| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00830/И |
| Дугаар | 10 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 10
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС64092208, Шарилж овогт Гэндэнгийн Батлянхын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Батлянх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 52 настай. Ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэр үед ажиллаж байсан үеийн нэгдлийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас хаана хандаж ажилласан жилээ баталгаажуулахаа мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ингээд архиваас ажилласан жилээ шүүлгэдэг гэдгийг мэдээд архивт хандаж тэр үед ажиллаж байсан цалингийн баримтаа шүүлгэж авсан юм. Иймд тухайн үед надтай хамт ажиллаж байсан О.Чимэддорж, Б.Мягмар-Очир нарыг гэрчээр асууж, миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Батлянх нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Гэндэнгийн Батлянхын 1980 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч О.Чимэддорж, Б.Мягмар-Очир нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч О.Чимэддорж “Миний бие нь 1981 оноос 1994 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон Шинэс ХХК-д оосорлогч, тракторын жолоочоор ажиллаж байсан. Г.Батлянх бид хоёр Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд Г.Батлянх нь илгээлтээр Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, миний бие нь Модны үйлдвэрт оосорлогчоор ажиллах болсон. Анх Г.Батлянх нь аав, ээжийнхээ хамт нэгдэлд мал маллаж байсан ба надтай гэр бүл болсны дараа ч Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Г.Батлянх нь нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар Хоожин, Хүрэлхүү, Болдбаатар гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Мягмар-Очир “Миний бие нь 1981 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилд ороход Г.Батлянх нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Г.Батлянх нь аав, ээжийнхээ хамт нэгдэлд мал маллаж байсан ба гэр бүл болсны дараа ч нөхөр Чимдээгийн хамт Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Г.Батлянх нь нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 296 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Батлянх нь 1980 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч О.Чимэддорж, Б.Мягмар-Очир нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Батлянхын хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 9 /ес/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шарилж овогт Гэндэнгийн Батлянхын 1980 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 9 /ес/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Батлянхын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ