.5 см-ийн өндөртэй, 10 см-ийн диаметртэй, шавар мэт зүйлээр хийсэн, харавтар өнгийн эд зүйл байв... гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 18-20-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 21-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн...Приус-20 маркийн автомашины нүүрсэн яндан 1 ширхэг-800000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 26-р хуудас/
Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн... Би Акума авто засварын газарт засварчнаар түр ажиллаж байхад засвар хийлгэхээр ******* ХОҮ улсын дугаартай Приус-20 автомашин ирсэн. 2020 оны 01 сарын 26-ны өдөр ажил тараад засварчид явсан хойгуур уг машины нүүрсэн янданг тайлж авсан.Машины нүүрсэн янданг 200000 төгрөгөөр авна гэсэн зар байхаар нь би уг янданг тайлж авсан.Би тухайн үед мэдэхгүй байх гэж бодсон...гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Акума” авто засварын газарт түр засварчнаар ажиллаж байх хугацаандаа “машины нүүрсэн янданг 200000 төгрөгөөр авна “ гэх зарыг хараад зарах зорилгоор 2020 оны 01 сарын 26-ны орой ажил тарсны дараа хүнгүй байх үед уг засварын газарт засуулахаар ирсэн ******* ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины нүүрсэн янданг тайлж авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.******* бусдын эзэмшлийн автомашинаас нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч Х.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.*******ы бусдын эзэмшлийн авто машинаас нүүрсэн янданг нь авсан үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.*******ын... Х.******* нь миний машины эд зүйлийг буцаан өгч намайг хохиролгүй болгосон тул нэхэмжлэх зүйлгүй.../хх-33/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 47-р/ тогтоогдож байна
Шүүгдэгч Х.*******ы хувийн байдлын талаар гэрч Г.Эрхэмбаярын өгсөн...Х.******* нь 2012 оноос хойш авто машин засах ажил хийж байгаа.Аав, ээж эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хэргийн 9-р хуудас/,
Гэрч М.*******гийн өгсөн...Х.******* бид хоёр 2008 онд Политехник коллежид ороод танилцсан.Х.*******ы аав нь хүнд өвчтэй, ээж нь даралт ихтэй бие муутай хүмүүс байдаг. Эхнэр 1 хүүхэдтэй, тусдаа гараагүй.Олон жил авто засварын ажил хийж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Х.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Х.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******ыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form