| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00872/И |
| Дугаар | 09 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 09
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОБ59100519, Цудаа овогт Цэдэнбалын Цогбадрахын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цагаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цагаанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1959 онд төрсөн, 57 настай. Би 1973 оны 6 дугаар сараас Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1978 оноос 1981 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжүүлэн Бадрал нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэртээ тамга даруулж чадаагүй байтал нэгдэл тарсан. Иймд миний 1973 оноос 1990 оны хооронд Бадрал нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан П.Рааш, П.Эрдэнэ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цогбадрах нь 1973 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цэдэнбалын Цогбадрахын 1974 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал, 1975 оны 10 дугаар сараас 1978 оны 5 дугаар сарыг дуустал 1981 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн захиргаанаас Ц.Цогбадрахад 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт : “1981 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд Бадрал нэгдэлд ажилласан хоног, авсан цалин хөлс бичигджээ”.
Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуулиас 7, 8 дугаар анги төгсөж мал аж ахуй дээр гарч ажиллах илгээлтийн эздийн 1973 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хуваарьт: “...6-д Цэдэнбалын Цогбадрах, 7 дугаар анги, хоньчин, 1 дүгээр бригад” гэжээ.
Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр “Малчинд шавь оруулах тухай” тогтоолд: “...1 дүгээр бригадын ахмад малчин Батхуягт Ц.Цогбадрахыг шавь оруулахаар баталсугай” гэжээ.
Түүнчлэн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар “Урамшил шагнал олгох тухай” тогтоолд: “...Ц.Цогбадрахад 10 төгрөгийн урамшил шагнал олгохоор тогтоов” гэжээ.
Бөхмөрөн сумын Намын үүр, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1984-1987 онуудад Ц.Цогбадрахыг шагнаж байсан диплом, аваргын диплом, “Хоньчин” мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн 380125 дугаартай цэргийн батлахын хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Рааш, П.Эрдэнэ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Рааш “Миний бие нь 1972 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, Бадрал ХК-д малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажилд орсны дараа Ц.Цогбадрах нь Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Бадрал нэгдэлд малчнаар ажиллах болсон. Миний бие нь Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад, Ц.Цогбадрах нь 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Цогбадрахын аав Цэдэнбал нь нэгдлийн тэргүүний малчны нэг байсан ба Ц.Цогбадрах нь аавынхаа хойч үеийг залгамжлан авсан нэр төртэй сайн малчин байсан. Ц.Цогбадрах нь Бадрал нэгдэлд ажиллаж байгаад цэргийн алба хаасан ба цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэлдээ мал маллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Дүгэржав, Орших, Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч П.Эрдэнэ “Миний бие нь 1963 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, Бадрал ХК-д бригадын дарга, агент, нярав зэргээр ажиллаж байсан. Ц.Цогбадрах нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллах болсон. Ц.Цогбадрах нь аав, ээжийнхээ хамт нэгдэлд мал маллаж байсан ба тусдаа гарч гэр бүлтэй болсны дараа ч Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Цогбадрах нь сайн малчин байсан төдийгүй нэгдэл тарах хүртэл Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Дүгэржав, Орших, Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.
Ц.Цогбадрахад Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн захиргаанаас 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний 1973 оноос 1978 оны хооронд ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдээгүй, бичилт дутуу боловч нэхэмжлэгч нь 1973 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн болох нь Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуулиас 7, 8 дугаар анги төгсөж мал аж ахуй дээр гарч ажиллах илгээлтийн эздийн хуваарь, Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр “Малчинд шавь оруулах тухай” тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Цогбадрах нь 1973 оны 6 дугаар сарын 14-нөөс 1978 оны 5 дугаар сарыг дуустал, 1981 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн захиргаанаас түүнд 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуулиас 7, 8 дугаар анги төгсөж мал аж ахуй дээр гарч ажиллах илгээлтийн эздийн 1973 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хуваарь, Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр “Малчинд шавь оруулах тухай” тогтоол, Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар “Урамшил шагнал олгох тухай” тогтоол, Бөхмөрөн сумын Намын үүр, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1984-1987 онуудад түүнийг шагнаж байсан диплом, аваргын диплом, “Хоньчин” мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, 380125 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч П.Рааш, П.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Цогбадрахын хүсэлтийг хангаж, түүний 1973 оны 6 дугаар сарын 14-нөөс 1978 оны 5 дугаар сарыг дуустал, 1981 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар 13 жил 2 сар 16 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Цудаа овогт Цэдэнбалын Цогбадрахын 1973 оны 6 дугаар сарын 14-нөөс 1978 оны 5 дугаар сарыг дуустал, 1981 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар 13 /арван гурав/ жил 2 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Цогбадрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ